Өглөөний цайны соёл түгээх санаачилга
-Багш, сурагчид “Өглөөний цайг өөртөө” төсөл хэрэгжүүлж байна-
Хүний эрүүл, зөв хооллолтын үндэс нь өглөөний цай тогтмол уух гэдэг. Ингэснээр бие дэх бодисын солилцоо эрчимжиж, цусан дахь сахарын хэмжээ тогтмолжиж, дархлаа сайжирч, эрч хүчтэй байдгийг эрдэмтэд тогтоожээ. Тэгвэл сумандаа өглөөний цайны соёл түгээж, багш, сурагчид хамтдаа хоол үйлдвэрлэж, сургууль орлого олж байгаа шинэлэг санаачилгын тухай өгүүлье.
…Өвөрхангай аймаг. Богд сум. Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дотуур байрын цайны газар.Өглөөний цай бэлтгэх охид, хөвгүүд…
Сурагчид хачиртай талх, ороомог, лууван, бүхэл үрээр баяжуулсан будааны бөмбөлөг, кембаб, ногооны зутан шөл буцалгаж, жимсний салат, шүүс зэрэг өглөөний цайны бүтээгдэхүүнийг мэргэжлийн тогоочдоос дутахгүй амт, чанартайгаар, хурдан шаламгай бэлтгэнэ. Тэдэнд мэргэжлийн хоол зүйч нь зөвлөгөө өгч байгаа харагдана. Энэ бол багш, сурагчдын оролцоонд тулгуурласан “Өглөөний цайг өөртөө” төслийн ажлын нэг хэсэг юм. Үүний дараа сурагчид бэлэн болсон бүтээгдэхүүнийг савлаж, сургуулийн буфет рүү зөөж, тэндээ зарж борлуулна. Мөн сумын бусад байгууллагууд руу захиалгаар хүргэдэг байна. Богд сум 5600 гаруй хүн амтай, төрийн болон үйлчилгээний байгууллагууд, ерөнхий боловсролын хоёр ч сургуультай. Зах зээлийн багтаамжтай гэсэн үг. Өглөөний цай бэлтгэж байгаа сурагчдын нэг Б.Өсөх-Ирээдүй нэгдүгээр сургуулийн 6б ангийн сурагч юм. Би сайн дураараа ажиллаад сар гаруй болж байна. Өдөр хичээлтэй болохоор 7 хоногт 3-4 удаа, өглөө 9.30 цагаас ирж, 2 цаг орчим ажилладаг. Ээж минь тогооч мэргэжилтэй. Тэгээд ч би хоол хийх дуртай. Энд төрөл бүрийн түргэн хоол бэлтгэж сурсан. Хүүхдүүд надаас “Чи яаж ийм гоё хоолнууд хийж сурсан юм бэ” гэж асуудаг. Тухайн хоолны орцонд багтдаг хүнсний материалуудыг худалдаж аваад гэртээ бэлтгэж, туршиж үздэг. Манай ангийнхан буфетээр байнга үйлчлүүлдэг” хэмээн ярилаа.
…Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн түргэн хоолны буфет, ширээ сандал. Өглөөний цайгаа уухаар худалдан авч байгаа багш, сурагчид…
Хичээлийн завсарлагаагаар буфет үйлчлүүлэгч олонтой байлаа. Өдөр бүр ийм байдаг гэнэ. Хүүхдүүд чанасан өндөг, хачиртай талхнаас эхлээд 2500 төгрөгийн үнэтэй кембаб гээд бүхий л төрлийн бүтээгдэхүүнээс худалдан авч байв. Зарим нь ширээнд сууж, зарим нь зогсох зуураа өглөөний цайгаа ууна. Түргэн хоолнууд баталгаатай, эрүүл, хямд үнэтэй, бас шинэхэн. Сургуулийн багш, ажилчид хол явахгүй цагаа хэмнэх боломжтой гээд давуу тал олон. “Өглөөний цайг өөртөө” төслийг Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн сургуульд суурилсан энтерпрайз санаачилгын хүрээнд 122 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, хэрэгслээр хангаж, аргазүйн дэмжлэг үзүүлжээ. Уг төслийг нээх үеэр ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэргэдэх “Шим тэжээл” судлалын төвөөс сумын иргэд болон сурагчдад зохистой хооллолт, эрүүл мэнд, өглөөний цайны ач холбогдлын талаар танилцуулж, бүтээгдэхүүний дээжийн үзэсгэлэн, амталгаа зохион байгуулсан нь хүмүүст эергээр нөлөөлжээ. Нэгдүгээр сургуулийн төслийн энэхүү шинэлэг бөгөөд сонирхолтой санаачилгад сэтгэл ханамжтай байж, дэмжих итгэл үнэмшил төрүүлжээ. Богд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирал Л.