“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн 2023 оны үр дүнгийн уулзалт Ховд аймагт боллоо
Хүүхдийг Ивээх Сангийн Ховд аймагт хэрэгжүүлж буй “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн 2023 оны үр дүнгийн уулзалт 2024 оны 3 дугаар сарын 6-нд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын “Иргэний танхим”-д боллоо. Тус уулзалтад Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн Бодлогын Хэлтэсийн даргын үүрэг гүйцэтгэгч, НБХ-ийн ахлах мэргэжилтэн С.Дорж болон мэргэжилтнүүд, Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнууд, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын ахлах мэргэжилтэн Д.Батнасан, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газрын дарга Д.Түнжээ, мэргэжилтнүүд, Жаргалант сумын Жаргалан хамтарсан багийн засаг дарга М.Мөнхцэцэг, хамтарсан багийн гишүүд, Дарви сумын Засаг дарга О.Ганцоож, хамтарсан багийн гишүүд, Жаргалант сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирал У.Саруулзаяа, төслийн ажлын хэсэг, Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Баярдалай болон төслийн ажлын хэсгийнхэн оролцов.
Хүүхдийг Ивээх Сангаас хамтрагч байгууллагууддаа төслийн 2023 оны үр дүнгээ тайлагнаж, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцууллаа. Төслийн зорилтот сургуулиуд болон хамтарсан багууд ажлаа танилцуулж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд төслөөс шинэ мэдлэг, мэдээлэл, арга зүй, мэдлэг ур чадварт суралцаж, эцэг эхчүүд, багш нар, хүүхдийн харилцаанд мэдэгдэхүйц үр дүн гарснаа хуваалцлаа. Мөн цаашид суралцах хэрэгцээ шаардлага байгааг дурдав. Энэ үеэр Жаргалант сумын Жаргалан болон Дарви сумын хамтарсан багт Хүүхэд хамгааллын үйлчилгээний хэрэглэгдэхүүний багц хүлээлгэн өгөв.
“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн зохицуулагч Ж.Батцэцэг уулзалтыг нээх үедээ “Бид төслөө Ховд аймагт хэрэгжүүлсэн эхний жилийн үр дүн, амжилт ололт, сорилт бэрхшээлээ орон нутгийн удирдлага, төрийн захиргааны байгууллагууд, төсөл хамтран хэрэгжүүлэгч сургуулиуд болон хамтарсан багтайгаа хэлэлцэж, 2024 оны төлөвлөгөөгөө танилцуулж байна. Ховдчууд маань төслөөс суралцсан мэдлэгээ санаачилгаараа баяжуулан туршлага болгож, хандлагын өөрчлөлтийг зүтгэлтэй, хурдтай гаргаж эхэлсэн нь онцлог байлаа” хэмээн хэллээ.
Жаргалант сумын 1-р сургуулийн захирал У.Саруулзаяа “Төслийн хүрээнд манай сургууль эхний жилдээ хүүхдэд ээлтэй, эрсдэлгүй сургууль болох зорилготой ажиллалаа. Мэдлэг туршлага шаардлагатай хүүхэд хамгааллын салбарт Хүүхдийг Ивээх Сан манай сургуулийн багш нар болон эцэг эх олон нийт, хүүхдүүдийг чадавхжуулж ажиллаж байгааг бидний зүгээс талархан дэмжиж байна. Цаашид 2025 оныг дуустал дэмжиж, хамтран ажиллах болно. Бид 2023 онд сурагчдын сурч хөгжих үйл явцыг багш, эцэг эхчүүд хүчирхийлэлгүйгээр хэрхэн дэмжих талаар, сайн сургууль, сайн багш хэрхэн болох, түүнчлэн сайн эцэг эх гэж ямар чадамжтай хүмүүсийг хэлж байна вэ гэхчлэн практикт нэвтрүүлэх нэн шаардлагатай багц сургалтууд хүлээн авсандаа баяртай байна. Мөн эцэг эхчүүддээ түгээн дэлгэрүүлж ажиллаж байгаадаа баяртай байна. Бидэнд мэдлэг туршлагаа харамгүй зориулж байгаа төслийн баг хамт олонд хариуцлага, санаачилга, зүтгэлээрээ сурсан мэдсэнээ чанартай бодит ажил болгон харуулна гэдэгт итгэж байна” гэв.
Уулзалтын төгсгөлд Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын төслийн зохицуулагч Ж.Батцэцэг “Жаргалант сумын 1-р сургууль, Дарви сумын сургуулиуд болон хамтарсан багууд төслийн багийн зөвлөмжийг хэрэгжүүлэн манлайлан ажиллаж байгаа нь төслийн үр дүнг орон нутагтаа бусад сумдад түгээн дэлгэрүүлэхэд нэн чухал ач холбогдолтой юм. Хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэгээ бататган, хандлага болгож, хандлагаа дадал болгож чадвал хүүхэд хамгааллыг хэрэгжүүлж чадах бөгөөд үүнд орон нутгийн санаачилага, дэмжлэг нэн чухал” хэмээн хэлэв.
Хүүхдийг Ивээх Сан “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Хүүхдийг Ивээх Сангийн Олон Улсын Эвслийн санхүүжилтээр Улаанбаатар хот, Говь-Алтай, Ховд аймагт 2023 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж байна. Хүүхэд хамгааллын энэхүү цогц төсөлд Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан баг хамрагдаж байгаа юм.