Завхан аймагт “Денан төсөл”-ийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага тодорхойлох уулзалтууд хийлээ
Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан” төслийн санхүүжилтээр 2011 оноос Архангай аймгийн Тариат, 2022 оноос Говь-Алтай аймгийн Чандмань суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь Сумын эрүүл мэндийн төвийн үйлчилгээг сайжруулах, зорилтот сумдын нийгмийн эрүүл мэндийг дээшлүүлэх, эмнэлгийн хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах, эм, эмнэлгийн хэрэгсэлээр материалаар хангах зорилготой ажилладаг.
“Денан төсөл”-ийн хүрээг тэлэх, Завхан аймагт төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох зорилгоор Хүүхдийг Ивээх Сангийн Монгол улс дахь менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, эрүүл мэндийн төслийн ажилтан Б.Номин, Завхан аймгийн салбарын ажилтан П.Дөлгөөн, Б.Мягмарсүрэн, “Денан төсөл”-ийн санаачлагч бөгөөд ерөнхийлөгч Яанг Ричард, “Денан төсөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол дахь төслийн зохицуулагч Шин Жийн С нар Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үржинханд болон мэргэжилтнүүдтэй 2024 оны 7 дугаар сарын 24-нд уулзалт хийлээ. Уг уулзалтаар тус аймгийн Эрүүл мэндийн газраас иргэдийн эрүүл мэндийн үзүүлэлт, тусламж үйлчилгээний талаарх мэдээллээ хүргэж, Түдэвтэй суманд Эрүүл мэндийн төвийн шүдний кабинетын тоног төхөөрөмжийг сайжруулах, шинэчлэх хэрэгцээ байгааг танилцуулав. Түдэвтэй сумын Эрүүл мэндийн төвийн шүдний кабинетаар энэ сумын иргэдээс гадна тойргийн Асгат, Сонгино, Баянтэс, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Сантмаргац, Цэцэн-Уул зэрэг 9 сумын 16 мянга гаруй иргэд, 0-18 насны 6600 орчим хүүхэд шүдний тусламж үйлчилгээ авдаг байна.
Хүүхдийг Ивээх Сангийн Эрүүл мэндийн төслийн ажилтан Б.Номин, “Денан төсөл”-ийн санаачлагч бөгөөд ерөнхийлөгч Яанг Ричард, “Денан төсөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол дахь төслийн зохицуулагч Шин Жийн С нар Завхан аймгийн Түдэвтэй суманд очиж, Эрүүл мэндийн төвийнхөнтэй уулзан, эмнэлэгтэй нь танилцлаа. Түдэвтэй нь аймгийн төвөөсөө 250 км зайтай байрладаг, 1800 орчим хүн амтай, зундаа халуун, өвөлдөө хүйтэн эрс тэс уур амьсгалтай сум аж.
Тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н.Өлзийжаргал төслийн багийнханд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл өглөө. Эмнэлэг нь мэдээгүйжүүлэгч, дотор, хүүхэд, нүүр ам судлал, уламжлал гэх мэт нарийн мэргэжлийн эмч нартай ба нийт 26 ажилтан албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэндийн төвийн шүдний кабинет 2016 онд ашиглалтад орсон бөгөөд 2022 онд 1054, 2023 онд 997 хүнд амны хөндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Н.Өлзийжаргал “Сумын хэмжээнд 0-17 насны 512 хүүхэд байгаагаас шүд амны хөндийн эрүүл мэндийн өвчтэй хүүхэд 406 буюу 80.4 хувьтай байна. Одоогийн эмч нь 2023 оноос тогтвор суурьшилтай ажиллаж байгаа” хэмээн ярив.
Түдэвтэй сумын Эрүүл мэндийн төвийн шүдний кабинетаар тойргийн 9 сумын иргэдээс гадна Хөвсгөл, Увс аймгийн хил залгаа сумын иргэд үйлчлүүлдэг байна. Тойргийн сумдаас хамгийн хол зайтай нь Түдэвтэйгээс 180 км, Улиастайгаас 430 км байдаг Тэс аж.
Эрүүл мэндийн төвөөс “Денан төсөл”–ийн багийнханд шүдний кабинетын үйл ажиллагааг илүү хүртээмжтэй болгох, үйлчилгээгээ өргөжүүлэхэд хэрэгцээ, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах хүсэлт гаргав.