Гантулга “Өглөөний цайгаа сургууль дээр буфетээр борлуулдаг. Мөн сумын албан байгууллагууд болон 2 дугаар сургуульд хүргэж, үйлчилнэ. Өглөөний цайгаа сургуулийн сурагчдын дотуур байрын гал тогоонд бэлтгэх учраас тэнд хүмүүс ирж үйлчлүүлэх боломжгүй. Тиймээс захиалга авдаг сошиал групп үүсгэсэн. Сурагчид бэлтгэж, зарсан бүтээгдэхүүний үнээс тодорхой хэмжээний урамшуулал авдаг болохоор илүү урамтай ажиллаж байгаа” гэлээ. Өглөөний цайны буфетээр үйлчлүүлж байгаа хоёр хүүтэй ярилцлаа. О.Дагвадорж, Б.Хос-Эрдэнэ нар 4а ангийн сурагчид. Тэдний хичээл өглөө 8.00 цагаас ордог тул заримдаа цайгаа ууж амждаггүй. Гэвч завсарлагааны цагаар эндээс хачиртай талх, ороомог авч идэх дуртай аж. Мөнгөгүй үедээ зээлээр авчихдаг, дараа нь аав, ээж төлчихдөг гэлээ. Бас сургуулийн ойролцоох дэлгүүрт аваад идчих зүйл байхгүй, чихэрлэг бүтээгдэхүүн эрүүл мэндэд муу хэмээн хэвлүүхэн тайлбарлаж байх юм.
“Өглөөний цайг өөртөө” төслийнхөн үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нийт 23 сая гаруй төгрөгийн борлуулалт хийсэн байна.
…Өглөөний цайны соёл түгээх төслийн багийнхан. Танхимаар эзэмшсэн мэдлэгээ бодит амьдралд ашиглаж, ур чадвараа хөгжүүлэх сурагчид…
Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн чухал зорилтуудын нэг нь өсвөр үеийн хүүхэд, залуусыг ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх юм. Тэгвэл “Өглөөний цайг өөртөө” сургуульд суурилсан энтерпрайз төслийн багийнхан энэ зорилгыг биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, сумандаа өглөөний цайны соёл түгээж, зохистой хооллолтын дадал хэвшүүлэхэд “Өглөөний цайг өөртөө” сургуульд суурилсан энтерпрайз төслийн багийнхан чухал үүрэгтэй оролцож байна. Хүүхэд, багш нарын оролцоонд тулгуурлан бизнесийн тодорхой үйл ажиллагаа эрхэлж, олсон орлогоо сургуулийнхаа үндсэн зорилгыг хэрэгжүүлэхэд зориулж байна. Энэ үйл ажиллагаа нь суралцагчид танхимаар эзэмшсэн мэдлэгээ бодит амьдралд ашиглаж, ур чадвараа хөгжүүлэх боломж олгодог. Тэдний цаашдын зорилго бол төслөө сум, орон нутгийн оролцоонд тулгуурлан амжилттай хэрэгжүүлж, зөвхөн сургууль, хүүхэд, багш нар төдийгүй сумаараа зохистой хооллолтын соёлд суралцах юм. Сургуульд суурилсан энтерпрайз хэрэгжүүлэгч ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл Улаанбаатар хотод ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалжээ. Энэ үеэр “Өглөөний цайг өөртөө” төслийнхөн үндэсний үйлдвэрлэгч “Батбайгаль бэйкери” компанид зочилж, эрүүл, ашигтай хүнсний бүтээгдэхүүний жагсаалт, үйлдвэрлэх жор, хүний нөөц, санхүү, ариун цэвэр, ариутгал зэрэг төрөл бүрийн сэдвээр мэргэжлийн болон практик зөвлөгөө авсан байна.
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд гарсан нэг шинэлэг санаачилга бол сургуульд суурилсан энтерпрайз гэсэн ойлголт юм. Энэ нь сургуулийн багш нар, сурагчид хамтдаа боломжоо ашиглаж, тодорхой үйлдвэрлэл явуулж, борлуулалт хийн, олсон орлогоо хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах, сургуульд сурсан зүйлээ бодит амьдралд хэрэгжүүлэх явдал юм. Сургуульд суурилсан энтерпрайз санаачилгын хүрээнд Өвөрхангай аймгийн Богд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль “Өглөөний цайг өөртөө” төсөл хэрэгжүүлж байгаа. Үүнтэй ижил төстэй төслүүд Ховд аймгийн Зэрэг, Завхан аймгийн Тэлмэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд тус тус хэрэгжиж байна.