Хүртээмжтэй сургалт, үр дүнтэй удирдлага
Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн зорилтот сумдын нэг болох Ховд аймгийн Мөст сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Н.Далхаа зургаан удаагийн ESEL сургалтыг удирдан чиглүүлж, 208 сурагчийг амжилттай төгсгөсөн юм. Мөст сумын сургууль “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх” ESEL сургалтын багш бэлтгэх хоёр удаагийн сургалтаар нийт 12 багшийг мэргэшүүлэн бэлтгэсний нэг нь Н.Далхаа менежер билээ.
Сургалтын менежерийн хувьд сургалтыг амжилттай чиглүүлэхийг зорьж, сургалтын явцад ажиглалт хийж, тэмдэглэл хөтлөн, сурагч бүрийн идэвхтэй оролцоог хангахын тулд багш нарт аргазүйн зөвлөгөө өгч хамтран ажилладаг байна. Мөн ESEL сургалтын багш болон суралцагч нарын өдрийн ачааллыг нэмэгдүүлэхгүйн тулд сургалтыг хичээлийн нэгдсэн хуваарьт тусгадаг аж. Ингэснээр сургалт үр дүнтэй, хүртээмжтэй, багш, суралцагчдын оролцоог бүрэн хангах боломж бүрддэг байна.
Тэрээр, өсвөр үеийн сурагчдын хувь хүний хөгжил, харилцааны ур чадварууд, бизнес сэтгэлгээ зэрэг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт тэр бүр байдаггүй ч өнөө цагийн хүүхэд, залууст зайлшгүй хэрэгтэй ур чадваруудыг хөгжүүлдэг нь тэдэнд хамгийн их боломжийг бий болгож байгаа явдал юм хэмээн онцоллоо. ESEL сургалт нь сурагчид, багш нар, сургуулийн удирдлага гээд бүх талын хамтран ажиллах, хөгжих боломжийг нэмэгдүүлсэн гэв. Үүгээр зогсохгүй сургалтаа амжилттай төгссөн сурагчид санаагаа жижиг бизнес болгон хөгжүүлж, сум, орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, үе тэнгийнхнээ манлайлж, өөртөө итгэлтэй, бүтээлч, санаачлагатай байдлыг бий болгож байгааг бахархалтайгаар ярив.
Төслийн сумын зөвлөл нь сумын Засаг даргын захирамжаар байгуулагдан, журмын дагуу идэвхтэй ажиллаж, ESEL сургалтыг амжилттай төгсөн, пич уралдаанд төслөө ирүүлсэн сурагчидтай уулзаж ярилцан, төсөлтэй нарийвчлан танилцан, зөвлөмж өгч, уралдаанд шалгарсан төслүүдийн хэрэгжилтэд байнга хяналт тавьдаг нь сурагчид төслөө амжилттай хэрэгжүүлэх нэг үндэс болдог гэж Н.Далхаа менежер дүгнэсэн юм.