Чандмань суманд хэрэгжиж буй “Денан төсөл”-ийн хэрэгжилт, үр дүнтэй танилцлаа
Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй Денан төслийн санхүүжилтээр 2022 оноос Говь-Алтай аймгийн Чандмань суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Чандмань сумын эрүүл мэндийн төвд 2022 онд шүдний кабинет байгуулж, 2023 онд тус сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлтэй хамтран түргэн тусламжийн шинэ авто машин хандивласан юм. Түүнчлэн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, эм тариа авахад дэмжлэг үзүүлж, Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн клубын үйл ажиллагаанд зориулан тоног төхөөрөмж өгсөн. “Денан төсөл”-ийн хэрэгжилт, үр дүнтэй Хүүхдийг Ивээх Сангийн Монгол улс дахь менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, эрүүл мэндийн төслийн ажилтан Б.Номин, “Денан төсөл”-ийн санаачлагч бөгөөд ерөнхийлөгч Яанг Ричард, “Денан төсөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол дахь төслийн зохицуулагч Шин Жийн С нар 2024 оны 7 дугаар сарын 22-нд танилцлаа.
Чандмань сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ төслийн явцаа танилцуулж, гарсан үр дүнгээсээ хуваалцав. Өнгөрсөн хугацаанд шүдний кабинетаар 1666 хүн эмчилгээ хийлгэж, 1488 хүн урьдчилан сэргийлэх үзлэгт орж, давтан үзлэгт 1047 хүн хамрагджээ. Тус кабинетаар Чандмань сумын иргэдээс гадна эргэн тойрны Эрдэнэ, Цогт сум, Баянтоорой тосгон, Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан, Баян-Өндөр зэрэг сумын иргэд үйлчлүүлж, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Чандмань сумын Эрүүл мэндийн төв хандиваар авсан түргэн тусламжийн авто машинаараа нийт 15 мянган км замыг туулж, 2023 онд нийт 29 удаа, 2024 оны эхний 6 сарын байдлаар 145 удаа дуудлагад явж, иргэдийн амь насыг аварч, түргэн тусламж үзүүлжээ. Эдгээр 174 дуудлагын 73 нь зөвхөн хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой түргэн тусламжийн дуудлага байсан аж.
Энэ үеэр Чандмань сумын ЕБС-ийн их эмч Б.Буманнанжид төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч байгууллагынханд “Эрүүл мэндийн “Энхийн үйлстэн” клубийнхээ талаар танилцуулсан бөгөөд тус клуб 9-12-р ангийн 33 хүүхэдтэй. Сурагчид 7 хоногт 2 удаа өрөөндөө цуглаж, ажлаа ярилцдаг. Сард 3 удаа олон нийтэд зориулсан сургалт явуулж байна. Амны хөндийн эрүүл мэндийн сургалтыг 2 удаа зохион байгуулжээ. Клубын сурагчдаас 2 нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд оюутан болсон байгаа” хэмээн танилцуулав.
“Денан төсөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол дахь төслийн зохицуулагч Шин Жийн С “Би хоёр дахь удаагаа Чандмань суманд ирж байна. Анх ирсэн 2022 оны тавдугаар сараас хойш маш их ахиц дэвшил гарчээ. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд үргэлжилсэн хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд цаашид ч үргэлжилнэ гэдэгт найдаж байна. Энэ бол бидний хүлээж байсан бага хэмжээний амжилт. Хүүхдийг Ивээх Сан болон “Денан” төслийн зүгээс АНУ болон дэлхийн бусад улс орнуудын хандивлагч байгууллагууддаа талархлаа илэрхийлье. Чандмань сумыг 2 жилийн өмнөх байдалтай харьцуулбал олон өөрчлөлт гарч, Эрүүл мэндийн төвд ч олон сайжруулалт хийгдэж байгааг харж байна. Бид олсон ахиц дэвшил ярьсан, ирэх онд юу хийх талаараа төлөвлөж, саналаа солилцсон үр дүнтэй сайхан уулзалт боллоо” хэмээн ярилаа.
Уулзалтын төгсгөлд Ч.Бат-Эрдэнэ Эрүүл мэндийн төвд явуулын багц төхөөрөмж шаардлагатай байгаа талаар хүсэлт гаргасан юм. Энэ багц төхөөрөмжид зөөврийн эхо аппарат болон зүрхний цахилгаан бичлэгийн аппарат гэх мэт бусад техникүүд багтдаг бөгөөд хаана ч үзлэг, шинжилгээ хийх боломжтой аж.