Хүүхдийг Ивээх Сан Сүхбаатар аймагт зудын эрсдэлийг даван туулахад 125,000,000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

Сүхбаатар аймаг, Монгол Улс (2024 оны 3 дугаар сарын 4) Хүүхдийг Ивээх Сан Сүхбаатар аймгийн зудад өртсөн малчин өрх болон хүүхдүүдэд 125 сая төгрөгийн хүмүүнлэгийн багц тусламж үзүүлэв. Тусламжийн багцийг Сүхбаатар аймгийн удирдлагууд болон малчдын төлөөлөл гардаж авлаа. Хүмүүнлэгийн тусламжийн төслийн хүрээнд тус аймгийн Халзан, Түвшинширээ, Уулбаян сумын зудад өртсөн  180 малчин өрх тус бүрт 500,000 төгрөгийн мөнгөн тусламж, Онцгой байдлын газарт зудын эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд нь зориулж, тээврийн хэрэгслийн түлш авах 17,440,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг болон 5,000,000 төгрөгийн Брижстөүн маркийн автомашины 10 ширхэг даацын дугуй өгөв. Мөн Сүхбаатар аймгийн нийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын багш нарт “Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүй” сэдэвт сургалт зохион байгуулав. Энэхүү сургалт дотуур байрын ажилтнуудад гамшгийн үед хүүхдүүдэд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх ур чадвар эзэмшүүлэх зорилготой юм.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай тусламж гардуулах үеэр “Сүхбаатар аймагт нийт 125 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж байна. Энэ тусламж малчдын амьдрал ахуйг дэмжих, зудын эрсдэлийг давж туулахад нь тус дэм болно хэмээн найдаж байна” гэж хэлэв.

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат гамшгийн үед нэн хэрэгцээтэй тусламж үзүүлсэн Хүүхдийг Ивээх Санд талархал илэрхийлээд “Одоо дараагийн асуудал бол үрэгдсэн малынхаа сэг зэмийг цэвэрлэх, халдварт өвчнөөс сэргийлэх ажлууд байгаа. Үүн дээр анхаарч ажиллана” гэлээ.

                                 

Мөнгөн тусламж авсан Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4-р багын малчин Д.Мяасүрэн “Миний хувьд энэ өвөл урьд өмнө үзээгүй, сүүлийн 60 жил тохиогоогүй хүнд өвөл боллоо. Манайх ам бүл наймуулаа, 300 гаруй малаасаа 100 орчмыг нь зудаас авч үлдлээ. Хүмүүнлэгийн тусламжаар ирсэн мөнгөн тусламж бидэнд их нэмэр болж байна. Малдаа тэжээл, гэр бүлдээ хоол хүнс болон бусад хэрэгцээтэй зүйлсээ авна” гэж сэтгэгдлээ хуваалцав.

Хүүхдийг Ивээх Сан Өвөрхангай, Увс, Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгуудад хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төслийг Их Британийн Старт сан, Олон улсын Хүүхдийг Ивээх Сангийн хүмүүнлэгийн сан, Японы Хүүхдийг Ивээх Сан нийт 295,000 ам.доллараар санхүүжүүлж байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Хүүхдийг Ивээх Сангийн Нөлөөлөл, хэвлэл мэдээллийн менежер М.Хулан

Утас: 329365, 329371

И-мэйл:khulan.munkh-erdene@savethechildren.org