“Хамтдаа” сошиал медиа нөлөөллийн аян давхардсан тоогоор 3.107.326 хүнд хүрчээ

Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн хүрээнд “Хамтдаа” сошиал медиа нөлөөллийн аяныг 2024 оны 1-р сарын 29-нөөс 2 дугаар сарын 20-ны хооронд явуулав. Энэхүү аян нь тэгш хамруулах боловсролын талаар эцэг эх, олон нийт, сургуулийн ажилтнуудын мэдлэг, ойлголтыг сайжруулах, тэгш хамруулах соёлыг сурталчлах, төслийн үр дүн, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой байлаа. “Хамтдаа” нөлөөллийн аяны хүрээнд видео, зурагт постер, амжилтын түүхүүд, reel видео болон хэлэлцүүлгүүд, зэрэг олон төрлийн бүтээлүүд цувралаар гаргаж, олон нийтэд хүргэлээ.

                       

Эдгээрээс заримыг нь онцолбол, Д.Амарсанаа хүүгийн “Бусдад аз жаргал бэлэглэнэ гэдэг хамгийн том бэлэг” видео нийт 824.030 хүнд, харин Б.Ариунбилэг охины “Гэр бүл хайраар дүүрэн бол амьдрал итгэлээр дүүрэн” видео нийт 745.243  хүнд хүрчээ. Мөн нийслэлийн 37-р сургуулийн “Сэтгэлээ зориулсан жижигхэн үйлдэл ч хэн нэгэнд аз жаргал бэлэглэдэг” постер нийт 138.328 хүнд хүрсэн бол нийслэлийн 79-р сургуулийн багш Б.Бадамгаравын амжилтын түүхийг 85.706 хүн уншиж, бусадтай хуваалцжээ. “Хамтдаа” сошиал медиа нөлөөллийн аян Фейсбүүкэд 3.107.326 болон Инстаграмд 4061 хандалт авсан байна.

Тус нөлөөллийн аяны бүтээлүүд Японы Хүүхдийг Ивээх Сангийн цахим сүлжээгээр цацагдахаас гадна Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын ерөнхий газрын цахим хуудсаар цацагдсан нь онцлог байв. Түүнчлэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсандаа видео бүтээлүүдийг байршуулснаар илүү олон хүнд хүрлээ.

“Хамтдаа” сошиал медиа нөлөөллийн аяны үр дүнг хэмжих зорилготой, контентуудын хүртээмжийг тодорхойлж үнэлэх, мэдлэгийг тодорхойлж үнэлэх, хандах хандлагыг тодорхойлж үнэлэх зорилтоор  судалгаа явуулав. Судалгаагаар гарсан үр дүнгүүдээс хуваалцвал “Тэгш хамруулан сургах боловсрол гэж юуг хэлэх вэ?” асуултад багш нарын 92% нь “Бүх хүүхдэд хамт суралцах боломжийг бүрдүүлж, хүүхэд бүрийн хэрэгцээнд тохирсон боловсролын үйлчилгээг үзүүлэх” гэсэн оновчтой хариултыг сонгосон байна. Өмнөх 2021 онд хийгдсэн үр дүнгийн судалгааны үзүүлэлтэй харьцуулахад төслийн үйл ажиллагаа жил ирэх тусам өгөөжөө өгч багш нарын ойлголт сайжирсаар байгааг илэрхийлж байна. Багш нараас “Хамтдаа” нөлөөллийн аянаас мэдээлэл авч байсан уу?” асуултад “Мэдээлэл авч байсан” гэсэн хариултыг хамгийн олон буюу 67% нь бөглөсөн бол 26% нь “Сонсож байсан” гэсэн хариултыг сонгосон. 5% нь “Сайн санахгүй байна” 2% нь “Огт мэдэхгүй” гэсэн хариултыг бөглөсөн байна.