Архангай аймагт хэрэгжиж буй “Денан төсөл”-ийн үр дүнтэй танилцлаа
Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр Архангай аймгийн Тариат суманд 2011 оноос, тус аймгийн Эрдэнэмандал суманд 2017 оноос, Говь-Алтай аймгийн Чандмань суманд 2022 оноос эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байна.
Түүнчлэн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, эм тариа авахад дэмжлэг үзүүлж, Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн клубын үйл ажиллагаанд зориулан тоног төхөөрөмж өгсөн юм.
“Денан төсөл”-ийн санаачлагч бөгөөд ерөнхийлөгч Яанг Ричард, Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол дахь төслийн зохицуулагч Шин Жийн С, Хүүхдийг Ивээх Сангийн Эрүүл мэндийн төслийн ажилтан Б.Номин нар 2024 оны 7 дугаар сарын 25-26-нд Архангай аймагт хэрэгжиж буй төслийн үр дүнтэй танилцав.
Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр Архангай аймгийн Тариат сумын Эрүүл мэндийн төвд эмч мэргэжилтэн бэлтгэх, тоног төхөөрөмжөөр хангах, шүдний кабинет байгуулах, багийн эмч нарт шатахуун авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, сурагчдын эрүүл мэндийн клуб байгуулах зэрэг олон үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Тариат сумын Эрүүл мэндийн төвийн дарга Э.Давааням төслийн үр нөлөө болон эмнэлгийн үйл ажиллагаагаа танилцуулж, хүүхдийн хэвтэн эмчлүүлэх өрөөнд орны шинэчлэл шаардлагатай байгаа, шүдний кабинетын хуучирсан зарим багаж төхөөрөмжийг сайжруулах, шинээр нэмж авах хэрэгцээ шаардлага байгаа талаар дурдлаа.
Шүдний кабинетын эмч Б.Пүрэвдулам “Бид өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 20 гаруй мянган хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн. 2017 онд сумынхаа цэцэрлэг, сургуулийн хүүхдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж дүгнэхэд шүд цоорох өвчний тархалт 98% нь байсан бол одоогийн байдлаар 83% болтол буурсан үр дүнтэй байгаа” хэмээн ярилаа.
Төслийн багийнхан тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаатай уулзаж, цаашид хийх ажлынхаа талаар ярилцсан юм. Энэ үеэр Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа төслөөс гарсан үр дүнгээ хуваалцаж, Тариат, Эрдэнэмандал суманд сүүлийн 10 жилд хүн ам өсөж, үзлэгийн тоо нэмэгдсэн, эх, хүүхдийн эндэгдэлгүй байгаад “Денан төсөл”-ийн оруулсан хувь нэмэр их байгааг тодотгож, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжилтэн сургаж бэлтгэх зэрэг олон талаар тусалж, дэмжиж ирсэнд талархлаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд Р.Гандиймаа сумуудын багийн эмч нарт өвлийн улиралд дуудлагад явахдаа өмсөх хүйтнээс хамгаалах хувцас, дуудлагад явахад шаардлагатай бензиний зардал нэмэх, Эрдэнэмандал сумын эмнэлэгт явуулын оношилгооны багц төхөөрөмж, Тариат сумын шинээр ашиглалтад орох эмнэлгийн чийрэгжүүлэлтийн танхимд тоног төхөөрөмж зэрэг зүйлс шаардлагатай байгаа талаар хүсэлт гаргасан юм.
“Денан төсөл”-ийн санаачлагч бөгөөд ерөнхийлөгч Яанг Ричард Говь-Алтай, Завхан, Архангайд ажилласны дараа “Энэ аялал маш их урам зориг өглөө. Бид олон асуудал байгааг олж харлаа. Бидний хийхийг хүсэж буй маш олон зүйлүүд байна. Тиймээс одоо эдгээр олон асуудлуудаас аль нь хамгийн чухал болохыг тодорхойлох хэрэгтэй. Мэдээж сорилттой тулгарна. Бид Хүүхдийг Ивээх Сангийнхантай хамтдаа ярилцаад эдгээр асуудлуудаа шийдвэр гаргах эрх бүхий удирдлагын зөвлөлд танилцуулах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.