Сэтгэл зүйч, мэргэжилтнүүдэд ажлын байранд нь зөвлөн туслах, супервижн өндөрлөлөө

Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөл нь охидыг хүчирхийлэл, мөлжлөгт өртөх эрсдэлээс эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, боловсролын үйлчилгээгээр дамжуулан хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд бэлгийн хүчирхийллийн хохирогч/даван туулагчид үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдийг чадавхжуулахад онцгой анхаардаг юм.

Төслийн хүрээнд сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч/ даван туулагчид ээлтэй үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, туршлага солилцох, кэйсүүдээ хамтдаа хэлэлцэж, шийдэлд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран 9 дүүргийн ГБХЗХХ-ийн сэтгэл зүйч, мэргэжилтнүүдэд зориулан 2022 оны 6 дугаар сараас эхлэн нийт 13 удаагийн супервишн, кэйс хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

13 дахь удаагийн буюу төгсгөлийн супервишн 2024 оны 3 дугаар сарын 22-нд “Өөрийгөө хайрлахуй”, “Ажлаас халшрах хам шинжээс урьдчилан сэргийлэх” сэдвүүдийн хүрээнд болж, оролцогчид канвас зургийн сургалтад оролцож, стресс бухимдлаа тайлах сонирхолтой аргуудад суралцсан байна.

                  

Хүүхдийг Ивээх Сангийн гэрээт багш, сэтгэл зүйч Г.Түвшинжаргал бүтэн жилийн турш үргэлжилсэн супервишн, кэйс хэлэлцүүлгийн үр дүнг онцлохдоо:

– Хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөс үйлчилгээ авч байгаа гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогч/даван туулагчийн 30 гаруй кейс  хэлэлцэж, тэдэнд тохиолдсон сэтгэцийн гэмтлийг ойлгож, нөхцөл байдал, онцлогт нь тохирсон сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлсэн. Цаашид гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогч/даван туулагчид ээлтэй үйлчилгээг үзүүлэх арга зүйд суралцаж, туршлага хуримтлуулсан.

– Хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид бие биеэсээ туршлага судлан, арга зүйгээ хуваалцаж, үйлчлүүлэгч шилжүүлэх, кейс дээр хамтран ажиллах багийн ажиллагаа нэмэгдсэн.

– Ажлаас шалтгаалах стресс, ажлаас халшрах хам шинж, дам сэтгэцийн гэмтлийн талаар мэдлэг нэмэгдэж, эдгээрээс урьдчилан сэргийлэх, зохицуулах, өөрийгөө болон хамт олноо халамжлах арга зүйд суралцсан зэрэг олон эерэг үр дүнг дурдсан юм.

“Охидыг хүчирхийлэл мөлжлөгөөс хамгалаах нь” төслийн зүгээс өнөөдрийг хүртэл сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч/даван туулагчид ээлтэй үйлчилгээг үзүүлэх арга зүйгээр чадавхжуулах, хүүхэд хамгааллын 11 модуль  сургалтыг хүүхэд хамгааллын салбарын 700 гаруй мэргэжилтэнд орж, 2 удаагийн арт терапи сургалт, 13 удаагийн ажлын байрны зөвлөн туслах супервижн, кэйс хэлэлцүүлэг зохион байгуулаад байна.