Шведийн Хүүхдийг Ивээх Сангийн хөтөлбөрийн захирал Хүүхдийг Ивээх Сангийн төслүүдтэй танилцлаа

Хүүхдийг Ивээх Сан өнөөдөр дэлхийн 120 гаруй улсад үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг дэмжих, шашны бус, олон улсын бие даасан байгууллага юм. Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр бусад улсуудын Хүүхдийг Ивээх Сангийнхантай олон чиглэлээр хамтран ажилладаг.

Шведийн Хүүхдийг Ивээх Сангийн Хандив, буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан захирал Карл фон Эссен Монголд ирж, 2024 оны 7 дугаар сарын 1-нд Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй зарим төслүүдтэй танилцаж, хамтран ажиллах талаар ярилцлаа.

 

Хүүхдийг Ивээх Сан бага, дунд ангийн хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зорилтот 2 аймаг, УБ хотын 3 дүүргийн сургуулиудад тэгш хамруулах боловсролын төслийг Япон улсын гадаад хэргийн яамны санхүүжилтээр 2021-2024 онд хэрэгжүүлсэн юм. Шведийн Хүүхдийг Ивээх Сангийн хөтөлбөрийн захирал төсөл хэрэгжсэн сургуулиудын нэг болох Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн тэгш хамруулах боловсролын төслийн үр дүн, туршлагатай танилцсан юм. Энэхүү төслөөр нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Өвөрхангай, Ховд аймгийн зорилтот 16 сургуулиудад  4-5 дугаар ангийн тусгай хэрэгцээт 84, 6-9 дүгээр ангийн 110 сурагчид хамрагджээ. Эдгээр хүүхдүүд тус сургуулиуд дээр төслийн хүрээнд байгуулсан “Хүүхэд хөгжлийн танхим”-д хичээллэж, ганцаарчилсан сургалтын хөтөлбөрөөр хөгжлийн дэмжлэг туслалцаа авчээ. Мөн зорилтот сургуулийн дунд ангийн багш нарын 98,6 хувь нь Тэгш хамруулах боловсролын арга зүйн сургалтад хамрагдсан бөгөөд 72 хувь нь тусгай хэрэгцээтэй хүүхдийг үнэлэх, эрт илрүүлэх, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулж үнэлэх аргачлалыг сургалтын үйл ажиллагаандаа ашигладаг болсон байна. Тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй эцэг эхчүүд 100 хувь хүүхдийнхээ сурч хөгжихөд дэмжлэг болох сургалтын орчин бүрдүүлэх, тэдний хөгжил, суралцах үйл явцад нь тусалж анхаардаг болсон гэж хариулжээ. Түүнчлэн бодлого, эрх зүйн баримт бичгүүдэд тусгай хэрэгцээтэй хүүхдийг ердийн сургуульд суралцах, тэдэнд нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэх асуудлуудыг тусгаж эрх зүйн хүрээнд баталгаажуулсан бөгөөд улсын төсвөөс үүнд зарцуулах төсөв нэмэгдсэн байна.

 

Карл фон Эссен Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, таатай орчин бүрдүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх” төслийн залуу манлайлагч, залуу элч нарын 3х3 сагсан бөмбөгийн талбай болон хүүхэд, залуучуудын “Мэдлэгтэй өрөө” номын сангийн төсөлтэй танилцлаа. Энэхүү төсөл Улаанбаатар хотын Баянхошуу, Сэлбэ бүсийн 11 хорооны залуучуудын нийгэм эдийн засгийн төлөв байдлын талаарх ойлголтыг сайжруулах, залуучуудын утга учиртай оролцоог хангах орчныг нэмэгдүүлэх, хот төлөвлөлт загварчлал, бүтээн байгуулалт, засаглалд гэр хорооллын залуучуудыг утга учиртай оролцооны арга барилыг турших зорилготой 2022-2023 онд хэрэгжсэн юм. Төслийн “Залуу элч” хөтөлбөрт хамрагдсан М.Мөнхнаран 3 гишүүний хамт 3х3 сагсан бөмбөгийн талбайг санаачилсан бөгөөд одоо томоохон кампаниуд болон бусад байгууллагууд руу хамгаалах хашаа, сандал хийх санхүүжилтийн хүсэлтээ гаргаад байгаа аж.

Шведийн Хүүхдийг Ивээх Сангийн хөтөлбөрийн захирал Карл фон Эссен “Олон чиглэлийн төслүүдтэй танилцлаа. Боловсрол, тэгш хамруулах боловсрол хамтдаа явагдаж байгааг харлаа. Надад тэгш хамруулах төсөл хэрэгжүүлж байгаа багш болон сургагч багш нарын ажлын үр сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Хөгжлийн ялгаатай хүүхдүүд тусгаарлагдмал, өртөмтгий, эмзэг байдаг. Тиймээс тэдэнд анхаарлаа хандуулж, сайн халамжилж, бусад хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлж байгааг харах үнэхээр сайхан санагдсан юм. Хүүхдүүд бие биедээ анхаарал халамж тавьж, хөгжлийн ялгаатай хүүхдүүдэд тусалж, хамтдаа суралцах, тэднийг сэтгэл хөдлөлийн төлөвшил, хайрлах, халамжлах ухаанд сургаж байгаа нь үнэхээр гайхалтай. Надад боломж гарвал буцаж ирнэ” хэмээн ярилаа.