Амжилтад хөтөлсөн хамтын ажиллагаа
Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершип боловсрол олгох” төслийг Өвөрхангай аймагт хэрэгжүүлэхэд Худалдаа аж үйлдвэрийн салбар танхим үр дүнтэй хамтран ажилласан юм.
МҮХАҮТ-ын Өвөрхангай аймаг дахь салбар танхим сүүлийн 24 жил орон нутагтаа үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Бизнесийн салбар, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоод, аж ахуйн нэгжүүдтэй нягт холбоотой ажиллаж иржээ. Тус байгууллага нь бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байх зорилготой юм.
“Орон нутгийн өсвөр үеийхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн Аймгийн зөвлөл (ТАЗ) 2020 онд байгуулагджээ. Төслийн үйл ажиллагааг аймаг, орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд аргазүйн дэмжлэг үзүүлэх зорилготой энэ зөвлөлд Худалдаа, аж, үйлдвэрийн танхим (ХАҮТ)-ын дарга Б.Ууганбаяр гишүүнээр орж ажилласан нь хамтын ажиллагаа бэхжих, хөгжих үндэс болжээ. Зорилтот сумуудад төслийн үйл ажиллагааг гардан хэрэгжүүлэх Төслийн сумын зөвлөл (ТСЗ) байгуулагдахад ХАҮТ-ын дарга Хүүхдийг Ивээх Сангийн салбартай хамтран зорилтот сумдаар хамтдаа очиж ажиллахдаа ТСЗ-ийн гишүүнээр сум, орон нутагтаа бизнес эрхэлдэг ХАҮТ-ын гишүүдийн төлөөллүүдийг бүрэлдэхүүндээ багтаасан байна. Үүний үр дүнд зорилтот сумдад тогтмол бизнес эрхэлж байгаа, олон жилийн туршлагатай бизнес эрхлэгчид сайн дураараа менторын дэмжлэгийг сумын хүүхэд, залуучуудад үзүүлэх боломж бүрджээ. Менторууд туршлагаа хуваалцаж, сумынхаа ирээдүй, хойч үе хүүхэд, залууст оюуны томоохон хөрөнгө оруулалт хийсэн их үр дүнтэй ажил болсон юм.
2024 оны 2 дугаар сард болсон бичил төслийн уралдааны үеэр орон нутгийн бизнес эрхлэгчдийг хүүхэд, залуусын бичсэн төслийг дэмжин, хөрөнгө оруулалт татах зорилгоор “Шаркуудын эрэлд” аянг санаачлан зохион байгуулав. Аяны хүрээнд аймаг, сумын бизнес эрхлэгчид, ХАҮТ-ын тэргүүлэгчид пич арга хэмжээнд олноороо оролцож, тэдгээр хүмүүс хүүхэд, залуучуудын санаачилсан төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд ихээхэн нөлөөлсөн гэж үзэж байна. Хамтын ажиллагааны үр дүнд Бат-Өлзий, Гучин-Ус, Сант, Хужирт сумын бизнес эрхлэгч найман хүн, зорилтот сумдын удирдлагууд идэвх, санаачилга гарган пич арга хэмжээнд биечлэн оролцож, таван багт нийт 3,8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, Бат-Өлзий сумын бизнес эрхлэгч Насан туршийн суралцахуйн нэгжийн залуусын төслийг ажлын байраар дэмжихээр болжээ.
Өвөрхангай аймаг дахь ХАҮТ нь аймгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг нэг дор төвлөрүүлэн сурталчлах, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, тэпний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, чанарын шаардлагад нийцсэн, шинэ бүтээгдэхүүнээр хангах, улмаар орон нутагт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зорилготой байгуулагдсан “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвийг хариуцан ажилладаг. Тус төвөөр дамжуулан бичил төсөл хэрэгжүүлж байгаа сурагчид, сумын залуусыг дэмждэг юм. Тодруулбал, төслийн хүрээнд бичил санхүүжилт авч төслөө хэрэгжүүлж байгаа багуудын сурагчид, сумын залуусын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвөөр дамжуулан 2022 оноос хойш борлуулж байна. ESEL хөтөлбөрийг амжилттай төгссөн, төсөл нь дэмжигдэж санхүүжилт авч үйлдвэрлэлээ эхлүүлсэн багуудын бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан, борлуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. 2024 оны 6 дугаар сарын байдлаар “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвөөр таван сумын 10 төслийн багийн 15 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг тогтмол борлуулж байгаа юм. Тухайлбал, Хархорин сумын Гүнзгий сургуулийн “Doctor colors” төслийн багийн аяга, бэлэг дурсгалын зүйлс, Хархорин сумын 2 дугаар сургуулийн “Төгс зохицол” төслийн олон төрлийн лаа, давсан урлалууд, “Цүнхний шинэ эрин үе” төслийн даавуун цүнхнүүд, Орхон сургуулийн “Хорум урлан” төслийн модон бэлэг дурсгалууд, Богд сумын 2 дугаар сургуулийн “Nature craft” төслийн давсан урлалын бэлэг дурсгал, Богд сумын нэгдүгээр сургуулийн “Шагайн наадгай” төслийн шагайн наадгай олбог, 2 дугаар сургуулийн “Ухаан заяа” төслийн уран зургууд, Насан туршийн суралцахуйн нэгжийн “Уран гогцоо” төслийн нэхмэл гутлууд, Сант сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Монгол гоёл” төслийн гоёл чимэглэлүүд, Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн “Монгол хүж” төслийн хүж зэрэг олон бүтээгдэхүүнийг дурдаж болно. Эдгээр бүтээгдэхүүний нийт борлуулалт 2,5 сая төгрөг болжээ. ХАҮТ үүнээс гадна зорилтот сумдын Насан туршийн суралцахуйн нэгжийн ESEL хөтөлбөр төгсөж, санхүүжилт авч төслөө хэрэгжүүлж байгаа сумын залуусыг “Өвөрхангай намрын баяр-2023” түншлэл, үзэсгэлэн худалдаанд оролцоход нь дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан юм. Энэ нь гарааны бизнесээ эхлүүлж байгаа сумын залууст бүтээгдэхүүнээ сурталчилах таатай боломж болжээ.
ХАҮТ-ын дарга Б.Ууганбаяр “Энэ төсөл цаг үеэ олсон, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг багаас нь бизнесийн болон амьдрах ухаанд сургахад томоохон хувь нэмэр оруулж байгаа их онцлогтой. Зорилтот сумдын 14-25 хүртэлх насны залуус уг төсөлд хамрагдсанаар олон талаар хөгжөөд зогсохгүй гарааны бизнесээ эхлүүлж байна. Товчхондоо энэ төслийн хүрэх үр дүн нь ХАҮТ-ын зорилготой яв цав нийцэж байгаа учир цаашид төслийн арга зүйг нутагшуулан авч үлдэх, төслийн тогтвортой байдлыг хангахад ХАҮТ-ын хамтын ажиллагаа чухал шаардлагатай гэж үзэж байна. Төсөлд хамрагдаж бизнесээ өргөжүүлж байгаа сумын залуус ирээдүйд ХАҮТ-ын тэргүүлэгч, албан ёсны гишүүн болж Монголын төдийгүй олон улсын туршлагаас судалж, бизнесээ улам хөгжүүлэх боломжтой” хэмээн ярилаа.
Аливаа төсөл орон нутагт үр өгөөжтэй хэрэгжих үндэс суурь нь урт хугацааны, тууштай түншлэл байдаг гэдгийг Өвөрхангай аймаг дахь ХАҮТ болон төслийн салбар хоорондын үр дүнтэй хамтын ажиллагаа харуулж байна.