Санхүүгийн хариуцлагатай зөвлөгч
Аливаа төсөл амжилттай хэрэгжих нь ашиг, орлогоо тооцох, тайлангаа зөв гаргах, санхүүгийн сахилга баттай байх зэрэг олон үйл ажиллагаанаас шалтгаалдаг. Тэгвэл төсөл амжилттай хэрэгжихэд хамгийн чухал зөвлөхүүдийн нэг байж, сурагчидтай хамтран ажиллаж байгаа нэг хүнийг танилцуулья. Т.Уранбилэг Ховд аймгийн Үенч суманд 2020 оноос хэрэгжиж байгаа “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн сум дахь санхүү хариуцсан гишүүн юм.
Төслийн хүрээнд зорилтот сумдын сурагчид “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх” буюу ESEL сургалтыг төгсөж, баг болон нэгдэж төсөл бичин Питч уралдаанд оролцдог. Энэхүү Питчээс шалгарсан төслүүд санхүүжилт авдаг бөгөөд санхүү хариуцсан гишүүн нь багийн хамтарсан дансыг хариуцаж, тэдний худалдан авалт, мөнгөн гүйлгээ, санхүүгийн тайлан, тооцоог хариуцдаг маш чухал үүрэгтэй.
Түүний хувьд эдийн засагч мэргэжилтэй. Үенч сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажилладаг. Анх төслийн сумын зөвлөл байгуулагдахад Т.Уранбилэгийг сумандаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдарч байгаа, хариуцлагатай, эдийн засагч мэргэжилтэй хэмээн санхүү хариуцсан гишүүнээр сонгосон байна. Тэрээр анх төслийн талаар мэдээлэл дутмаг байсан ч Ховд аймгийн төвд санхүү хариуцсан гишүүдийн сургалтад хамрагдан төслийн зорилго, зорилт болон санхүүгийн тайлан, тооцоо гаргах, санхүүгийн баримтуудад тавигдах шаардлага, санхүү хариуцсан гишүүний үүрэг оролцоог сайтар ойлгожээ. Ингээд сумандаа буцаж ирээд сургалтаар олж авсан мэдлэг, ойлголтдоо үндэслэн санхүүжилт авсан багийн багш, сурагчдад нэгдсэн сургалт хийж төсөл хэрэгжүүлэх багуудыг чадавхижуулж эхэлсэн байна. Мөн хуваарь гарган төсөл хэрэгжүүлэгч баг бүртэй уулзаж шаардлагатай байгаа дэмжлэг, зөвөлгөөг цаг алдалгүй өгдөг. Ингэснээр Үенч суманд нийт 8 төсөл амжилттай хэрэгжээд байгаа юм.
Т.Уранбилэг “Хүүхдийг Ивээх Сангийн төсөл нь олон ач холбогдолтой. Үр дүн ихтэй. Биднийг хүүхэд байхад ийм зүйл байсангүй. Харин энэ төсөл бол цаг үеэс шалтгаалаад хүүхдэд зайлшгүй хэрэгтэй байгаа олон чадварыг зэрэг хөгжүүлж байна. Шинэ санаа гаргах, түүнийгээ батлах, тэтгэлэг авч хэрэгжүүлэх нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ. Хэрэгжүүлэх явцдаа олон хүнтэй харилцаж, өөрийгөө илэрхийлж, сонголт, шийдвэр гаргаж сурч байна. Манай хүүхдүүд татварын байцаагч дээр очиж уулзаад, учраа тайлбарлаад баримтаа шивүүлээд аваад ирдэг. Энэ бол хүүхдийн хөгжиж байгаагийн илрэл. Би ч төслийн хүүхдүүдээ бие дааж хөгжөөсэй гэж боддог. Төсөл хэрэгжүүлсэн хүүхдүүдэд санхүүгийн сахилга бат, багаар хамтран ажиллах, шийдвэр гаргалт, өөрийгөө илэрхийлэх, асуудлыг даван туулах, дасан зохицох чадвар гээд хувь хүний олон чадварууд хөгжиж байгааг харахдаа баяртай байдаг” хэмээн ярилаа.
Санхүү хариуцсан гишүүний хувьд сурагчдын бүрдүүлж ирсэн баримтыг хянаж, сайжруулж, мөнгөн шилжүүлгийг хийхээс өмнө худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүн, техник хэрэгслийн зургийг харж, тухайн борлуулагч газрыг баталгаажуулж байж шилжүүлгээ хийдэг нь Т.Уранбилэгийн нэг хариуцлагатай чанар аж. Ингэснээр сурагчид Улаанбаатар хот, Ховд аймаг эсвэл Булган сум зэрэг Үенч сумаас өөр газраас худалдан авалт хийж байгаа тохиолдолд аливаа эрсдэл гарахаас сэргийлдэг байна. Мөн сурагчдыг төсвийн дагуу худалдан авалтаа зөв зохистой хийж байгаа эсэхийг хянаж, төсвийн дагуу, алдаа дутагдалгүй, зохих шаардлагын дагуу санхүүгийн баримт, гүйлгээгээ хийхийг хичээж ажилласнаар хариуцлага нэмэгдэж, бид нар ч ур чадвараа ч ихээхэн нэмэгдүүлж байна гэв. Тэрээр “Манай сумаас шалгарсан төслүүд амжилттай хэрэгжихэд төслийн сумын зөвлөлийн бүхий л гишүүдийн хамтын ажиллагаа, хариуцлагатай байдал, чиглүүлэгч багш нарын хичээл зүтгэл, төсөл хэрэгжүүлэгч сурагчдын урам зориг нэгдэж үр дүнд хүрсэн” хэмээн тэрээр мөн онцолж байлаа.