Увс, Завхан, Өвөрхангай, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн зудад өртсөн малчин өрхүүдэд тусламж үзүүллээ

(Монгол Улс, Улаанбаатар хот, 2024 оны 3 дугаар сарын 12) Онцгой байдлын газрын мэдээллээр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 80 хувь нь зудтай, 21 аймгийн 251 сум, нийслэлийн 4 дүүрэгт хаваржилт хүндрээд байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 3,9 сая мал хорогдсон дүн мэдээлэл гарчээ.

Хүүхдийг Ивээх Сангаас Увс, Завхан, Өвөрхангай, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн зудад өртсөн малчин өрхүүдэд туслах хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж байна. Тусламжийн төсөл Увс, Завхан, Өвөрхангай, Говь-Алтай аймагт 2024 оны 2 дугаар сарын 16-22-нд хэрэгжиж, Увс аймгийн Хяргас, Малчин, Сагил сумын 210 малчин өрх, Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Нөмрөг сумын 210 малчин өрх, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Баян-Уул, Хөхморьт сумын 210 малчин өрх, Өвөрхангай аймгийн Хужирт, Гучин-Ус, Богд сумын 180 малчин өрх тус бүрд 160 кг хорголжин тэжээл, 500,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүллээ. Мөн эдгээр аймгуудын бүх сумдын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын багш нарт зориулан “Хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн анхны тусламж” сэдэвт 16 цагийн сургалт зохион зохион байгуулав.

                     

Хүмүүнлэгийн төсөл Сүхбаатар аймагт 2024 оны 3 дугаар сарын 4-6-нд хэрэгжиж, тус аймгийн Халзан, Түвшинширээ, Уулбаян сумын зудад өртсөн  180 малчин өрх тус бүрт 500,000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэв. Мөн аймгийн Онцгой байдлын газарт зудын эрсдэлийг бууруулах үйл ажиллагаандаа ашиглах тээврийн хэрэгслийн түлш шатахуун авахад нь зориулан 17,440,000 төгрөг, 5,000,000 төгрөгийн үнэ бүхий Брижстөүн маркийн хүнд даацын 10 ширхэг автомашины дугуй өгөв. Түүнчлэн Сүхбаатар аймгийн бүх сумын Ерөнхий болонхий боловсролын сургуулийн дотуур байрны багш нарт “Хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн анхны тусламж”  сургалт зохион байгуулсан юм.

Чиглүүлэгч багшаар бэлтгэгдсэн Увс, Завхан, Өвөрхангай, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн 109 сумын дотуур байрын багш нар өөрсдийн сумандаа очиж, малчдын хүүхдүүдэд сургалт явуулж, сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлж байна. Сургалтад мөн дээрх аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газрын мэргэжилтнүүд хамрагдлаа.

                                                               

“Зудад өртсөн малчин айлын хүүхдүүд сэтгэл санааны тодорхой хэмжээгээр хямралд өртсөн байдаг. Бид тэдгээр хүүхдүүдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх зорилгоор чиглүүлэгч багш нарыг бэлтгэсэн” хэмээн Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай ярилаа. Тэрээр “Энэ тусламжид малын тэжээл, мөнгөн тусламж, сэтгэл зүйн сургалт багтсан. Байгаль цаг уурын эрсдэлд орсон олон зуун иргэдэд тусалж буйдаа баяртай байна” гэж үргэлжлүүлэн хэлэв.

Хүүхдийг Ивээх Сан болон Дэлхийн Зөн ОУБ хамтран хэрэгжүүлж буй зудад өртсөн малчин өрхүүдэд туслах төслийг Их Британийн Старт сан, Олон улсын Хүүхдийг Ивээх Сангийн хүмүүнлэгийн сан, Японы Хүүхдийг Ивээх Сан зэрэг олон улсын байгууллагууд 295,000 ам.доллараар санхүүжүүлж байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Хүүхдийг Ивээх Сангийн Нөлөөлөл, хэвлэл мэдээллийн менежер М.Хулан

Утас: 329365, 329371

И-мэйл:khulan.munkherdene@savethechildren.org