Солонгос улсын төлөөлөгчид хүүхэд, залуусын хэрэгжүүлж буй төслүүд, нүүдэлчин ахуйтай танилцлаа
-БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Удирдах зөвлөлийн гишүүд Монголд айлчлав-
Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан бусад улсуудын Хүүхдийг Ивээх Сантай олон чиглэлээр хамтран ажилладаг билээ. Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Удирдах зөвлөлийн гишүүд 2024 оны 8 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Удирдах зөвлөлийн дарга Уу Жүн, хүндэт дарга Ким Нубу, гишүүн Ким Ын Жон, И Сэ Хүн, Им Жон Ги, Чу Ёнг Ил, аудитор Пэ Хуа Жү, Ким Уг Жин, БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын стратегийн захирал И Чэ Гуан, Стратегийн багийн ахлагч И Вон Хён, Ногоон нөлөөллийн багийн ахлагч Чэ Ын Жи зэрэг албаны хүмүүс багтжээ. Төлөөлөгчид Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн удирдлага, ажилтнуудын хамт Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт сумаар аялж, хүүхэд, залуусын хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцаж, нүүдэлчин ахуйг сонирхсон юм. Мөн Монголын Бурханы шашны эртний төв Эрдэнэ зуу хийд, Орхоны хөндий, Хархорум хотын тууриас олдсон биет олдворуудыг дэлгэн харуулсан Хархорум музейг үзэв.
Хүүхдүүд өөрсдийн үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнээр зочдоо дайлав
Хүүхдийг Ивээх Сан нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын 2-р сургууль дээр “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл хэрэгжүүлдэг. Энэ төслийн хүрээнд “Үйлдвэрлэгч хүүхдүүд” сургуульд суурилсан энтерпрайз тус сургууль дээр амжилттай хэрэгжиж байгаа юм. “Үйлдвэрлэгч хүүхдүүд” сургуульд суурилсан энтерпрайз нь ахлах ангийн сурагчлын хэрэгжүүлсэн радио электроник, ухаалаг хогийн сав, давсан урлал, дунд ангийнхны цүнхний багц, хуруу хүүхэлдэй, бага ангийн хүүхдүүдийн шидэт ундаа төсөл дээр суурилсан байна. Хархорин сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн сурагч, багш нар морин хуур болон төгөлдөр хуурын аялгуу, үндэсний бүжгээр зочдод мэндчилгээ дэвшүүлэв. БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Удирдах зөвлөлийн гишүүд төслүүдийн үйл ажиллагаатай танилцаж, сурагчид өөрсдийн үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнээр зочдоо дайллаа. Тэдгээр бүтээгдэхүүнүүд ч зочдод ихээр таалагдаж, орц найрлагын талаар сонирхон асууж байв. Ерөнхий боловсролын 2-р сургуулийн захирал Г.Энхрийцэцэг “Төсөл хэрэгжүүлж буй сурагчдын бичил бизнесийг дэмжин хөгжүүлэх замаар бусад сурагчдын оролцоог хангасан, бүс нутгийн хэмжээнд танигдсан бизнесийн үйл ажиллагаатай, практикт суурилсан сургууль болгох зорилготой” хэмээн танилцууллаа. Хархорин сумын 95 хүүхэд, залуус 22 төсөл хэрэгжүүлж, 62 сая төгрөгийг санхүүжилт авчээ.
Малчин айлд зочилж, нүүдэлчин ахуйтай танилцав
Аяллын багийнхан Өвөрхангай аймгийн Хужирт сумын малчин Ц.Ганзоригийнд зочлов. Өнгөрсөн өвөл тус сумын бэлчээр тал газартаа 30-40 см, гуу жалгандаа 80-120 см цас орж, хүйтрэн зуд болсон юм. Хүүхдийг Ивээх Сангийн зудад өртсөн малчин өрхүүдийг дэмжих төсөл хэрэгжүүлсэн сумдын нэг нь Хужирт билээ. Тус сумаас хүмүүнлэгийн тусламжид хамрагдсан 60 малчин өрхийн нэг нь Ц.Ганзоригийнх юм. Тэрээр сүүлийн таван жил дараалан зуд болж байгаа бөгөөд ХИС-ийн тусламж цаг үеэ олсон гэв. Тусламжаар олгосон 160 кг хорголжин тэжээлээр үхрээ тэжээж, онд оруулж, 500,000 төгрөгийн мөнгөн тусламжаа хүүхдүүдийнхээ боловсролд зарцуулсан тухайгаа гэрийн эзэн ярилаа. Энэ гэр бүл зургаан хүүхэдтэй бөгөөд нэг хүүхдээ малчин болгож, бусдыг нь хот суурин газар суулгана гэлээ. Энэ жил том охин нь сувилагчийн сургуульд суралцахаар орж байгаа аж. Зочид Ц.Ганзоригийн охин Аззаяагаас ямар хичээлд сонирхолтой, ямар мэргэжилтэй болохыг хүсдэг талаар асуухад, монгол хэлний хичээлд дуртай, сэтгэл зүйчийн мэргэжилтэй болохыг хүсдэг тухайгаа ярилаа. Мөн хүүхдүүдээ хол газраас сургуульд нь хэрхэн хүргэж өгдөг талаар сонирхов. Ц.Ганзориг сурагчдын хичээл эхлэхээр эхнэр нь хүүхдүүдийн хамт сумын төв дээр амьдарч, өөрөө малаа малладаг хэмээн тайлбарлав. Түүнчлэн бэлчээрээ сэлгэх зорилгоор жилд дөрвөн удаа нүүдэг, одоогийн байгаа зуслан нь ундны уснаасаа 7 км зайтай учраас мотоциклоор зөөдөг хэмээн танилцуулав.
