БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Удирдах зөвлөлийн гишүүд Монголд ажиллаж байна
Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан бусад улсуудын Хүүхдийг Ивээх Сангийнхантай олон чиглэлээр хамтран ажилладаг билээ. Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Удирдах зөвлөлийн гишүүд 2024 оны 8 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна. Энэ үеэр Удирдах зөвлөлийн гишүүд Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн удирдлага, ажилтнуудтай уулзаж, цаашдын зорилго, бодлого төлөвлөгөөтэй танилцав. Түүнчлэн тэгш хамруулах боловсрол, хүүхэд хамгаалал, хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл хэрэгжиж байгаа сургуулиудын багш ажилтан, сурагчидтай уулзлаа. Мөн зудын гамшигт нэрвэгдсэн малчид, орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзаж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцлаа.
БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Удирдах зөвлөлийн тэргүүн Уу Жүн “Бид бүгд хүүхдийн сайн сайхан ирээдүйн төлөө хүчин зүтгэж байгаа нэг зорилготой байгууллага. БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн тэргүүлэх чиглэлд хүмүүнлэгийн тусламж болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагаа ордог. Монгол оронд уур амьсгалын өөрчлөлт орон нутгийн иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа тул бид энэ чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судалж байна” хэмээн онцоллоо.
Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Монгол Улс БНСУ-тай эртнээс олон салбарт найрсаг харилцаатай байсан. Өнөөдөр хоёр улсын хооронд эдийн засаг, нийгэм, хүн хоорондын харилцаа өндөр түвшинд хөгжиж байна. БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Удирдах зөвлөлийн даргаар ахлуулсан баг манай улсад зочилж бидний үйл ажиллагаатай танилцаж буйд миний хувьд маш их баяртай байна. Энэ нь манай хоёр байгууллагын ирээдүйн, урт хугацааны хамтын ажиллагааны суурь болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлэв.
БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Удирдах зөвлөлийн гишүүд Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангаас 2021-2024 онд хэрэгжүүлсэн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн зорилтот 37 дугаар ерөнхий боловсролын сургууль дээр 2024 оны 8-р сарын 19-нд айлчилж сургуулийн багш нар, хүүхдүүдтэй ярилцлаа. Тус сургууль дээрх тэгш хамруулах сургалтын үйл ажиллагаа, боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэд тус бүртэй ганцаарчилсан төлөвлөгөөний дагуу ажилласан туршлага, “Хүүхэд хөгжлийн танхим”-ын үйл ажиллагаа зэрэг төслийн хүрээнд бий болсон үр дүнтэй газар дээр нь танилцаж, хүүхдүүдийн бяцхан урлагийн тоглолтыг шимтэн үзлээ.
Түүнчлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, Монгол Улсын хүүхэд хамгааллын салбарын өнөөгийн нөхцөл байдал, ололт амжилт, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Тус газрын дарга Т.Ихтамир “2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын дагуу сум, хорооны хамтарсан багуудад хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнууд 2025 оны 1 дүгээр сараас эхлэн ажиллахтай холбоотой хүний нөөцийг бэлтгэх ажил тэргүүлэх ач холбогдолтой байна” хэмээн хэлэв. Түүнчлэн, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн мэдээллийн санг шинэчлэхэд олон улсын аргазүйг нэвтрүүлэх, хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын төвийн сэтгэл зүйч нарыг чадавхжуулах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төвүүдийг тохижуулахад дэмжлэг шаардлагатай байгааг дурдав.
Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангаас өнгөрсөн 2023 онд үерийн гамшигт өртсөн Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхдүүдэд туслах төслийг хэрэгжүүлсэн бөгөөд тусламжид хамрагдсан айлаар БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Удирдах зөвлөлийн гишүүд зочлов. Энэ төслийг санхүүжүүлсэн гурван байгууллагын нэг нь БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сан байсан юм.
БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Удирдах зөвлөлийн гишүүд 8 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд хэрэгжиж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн үйл ажиллагаатай танилцахаас гадна Хужирт сумд малчин айлаар орж уур амьсгалын өөрчлөлт тэдний амьдралд хэрхэн нөлөөлж буй талаар ярилцах юм. Хүүхдийг Ивээх Сангаас 2024 оны 2-3 дугаар сард Увс, Завхан, Өвөрхангай, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн зудад өртсөн малчин өрхүүдэд туслах хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлсэн билээ.