“Тэгш хамруулах боловсрол” туршлага солилцох уулзалт боллоо
Хүүхдийг Ивээх Сан “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийг Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр 2021-2024 онд амжилттай хэрэгжүүллээ. Уг төслөөс гурав дахь жилийнхээ үр дүнг танилцуулах, хуримтлуулсан туршлагаа хуваалцах, цаашдын алхмын талаар санал бодлоо солилцох зорилгоор “Тэгш хамруулах боловсрол” туршлага солилцох уулзалтыг 2024 оны 3 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай уулзалтыг нээж үг хэллээ. Тэрээр “Энэ төслөөс нэлээд олон үр дүн гарсан байна. Тухайлбал, зорилтот сургуулиудын багш нарт тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах онол, арга зүйн мэдлэг олгох сургалт явуулж, 900 гаруй багш нар хамрагдсан байна. Төслийн үр шимийг нийт 20 гаруй мянган хүнд шууд хүргэжээ” хэмээн онцлов.
Туршлага солилцох уулзалтад Боловсролын төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, зорилтот 16 сургууль, орон нутгийн БШУГ, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд зэрэг 100 гаруй хүн оролцсон юм. Боловсрол, Шинжлэх Ухааны яамны Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын Тэгш хамран сургах Боловсролын хэлтсийн дарга Г.Саранхүү уулзалтад оролцож, тэгш хамруулах боловсролын чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжилтийн талаар оролцогчдод танилцуулсан юм.
Энэ үеэр төслийн үр дүн, сайн туршлагын талаар олон танилцуулга, илтгэл явагдлаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуулиас тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг суралцах орчин, үе тэнгийн сурагчдын оролцоо дэмжлэг, нөлөөллийн ажлууд зохион байгуулах зэргээр дэмжиж байгаа тухайгаа танилцуулсан. Мөн сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн тэргүүн Х.Мөнхзаяа “Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөллийг сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн гишүүнээр элсүүлсэн. Ингэснээр тэдгээр хүүхдүүдэд үзүүлэх тусламж дэмжлэг, хамрагдах боломжтой секц дугуйлан, тохиолдож буй бэрхшээл зэргийг танин мэдэх, тэдний тэгш оролцоог хангах олон давуу тал бий болдог” хэмээн ярилаа. Олон нийтэд зориулсан тэгш хамруулах боловсролыг дэмжих нөлөөллийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулсан туршлагаасаа нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Т.Шижирмаа хуваалцав. Тус сургуулийн хувьд төсөлтэй сүүлийн 6 жил хамтран ажилласан байна. Бусад сургуулиуд, орон нутгийн БШУГ мөн хамтран ажилласан туршлагаасаа хуваалцаж, цаашид төслийн үр дүнг хэрхэн тогтвортой үргэлжүүлэх талаар саналаа танилцууллаа.
Туршлага солилцох уулзалтын төгсгөлд төслийн зохицуулагч Ч.Пүрэв-Очир “Хүүхэд бүрийг Боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн үр дүн, сургамж, дүгнэлтээ танилцуулж, оролцогчдын асуултад хариулснаар арга хэмжээ өндөрлөлөө.