Б.Цэрэнханд: Боловсролын салбарын тэргүүлэх чиглэлүүдээр төсөл хэрэгжүүлж байна
“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн зохицуулагч Б.Цэрэнхандтай ярилцлаа. Тэрээр боловсролын салбарт 15 жил тэр дундаа олон улсын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрт 11 дэх жилдээ ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд боловсролын салбарт НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт хэрэгжиж буй хууль тогтоомж болон бодлогын баримт бичигт “Жендерийн эрх тэгш байдлыг хангах” үзэл санаа тусгагдсан талаар судалгааны ажил, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн 1000 инженер буюу “Инженер, технологийн дээд боловсрол” төслүүд дээр ажиллаж байв.
– “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийнхөө талаар танилцуулна уу?
-Боловсролын салбарын дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Боловсролын Дэлхийн Түншлэл (Global Partnership for Education) /GPE/ байгууллагаас Монгол Улсын Засгийн газарт 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгосон. Энэхүү буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яам 2022 оны 9 дүгээр сараас эхлэн боловсролын салбарын тэргүүлэх чиглэл болох (I) тэгш хамран сургах боловсрол, (II) сургуулийн үдийн хоол болон (III) хосолсон сургалт гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүнтэйгээр “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төслийг ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж эхэлсэн. EQUAL төсөлд улсын хэмжээнд 12 аймаг, 9 дүүргийн нийт 113 ерөнхий боловсролын сургууль хамрагдаж байна. Төслийн санхүүжүүлэгч байгууллагын талаар товч дурдвал Боловсролын Дэлхийн Түншлэл-Global Partnership for Education /GPE/ байгууллага маань хөгжиж буй улс орнуудын хүүхдүүдэд чанартай боловсрол олгоход боловсролын салбарт шаардлагатай буцалтгүй тусламжийг олгодог цорын ганц түншлэлийн сан юм.
-Төслийн эдгээр бүрэлдэхүүн хэсэг яагаад боловсролын салбарт чухал хэрэгцээ шаардлагатай байгаа вэ?
– “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төсөл нь тэгш хамруулах хандлагад тулгуурлан боловсролын хүртээмж, чанарыг сайжруулахад чиглэгдэж байгаа. Төслийн 3 бүрэлдэхүүн хэсэг тус бүртээ хүүхдийг боловсролд тэгш хамруулахад тулгарч буй саад бэрхшээлийг тодорхой хэмжээнд арилгах зорилготой юм. Нэгдүгээрт, Ерөнхий боловсролын сургуулийн орчин, материаллаг бааз, багш нарын бэлтгэл зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад сөргөөр нөлөөлж байгаа олон асуудлаас үүдэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж чадахгүй байна. Эдгээр асуудлын тодорхой хэсгийг шийдвэрлэхээр төслийн 1-р бүрэлдэхүүний хүрээнд 6 үндсэн үйл ажиллагааг явуулж байна. Энэхүү бүрэлдэхүүн нь ерөнхий боловсролын 300 багш, бага болон дунд ангид суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй 140 суралцагч, тэдгээрийн эцэг эхэд шууд дэмжлэг үзүүлэх юм. Хоёрдугаарт, Сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж, хоол зүйчийн хүрэлцээ, сурагч, эцэг эхийн үдийн хоолны талаарх мэдлэг, мэдээлэл дутмагаас үүдэн сургуулийн болон дотуур байрны үдийн хоолны чанар, хүртээмж хангалтгүй байгаа гэсэн судалгаа бий. Иймд төслийн 2-р бүрэлдэхүүний хүрээнд зорилтот сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг сайжруулахаар нийт 7 үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэхүү бүрэлдэхүүний үр шимийг нийт 45 зорилтот сургуулийн 6-14 насны 48,000 гаруй суралцагч хүртэх юм. Гуравдугаарт, Сургуулиудад тохирсон хосолсон сургалтын загварыг бий болгож хичээл сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах, суралцагчдын суралцах чадварыг сайжруулах шаардлагатай байгаа. Төслийн 3-р бүрэлдэхүүний хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүрэг болон Булган, Дундговь, Сүхбаатар, Увс, Ховд аймгийн 50 сургуулийн 5,000 суралцагчийг хамруулан, бага, дунд ангийн 1,000 гаруй багшийн ур чадварыг хосолсон сургалтын чиглэлээр дээшлүүлж, боловсролд тэгш хамрагдах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.
– Өнгөрсөн хугацаанд төслийн хэмжээнд ямар ажлууд явагдав. Гарсан үр дүнгээс танилцуулж болох уу?
– Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс өнгөрсөн хугацаанд багагүй ажлуудыг мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн үүний дотор Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймаг, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргийн нийт 18 сургуульд “Хүүхдийн хөгжлийг дэмжих танхим”-ийг 1 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтээр байгуулж өгсөн. Энэхүү танхимыг байнгын ажиллагаатай байлгах тал дээр анхаарч тусгай хэрэгцээт боловсролын мэргэжлийн багш нарыг тухайн сургууль дээр томилон ажиллуулж багш нарыг чадавхижуулах, үе тэнгийн найзууд тэдгээрийн эцэг эх асран хамгаалагч нарт сургалт, нөлөөллийн ажлуудыг хийсэн. Дээрх зорилтот аймаг дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 108 сургуулийн 647 удирдах ажилтан, 2170 бага ангийн багш нарт “Тэгш хамруулан сургах боловсролын онол, арга зүй” сургалтыг амжилттай зохион байгуулсан. Сургуулийн үдийн хоол бүрэлдэхүүний хүрээнд нийт 36 ерөнхий боловсролын сургуульд “Хоол зүйч”-ийг хөрвүүлэх сургалтаар бэлтгэж байгаагаас 25 төгсөгч гэрээт ерөнхий боловсролын сургуульдаа ажиллаж эхлээд байна. Түүнчлэн Хосолсон сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх 50 сургуулийг сонгон эхний судалгаануудыг хийсэн бөгөөд сургуулийн багш, удирдлагуудад зориулсан сургалтуудыг явуулж эхлээд байна.
