Төслийн зорилтот сургуулиудын сурагчдын дунд гар зургийн уралдаан болж, дүнгээ гаргалаа

Японы Хүүхдийг Ивээх Сангийн 30 жилийн ойг тохиолдуулан “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн зорилтот 16 сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулсан зургийн уралдаан амжилттай явагдаж дууслаа.

Уг зургийн уралдаан “Чи Японы Хүүхдийг Ивээх Сангийн талаар хэр сайн мэдэх вэ?”, “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулахад Японы Хүүхдийг Ивээх Сан ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?” гэсэн 2 сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд бага, дунд, ахлах ангийн 873 сурагчид бүтээлээ ирүүлсэн байна. Нийт бүтээлийн санааг багцлан авч үзвэл Японы Хүүхдийг Ивээх Сан хүүхдийн амьдралд эерэг өөрчлөлт авчирч, эсэн мэнд өсөж торних, сурч боловсрох эрхийг дээдлэн ажилладаг, мөн төслийн зорилтот сургуулиуд дээр тэгш хамруулах соёл бий болж, хүүхэд бүхэн хамтдаа, амжилттай суралцаж чадна гэсэн санаануудыг зургаар харуулахыг хичээжээ.

                                           

Зургийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сурагчдын дундаас бүтээлч сэтгэхүй, авьяас билэг, ур чадвараараа манлайлсан 15 сурагч өргөмжлөл, дурсгалын зүйлс гардан авлаа. Бага ангийн ангилалд Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн 5ё ангийн сурагч Х.Тулуй 1-р байр, Баянзүрх дүүргийн 30-р сургуулийн 2б ангийн сурагч Г.Маралгоо 2-р байр, Өвөрхангай аймгийн 2-р сургуулийн 3г ангийн сурагч А.Сод-Эрдэнэ 3-р байр, Баянзүрх дүүргийн 30-р сургуулийн 4а ангийн сурагч Содонгүнж тусгай байрыг тус тус эзэллээ.

Дунд ангийн ангилалд Чингэлтэй дүүргийн 37-р сургуулийн 8а ангийн сурагч Н.Намуун 1-р байр, 61-р сургуулийн 8б ангийн сурагч О.Зулцэцэг 2-р байр, 37-р сургуулийн 9д ангийн сурагч Э.Алтан-Эрдэнэ 3-р байр, Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн 8а ангийн сурагч Р. Аминзул тусгай байр эзлэв. Ахлах ангийн ангилалд Өвөрхангай аймгийн 2-р сургуулийн 11а ангийн сурагч Н.Тэмүүлэн 1-р байр, 10д ангийн сурагч Н.Янжинлхам 2-р байр, Чингэлтэй дүүргийн 11в ангийн сурагч Н.Эрдэнэсувд 3-р байр, Сонгинохайрхан дүүргийн 76-р сургуулийн 10в ангийн сурагч Л.Алтанзул тусгай байрыг тус тус эзэллээ.

                                           

Мөн шүүгчдийн нэрэмжит тусгай шагналын эздээр Өвөрхангай аймгийн 2-р сургуулийн тусгай бүлгийн сурагч М.Энхбямба, Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн 8в ангийн сурагч Г.Урангоо, Ховд аймгийн 7-р сургуулийн 5б ангийн сурагч Д.Хонгорзул нар шалгарсан байна.

Эдгээр сурагчдын бүтээлүүдээс Японы Хүүхдийг Ивээх Сангийн 30 жилийн ойд зориулан гаргаж буй ширээний хуанлид түүвэрлэн оруулах юм. Зургийн уралдаанд идэвхтэй оролцож, авьяас чадвараа сорьсон нийт сурагчдадаа талархал илэрхийлье.