Зорилгод чиглүүлэгч, амжилтын хөшүүрэг буюу бизнес көүч

Көүч гэж хэнийг хэлэх вэ? Ойлгомжтой, энгийнээр хариулахыг оролдьё. Тухайн хүний зорилгыг тодорхойлоход туслах, эсвэл өмнөө тавьсан зорилго, зорилтыг илүү тодорхой төлөвлөхөд чиглүүлэх, тэрхүү зорилгодоо хүрэх замд учрах аливаа саад бэрхшээлийг илрүүлэн, тэр бүхэнд тохирсон гаргалгааг хамтдаа ярилцаж, шийдэл хайж, амжилтад хүргэх чиглүүлэгч хүнийг көүч хэмээн тайлбарлаж болно. Ингэхдээ тухайн көүч өөрийн амьдралын туршлага, сургамж, мэдлэг дээр суурилдаг. Мэдээж шийдлээ олохдоо тухайн хүнд байгаа боломж, авьяас, мэдлэг чадварт суурилдаг.

 

Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн хүрээнд зорилтот 5 аймагт бизнес көүчүүд ажиллаж байна. Тэдний нэг бол Өвөрхангай аймгийн бизнес көүч Б.Сүрэн юм. Тэрээр Өвөрхангай аймгийн зорилтот сум болох Уянга, Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Гучин-Ус, Богд, Сант сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Арвайхээр сумын Политехник коллежийн оюутнууд, мөн эдгээр сумдын Насан туршийн суралцахуйн суралцагчид болон Энтрепренер клубийн хүүхэд, залуустай хамтран ажиллахаас гадна төслийн аймаг, сумын зөвлөл, ESEL багш нар болон “Сургуульд суурилсан энтрепрайз” төслийн багтай хамтран ажиллаж байна.

Түүний хувьд Санхүү эдийн засгийн их сургуулийн “Зочлохуйн үйлчилгээ, аялал жуулчлалын хөтөлбөр”-өөс ажлын гараагаа эхэлжээ. Дараа нь “UFE GLOBAL LLC” хоол үйлдвэрлэлийн компанийн ерөнхий менежерээр ажиллаж байсан бөгөөд тус сургуулийнхаа “Хамтын ажиллагаа бизнес хөгжлийн хүрээлэн”-ийн зохицуулагчаар ажиллаж гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байсан туршлагатай нэгэн. Тиймээс өөрийн туршлагадаа үндэслэн бичил төслүүдийн үйл ажиллагаа болон төсөл боловсруулахад нь зөвлөгөө дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа юм.

Тэрээр “21-р зуунд дэлхий нийтээрээ онцлон харж байгаа “Энтрепренер сэтгэлгээ”-г орон нутгийн өсвөр үеийнхэн, залуучуудад түгээж хувь хүний ур чадварыг хөгжүүлж байгаа төслийн зөв зорилгын нэг хэсэг болж, хамтран ажиллаж байгаадаа талархалтай байдаг” хэмээн ярьж байна. Бизнес көүч Б.Сүрэн өөрийн санаачилгаар анхаарах чиглэлүүдийг тодорхойлох, оновчтой үйл ажиллагаа явуулах зорилгоор төслийн оролцогч талууд болон төслийн сумын зөвлөл, менторууд, ESEL хөтөлбөрийн багш нар болон “Энтрепренер клуб”-ийн сурагчдаас “Бизнес көүчтэй хамтран ажиллах хэрэгцээг тодорхойлох судалгаа” авч үр дүнгээ нэгтгэн үйл ажиллагаандаа тусгасанаар цаашид төслийн үйл ажиллагааг орон нутагт амжилттай хэрэгжихэд нөлөөлнө хэмээн үзэж байгаа аж.

Бизнес көүчийн үндсэн үүргүүдийн нэг бол төслийн хүрээнд ESEL сургалтад хамтрагдан бичил төслийн уралдаанд орж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар зорьж буй болон хамрагдсан хүүхэд, залуучуудын баг болон багш/зөвлөхөд дэмжлэг үзүүлэх, бичил төслүүдийг зах зээлтэй холбох, боломжит хөрөнгө оруулагч, хувиараа бизнес эрхлэгч болон бусад санхүүгийн эх үүсвэртэй холбох, орон нутгийн холбогдох арга хэмжээ, үзэсгэлэнд оролцуулах. Тиймээс Хүүхдийг Ивээх Сангийн Өвөрхангай аймаг дахь салбартай хамтран “Өвөрхангай түншлэл- Намрын баяр 2023” үзэсгэлэн худалдаанд бичил төсөл хэрэгжүүлж байгаа хүүхэд, залуусыг оролцуулснаар тэдний борлуулалтын орлого нэмэгдэж, шинэ хэрэглэгч, захиалагчидтай болж, зах зээлээ тэлэхэд түлхэц өгсөн юм.