Хөдөөгийн залуус эмнэг адуу бугуйлдаж, булгиулж үзүүлэв
Хужирт сумын “Шинэ-Хөдөө эко бааз” нь аяллын багийнхны дараагийн очсон газар. Тус бааз нь Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлдэг “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслөөс санхүүгийн дэмжлэг авчээ. Одоо гурван гэртэй үйл ажиллагаа явуулж, жуулчдад морь уургалах, булгиулах, бугуйлдах, хонь холбох, үхэр, ямаа саах, ааруул ээзгий хэрхэн боловсруулахыг бодитоор хийж үзүүлэх зэрэг үйлчилгээ явуулж байгаа аж. Эднийх Б.Даваа-Очир, Д.Дашдондов, Г.Жамбал гэсэн гурван гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Биднийг очиход Б.Даваа-Очир, Г.Жамбал хоёр айраг, цагаан идээгээ борлуулахаар Улаанбаатар хот руу явсан байлаа. Багийн ахлагч Д.Дашдондов үйл ажиллагаагаа танилцуулж, “Сум орон нутгийн онцлог болон байгалийн цогцолбор газруудыг түшиглэн аялагч, жуулчдад зориулан Эко гэр баазыг орчин үеийн загвараар тохижуулан, цэвэр тав тухтай орчинтой зөвхөн монголд үзэж болох уламжлалт нүүдлийн мал аж ахуйтай танилцах аялал жуулчлалын үйлчилгээг санал болгох зорилготой” хэмээн ярилаа. Зочдод тогоо нэрэх үйл явцыг харуулж, гарсан шимийн архины дээжээс амсуулж, сонирхуулав. Д.Дашдондов адуунаасаа эмнэг морь бугуйлдан барьж, булгиулж үзүүлсэн нь хамгийн сонирхолтой мөч болсон юм. Тэрээр “Газрын асуудлаа шийдвэл эмнэг адуу бугуйлдах, булгиулах, номхруулан эдэлгээнд сургах үзүүлбэр үзүүлэх тусгай хашаатай болох төлөвлөгөөтэй” гэлээ. Залуучууд “Морь Монголчууд бидний дархлаа” нэртэй фэйсбүүк хуудас ажиллуулж, үйл ажиллагаагаа сурталчилдаг байна.
Уу Жүн: Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн төсөл, хөтөлбөрүүдтэй танилцлаа
Аяллын үеэр БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Удирдах зөвлөлийн дарга Уу Жүнгээс сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр “Би БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Удирдах зөвлөлийн гишүүдтэй хамт Монголд ирсэн. Бид Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, бас дэмжих сонирхолтой байгаа. Манай багийнхан зудад өртсөн малчин айлаар зочиллоо. Манай байгууллага цаашид Монголын хүүхдүүдийг дэмжих үйл ажиллагаагаа илүү өргөтгөж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр Монгол дахь Хүүхдийг Ивээх Сантай хамтран ажиллах боломжтой” хэмээн ярив.
Ийнхүү БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн айлчлал амжилттай өндөрлөж, БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сан болон Монгол Улс дахь Хүүхдийг Ивээх Сангийн хоорондын хамтын ажиллагааны суурийг тавьсан чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Удирдах зөвлөлийн ихэнх гишүүд оролцсон гадаадын томоохон аялал Монголд анх удаа болсноороо онцлогтой байлаа хэмээн БНСУ-ын талын зохион байгуулагчид дурдаж байв.