– Төсөл хэрэгжүүлэх явцад гарч байсан сорилт бэрхшээл байна уу?
– Төр болон хувийн хэвшил иргэд, олон нийт тэгш хамруулах гэдэг ойлголт муутай байна. Энэ нь бидэнд бэрхшээл гэхээс илүүтэй эхнээс нь зөв ойлголт хандлагатай болгоход давуу тал гэж харж байна. Төслийн зорилтот сургуулиудыг сонгоход тодорхой хэмжээний бэрхшээл тулгарч байв. Бид зорилтот сургуулийн үндсэн шалгуурыг бусад төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаагүй, нийслэл, аймаг, сумаас алслагдсан байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, мөн газар зүйн байршил зэргийг харгалзан сонголтыг хийсэн. Ялангуяа аймаг, сумаасаа алслагдсан сургуулиуд олон улсын санхүүжилттэй төсөл хөтөлбөрт сонгогдох магадлал бага байдаг тул манай төслийн хүрээнд ийм сургуулиудыг түлхүү сонгосон байгаа.
– Цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
– Бид цаашид хийж байгаа үйл ажиллагаагаа чанаржуулахын зэрэгцээ энэ онд Хосолсон сургалт бүрэлдэхүүний хүрээнд нилээд ажлууд төлөвлөгдсөн байгаа. Төслийн хүрээнд 2024 онд худалдан авах үйл ажиллагаагаар 8 тэрбум орчим төгрөгний санхүүжилтээр 45 сургуулийн гал тогоонд шаардлагатай тоног, төхөөрөмж туслах хэрэгсэл нийлүүлэх, мөн 36 сургуульд цахим танхим байгуулах, 150 багшийг зөөврийн компьютерээр хангах гэх ажлуудыг төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэхийг зорьж байна.
– Үндсэн гурван чиглэл тус бүрд хэрэгжүүлэх ажлуудаа дэлгэрүүлж тайлбарлаж болох уу?
– Тэгш хамран сургах боловсрол бүрэлдэхүүний хүрээнд гэхэд зорилтот 4 аймаг 2 дүүргийн дунд ангийн багш нарыг хөтөлбөр шинэчлэлтийн хүрээнд тохируулга хэрхэн хийх талаар, зорилтот сургуулийн эцэг, эх асран хамгаалагчид, үе тэнгийн найзуудад эерэг хандлагатай болоход дэмжлэг үзүүлэх зорилгоор нөлөөллийн ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ. Мөн анх удаа тусгай хэрэгцээт боловсролын чиглэлийн багш нарын мэргэжлийн хөгжлийн бүлгийг байгуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, тогтолцоог бий болгоход илүү анхаарч ажиллана.
– Тэгвэл өөр нэг чухал чиглэл болох сургуулийн үдийн хоолны бүрэлдэхүүн хэсгээр ямар ажлууд хийж хэрэгжүүлэх вэ?
– Сургуулийн үдийн хоол бүрэлдэхүүний хүрээнд дунд ахлах ангийн сурагчдыг “Өглөөний цай”-ны ач холбогдлын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, тогтмол өглөөний цайгаа уудаг дадалтай болгох талаар 11 аймгийн 9 дүүргийн зорилтот 39 ерөнхий боловсролын сургуульд нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж үр дүнг танилцуулна. Зорилтот 45 сургуулийн гал тогоонд шаардлагатай тоног төхөөрөмж туслах хэрэгсэл нийлүүлэгдсэнээр тухайн сургууль бие даан илүү илчлэг, шим тэжээллэг үдийн хоолоор үйлчлэх боломж бүрдэнэ. Мөн дотуур байрны суралцагчдад хоол шим тэжээлийн боловсрол олгох хичээлээс гадуурх нэмэлт хөтөлбөрийг туршин хэрэгжүүлнэ.
– Хосолсон сургалт бүрэлдэхүүний тухайд?
– Сум, аймаг, дүүргийн ерөнхий боловсролын 50 сургуульд танхимын сургалтыг цахим технологитой хослуулан хэрхэн үр дүнтэйгээр “Хосолсон сургалт”-ыг хэрэгжүүлж нэвтрүүлэх талаар үндсэн 150 ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн багшийг сургагч багшаар бэлтгэх, цаашлаад өөрийн сургууль дээр түгээн дэлгэрүүлэх 750 багшийг бэлтгэн хосолсон сургалтын 4 модулийг туршин хэрэгжүүлнэ. Дүүргийн 12, аймгийн төвийн 10, сумын 14 нийт 36 ерөнхий боловсролын сургуульд цахим танхимыг 2,9 тэрбум төгрөгөөр байгуулж өгнө.