Сургуульд суурилсан нөлөөллийн ажил хүүхэд хамгааллыг сайжруулахад чухал нөлөөтэй

Сургууль бол өргөн утгаараа хүүхдийн өөртөө болон бусдад итгэх итгэлийг бэхжүүлдэг, амьдралынхаа туршид нотолгоонд суурилсан мэдлэг олж сурахад сургадаг, насан туршдаа биеэ авч явах хэм хэмжээг ойлгож мэдэхэд нь тусалдаг онцлог байгууллага юм. Энэ хүрээнд эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадамжийг мөн дэмждэг гэсэн үг юм.

Тийм ч учраас “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд зорилтот 15 сургууль болох БЗД-ийн 148, 79, 85 СБД-ийн 3, 16, 31, СХД-ийн 121, 9, 107, БГД-ийн 40, 19, 13, ЧД-ийн 24, 57, 117 дугаар сургуулийн 12-18 насны охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах, энэ талаар ойлголттой болгох, эрсдэлийг танин мэдээд, урьдчилан сэргийлэх, ийм нөхцөлд орвол хэнд, хаана, хэрхэн хандаж тусламж авч болохыг мэддэг болгох зорилгоор сургуулиудтайгаа хамтран ажиллалаа.

                        

Ингэхдээ 2023-2024 оны хооронд 4 нөлөөллийн ажил зохион байгуулж, үүнд 33000 гаруй багш ажилтан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчид  оролцжээ. 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 15 сургуулийн багш ажилтан, сурагчдын хамтаар Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт хаалтын үйл ажиллагааг  зохион байгуулав. Хаалтын үеэр сургууль бүр өөрсдийн сайн туршлагыг хуваалцаж, нөлөөллийн ажлаас сурсан мэдсэн зүйлс, гарсан өөрчлөлтийн талаар ярьсан юм.

Ерөнхий боловсролын 13-р сургуулийн нийгмийн ажилтан О.Сугараа сургуульд суурилсан нөлөөллийн ажлын үр дүнг “Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөртэй хамтран ажиллах нь сургуулийн хувьд үнэхээр өгөөжтэй байдаг. Бид “Охидыг хүчирхийлэл мөлжлөгөөс хамгаалах нь” төслийг тус байгууллагатай хамтран хэрэгжүүлснээр бодит үр дүнгүүд гарсныг энд тэмдэглэхэд таатай байна. Тухайлбал, манай сургууль дээрх үе тэнгийн дээрэлхэл буурсан; охид маань хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ойлголттой болсон, тухайлбал энд аюултай болон аюулгүй хүрэхүйн талаар тэд маань мэдэж авсныг  хэлмээр байна” хэмээн тодорхойлов.

Сургуульд суурилсан нөлөөллийн ажлаар сургуулиудын хүүхэд хамгааллын чадавх бэхэжсэний сацуу сурагчдын хувьд ч мэдлэг, хандлагын багагүй өөрчлөлтүүд гарчээ. Ерөнхий боловсролын 117-р сургуулийн сурагч Д.Баасандэмбэрэл “Зөвхөн охидыг л хөвгүүд хүндлэх ёстой биш, хүн бүхэн тэгш эрхтэй гэдгийг ойлгосон. Бас бидний зөвшөөрөлгүй хэн нэгэн биед хүрэх, дээрэлхэх, хэл үгээр доромжлох юм бол багш, сургуулийн нийгмийн ажилтан, аав ээждээ хандаж тусламж авахыг мэдэж авсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

                           

Мөн хаалтын үеэр оролцогчид бүлэг болон хуваагдаж, сургуулийн хүүхэд хамгааллыг хэрхэн улам сайжруулах тал дээр өөрсдийн зүгээс санал боловсруулж, бусдадаа танилцуулсан юм. Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж, зөвлөмж болгон сургуулийн удирдлагуудад хүргүүлэх ажээ.

Нийслэлийн боловсролын газрын Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын хэлтсийн дарга М.Цогзолмаа “Төслийн зүгээс хэрэгтэй, мэдлэг мэдээллийг нөлөөллийн ажлаар дамжуулан сайн түгээж, багагүй өөрчлөлтүүдийг авчирч чадлаа. Одоо гагцхүү сургууль тус бүр энэхүү мэдлэг, чадварыг өөрийн болгон нутагшуулж, урт хугацаанд үйл ажиллагаандаа хэрэглэх чухал ажил үлдлээ” гэв.

Сургуульд суурилсан нөлөөллийн ажлын үр дүнд сургуулийн багш ажилтнууд хүүхдийн оролцоог дэмжих аргачлалд суралцаж, хүүхдийн оролцоог бодитой дэмжин, тогтвортой хөгжүүлэхэд, цаашлаад хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарах урьтач нөхцөлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, цаг алдалгүй арга хэмжээ авах бололцоо нэмэгдсэн юм. Энэхүү ажлыг үр дүнтэй, чанартай, хүртээмжтэй хийхэд дэмжин хамтран ажилласан Нийслэлийн боловсролын газар, мэргэжлийн байгууллагууд, гэрээт багш нар, нийт 15 сургуулийн удирдлага, багш ажилтнууд болон охидын клубын сурагчдадаа талархал илэрхийлье.