Мөн Санхүү эдийн засгийн их сургуулийн “Хөтөлбөр инновацын төв”-ийн багш нартай хамтран “Загварчлах сэтгэлгээ”, “Энтрепренер сэтгэлгээ” онлайн сургалтыг төслийн оролцогч талууд, ESEL хөтөлбөрийн сурагчид, бичил төсөл хэрэгжүүлж байгаа хүүхэд, залууст зориулан хийсэн нь мэдлэг болоод сэтгэлгээний цар хүрээг тэлсэн үйл ажиллагаа болсон гэж төслийн багийн зүгээс дүгнэж байна.

Дараагийн нэг үндсэн үүрэг бол “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн шинэлэг санаачилга болох орон нутгийн ЕБС-ийн сургуулиудад хэрэгжүүлж буй “Сургуульд суурилсан энтрепрайз” (ССЭ) төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх юм. Б.Сүрэнгийн хувьд “UFE GLOBAL” хоол үйлдвэрлэлийн компанид ажилласан туршлага нь Богд сумын “Өглөөний цайг өөртөө” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд давуу тал болж байна. Хоол хүнс бол хүний эрүүл мэндтэй холбоотой байдаг болохоор маш хариуцлагатай бизнес байдаг. Иймд бизнес көүч өөрийн мэдлэг туршлагадаа үндэслэн бизнес талаас нь хөгжүүлэхийн зэрэгцээ санхүүгийн болон хоол үйлдвэрлэлийн зөвлөх үйл ажиллагаа явуулж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлээ тэлэх боломжийг эрэлхийлж байгаа юм. Түүнчлэн “Сургуульд суурилсан энтрепрайз”-ийн нэмэлт төслийн уралдаанд Хархорин сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн “Үйлдвэрлэгч хүүхдүүд” төслийн багтай хамтран ажиллаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн нь өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудаас нэгэн онцлох үр дүн байлаа. Цаашид төслийн үйл ажиллагааг дэмжих, үнэлгээ хийх баг бүрдүүлж, зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Бизнес көүч Б. Сүрэн:Бизнес көүчээр ажиллахад мэдлэг туршлагын хувьд дутагдалтай зүйл олон тулгардаг ч аль болох шинээр дахин судалж, хэрэгцээ шаардлагатай байгаа мэдээлэл, зөвлөмжүүдийг өгч ажиллаж байна. Үүгээр хувь хүнийхээ хувьд олон талаар сурч хөгжиж, чадавхжиж байгаагаа олж хардаг. Хувийн хичээл зүтгэл хүчин чармайлт гаргахад нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь Хүүхдийг Ивээх Сангийн зорилго, бусдын хөгжил, өөрчлөлтийн төлөө хариу нэхэлгүй цаг наргүй хичээж байгаа хамт олон гэж хардаг. Көүчийн үйл ажиллагаагаа хамтран үр дүнтэй ажиллах тал дээр ХИС-ийн Өвөрхангай аймаг дахь салбараасаа дэмжлэг туслалцаа, чиглүүлэг авч хамтран ажилладаг. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн олон үйл ажиллагааны амжилт, үр дүн салбарын хамт олонтой салшгүй холбоотой.

Түүний хувьд цаашид төслийн тогтвортой байдлыг хангаж ажиллах чиглэлээр насан туршийн нэгжид суурилсан Энпрепренер клубүүд байгуулж, Сумын залуучуудын хөгжлийн салбар зөвлөл болон залуучуудын хөгжлийн зөвлөлүүдтэй холбож, залуучуудыг нийгмийн асуудлуудаа хамтдаа шийдвэрлэх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.

Бизнес көүч Б.Сүрэн: Загас бариад өгөх бус харин загас барих аргыг нь зааж өг” гэсэн Лао Цу-гийн хэлсэн үг бий. Миний бодлоор боловсролд оруулсан хөрөнгө оруулалт үргэлж ухаалаг хөрөнгө оруулалт болдог. Нийгмийн хөгжлийн гол хүчин зүйл болох хувь хүний хөгжлийг чухалчлан үзэж, орон нутгийн залуучуудын боловсролд хөрөнгө оруулж байгаа Хүүхдийг Ивээх Сангийн энэ төсөл миний харж, ойлгож байгаагаар маш үнэ цэнтэй агуулгыг хэрэгцээтэй хүүхэд, залууст хүргэж байгаа, чухал ач холбогдолтой. Тиймээс  бусдын боловсролд тус нэмэр болохыг хичээдэг хувь хүний үнэ цэн, итгэл үнэмшилтэй маань нийцдэг болохоор урамтай ажиллаж байна.

Көүч өөрийн амжилтаа хэрхэн дүгнэх вэ? Бас л ойлгомжтой, энгийнээр хариулахыг оролдьё. Хэн нэгний өмнөө тавьсан зорилго, зорилтыг биелүүлэхэд хөшүүрэг болж, чиглүүлэх явах замыг нь тодорхойлж амжилтад хүргэснээр көүчийн зорилго биелдэг.