Хосолсон сургалт явуулах мэдлэг, ур чадвараа сайжруулав
–Зорилтот 50 сургуулийн удирдах ажилтнууд, мэдээллийн технологийн багш нар хамрагдлаа-
(Улаанбаат хот, Монгол Улс. 2024 оны 3 дугаар сарын 22) Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл 2022 оноос хэрэгжиж байгаа билээ. Төслийг “Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) байгууллагын буцалтгүй тусламжаар Боловсрол, шинжлэх ухааны яам хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь боловсролын салбарын тэргүүлэх гурван чиглэл болох “Тэгш хамруулан сургах боловсрол”, “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” болон “Хосолсон сургалт”-ыг хөгжүүлэхэд чиглэдэг.
Эдгээр чиглэлийн нэг “Хосолсон сургалт” бүрэлдэхүүний зорилтот 50 сургуулийн удирдах ажилтан болон мэдээллийн технологийн багш нарт хосолсон сургалтыг удирдан чиглүүлэх, бэлэн байдлыг хангах суурь ойлголт, мэдлэг ур чадвар олгох сургалт 2024 оны 3 дугаар сарын 21-22-нд Улаанбаатар хотод боллоо.
БШУЯ-ны Цахим бодлого, статистик мэдээллийн газрын дарга Т.Бат-Эрдэнэ сургалтыг нээж, хэлсэн үгэндээ “Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүүхэд бүрт тэгш боломж олгох үйлсэд сэтгэл зүтгэл гаргаж буй та бүхэнд талархал илэрхийлье” хэмээн дурдав. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай үгэндээ “Төслөөс зорилтот 50 сургуульд орчин үеийн иж бүрэн компьютерийн лаборатори байгуулж өгнө. Мөн хосолсон сургалтын лаборатори байгуулах, сургуулийн удирдлага, мэдээлэл технологийн ажилтнуудад зориулсан сургалт, багш нарын хосолсон сургалт, контент боловсруулах арга зүйн сургалт, хосолсон сургалтад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх нөлөөлийн арга хэмжээ зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлэх юм хэмээн онцоллоо.
Энэ удаагийн сургалт лекц-танилцуулга, хэлэлцүүлэг хэлбэрээр онолын мэдлэг олгож, оролцогчдоор дасгал ажиллуулж, дадлага хийлгэх байдлаар явагдав.
Сургалтад оролцсон нийслэлийн 60-р сургуулийн Сургалтын менежер Ч.Оюунтүлхүүр “Хосолсон сургалт явуулах багш нараа бэлтгэх, багаа бүрдүүлэх, зохион байгуулах гэх мэтийн олон талын мэдээлэл авч байна. Манай сургуулийн хувьд удирдлагын баг нэлээд чадварлаг учраас хосолсон сургалтаа манлайлаад удирдаад явах боломжтой” хэмээн ярилаа. Харин Ховд аймгийн Мянгад сумын ЕБС-ийн Мэдээл зүйн багш Ц.Отгонбаатар “Сургалт үр дүнтэй байлаа. Учир нь сургуулиудаас ирсэн багш нар мэдэхгүй, чадахгүй зүйлүүдээ сурч авлаа. Хосолсон сургалтад ашиглах техник тоног төхөөрөмжтэй ажиллаж, дадлага хийлээ. Сургалт лекцээ сонсоод, дадлагаа хийх байдлаар явагдсан. Мөн багш нар хоорондоо харилцан туршлагаа солилцож, бие биенээсээ суралцаж байна” гэлээ.
Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын арга зүйн төвийн ахлагч Ч.Мөнгөнтуяа сургалтад оролцогчдод зориулан Хүүхэд хамгааллын бодлогын талаар танилцуулав.
Дашрамд өгүүлэхэд, Хүүхдийг Ивээх Сан “Боловсролын Дэлхийн Түншлэл”-ийн Монгол дахь төлөөлөл болж, төслийн санхүүжилтийн зохицуулагчаар ажиллаж байгаа юм.