“Хайр бий” нөлөөллийн ажлаар эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжууллаа

 

Хүүхдийг Ивээх Сангийн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн зүгээс 2022 оноос эхлэн сургуульд суурилсан дөрвөн төрлийн нөлөөллийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Эхний нөлөөллийн ажил сургуулиудтай хамтран хүүхэд хамгааллын  багийн ажиллах удирдамжийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөмж, чиглэл өгч ажилласан бол 2 дугаар нөлөөллийн ажлаар жендэрт суурилсан хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллээс өөрийгөө болон найзыгаа хамгаалах сургалт зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэв. Удаах нөлөөллийн ажлаар цахим орчин дахь аюулгүй байдал, аюултай болон аюулгүй хүрэхгүй, анхны сарын тэмдгийн эрүүл ахуй зэрэг харилцан адилгүй сэдвүүдээр сургалт, үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Харин 4 дэх нөлөөллийн ажлыг “Хайр бий” сэдвээр 2024 оны 3 дугаар сарын 11-нээс 21-ний хооронд төсөл хэрэгжиж буй 15 сургуулийн 2300 гаруй эцэг эх, асран хамгаалагч нарт зориулан хэрэгжүүллээ.

Тус нөлөөллийн ажлыг эхлүүлж, Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон хэлэхдээ “Сургууль бол өргөн утгаараа хүүхдийн өөртөө болон бусдад итгэх итгэлийг бэхжүүлдэг, нотолгоонд суурилсан мэдлэг эзэмшүүлдэг, амьдралынхаа туршид суралцах арга барилаа олж авахад сургадаг, нийгэмд биеэ авч явах хэм хэмжээг ойлгож мэдэхэд нь тусалдаг, аливаа эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх мэдлэг өгөх учиртай онцлог байгууллага юм. Хүүхдийн сурч хөгжих үйл явцыг хүчирхийллийн бус аргаар дэмжихэд багш, эцэг эх, асран хамгаалагчид энэ тэргүүний үүрэг хүлээгчид байдаг бөгөөд хүүхэдтэй харилцах арга зүй улам бүр хөгжиж буй өнөө үед тэдэнд хүүхэдтэйгээ ойлголцох, зөв харилцах тодорхой техникүүдийг таниулж байгаагаараа энэ нөлөөллийн ажил маань онцлогтой байлаа” гэлээ.

 

Хүүхдийн хамгийн анхдагч нийгмийн орчин, мөн тэдэнд ихээр нөлөөлж, үлгэр үзүүлж, бие хүн болон төлөвшихөд нь онцгой үүрэгтэй хүмүүс бол гэр бүлийнхэн нь байдаг. Тиймээс 4 дэх нөлөөллийн ажлыг хүүхдийнхээ нас сэтгэл зүйн онцлогт нийцүүлэн харилцах, үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэх, өвөрмөц онцлог байдлыг хүндэтгэх, хүүхэдтэйгээ ярилцах, ойлголцох зөв дадлыг таниулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт хэлбэрээр зохион байгуулж, хүүхдэдээ чанартай цаг гаргах, шүүмжлэхгүй сонсох, үзэл бодлыг нь хүндэтгэх, итгэл хүлээлгэж, зөв үлгэр дуурайлал нь байхыг уриалав.

“Бид хүүхэдтэйгээ ярилцаж байна гэж боддог ч, тэднийгээ “зөв” сонсдоггүй, зөвхөн өөрсдийн үзэл бодлыг тулгадаг буруу техникийг баримталдаг байжээ. Одооноос эхлэн хүүхдээ шүүмжлэлгүй сонсох болно” гэж Ерөнхий боловсролын 3-р сургуулийн нэгэн сурагчийн ээж Ч.Баярмаа ярьсан бол “Ажил, амьдралын өдөр тутмын зохицуулалт  чухал ч хүүхдэдээ цаг зориулах нь хамгийн чухал гэдгийг ойлголоо. Өнөөдөр л бид чанартай цаг зориулахгүй бол ирээдүйд хэдийн хожимдсон байх юм байна гэдгийг ойлголоо” гэж Ерөнхий боловсролын 117-р сургуулийн нэгэн сурагчийн аав Х.Дорж сэтгэгдлээ хуваалцсан юм.

Ийнхүү төслийн зүгээс сургуульд суурилсан 4 нөлөөллийн ажлыг сургуулийн багш ажилтнууд болон сурагчидтай хамтран амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө.