“Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг танилцуулах уулзалт боллоо

Хүүхдийг Ивээх Сан  Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр ““Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төслийг танилцуулах нээлтийн семинар 2024 оны 5 дугаар сарын 2-нд Монгол-Японы төвийн хурлын танхимд боллоо. Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллыг яам болон нийслэл, зорилтот гурван дүүргийн Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Эрүүл мэнд, Боловсрол, Нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд тус тус оролцлоо. Мөн төсөл хэрэгжих нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн “Ачлахуй”, “Ээлтэй”, “Энэрэнгүй Үйлст” Өрхийн эрүүл мэндийн төвүүд, 32, 18, 117 дугаар цэцэрлэгийн удирдах, ажилтнууд, эмч, багш нарын төлөөлөл оролцлоо.

                                  

Уулзалтын үеэр төслийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, дэвшүүлсэн зорилтуудыг оролцогчдод танилцуулав. Энэ үеэр “Монгол Улсын бага насны хүүхдийн цогц, хүртээмжтэй хөгжлийг дэмжих нь” төслийн менежер Эри Номото хэлсэн үгэндээ “Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын гурван дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймагт бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг илрүүлж, зохих хөгжлийн дэмжлэг үзүүлэх  зорилготой юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хүндэтгэж, тэдний хөгжлийг дэмжих цогц тогтолцоог бий болгосноор бид илүү хүртээмжтэй нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулахыг зорьж байна” хэмээн онцлов.

                                   

Уулзалтын төгсгөлд Төслийн менежер Эри Номото болон зорилтот Өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэгүүдийн эрхлэгч, захирлууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, харилцан хүлээх эрх, үүргээ тодорхойллоо.

Энэхүү төсөл нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймагт бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, тэдний хэрэгцээнд нийцсэн цогц дэмжлэгийг үзүүлэх зорилготой юм.