Цэцэрлэгт тэгш хамруулан сургах сургалтын сургагч багш нар бэлтгэгдлээ

Хүүхдийг Ивээх Сан  Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь: Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын модуль”-ийн сургагч багш бэлтгэх сургалтыг 2024 оны 8 дугаар сарын 26-нд Монгол-Япон төвд амжилттай зохион байгуулав.

Тус сургалтад Баянхонгор, Сэлэнгэ аймаг, нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нийт 6 цэцэрлэгийн 13 арга зүйч, багш, бага боловсролын мэргэжилтнүүд хамрагдлаа.

 

Эдгээр сургагч багш нар нь байгууллага, аймаг, дүүргийн хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд бие бялдар, сэтгэл зүй, суралцах орчны дэмжлэгийг үзүүлэх, тусгай хэрэгцээтэй сурагчийг цэцэрлэгээс ерөнхий боловсролын сургуульд шилжин суралцах бэлтгэлийг хангах, сургуулийн өмнөх боловсрол дахь тэгш хамруулан сургах сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг зохион байгуулж, түгээн дэлгэрүүлэх юм.

Сургалтын модулийг МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн зөвлөх Ж. Батдэлгэрээр ахлуулсан баг боловсруулан сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын ерөнхий газраас “Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд хүртээмжтэй хамруулах, анги дэвшин суралцахад дэмжлэг үзүүлэх ажил”-ыг зохион байгуулж байгаа үед энэхүү сургалт нь цаг үеэ олсон, хэрэгцээнд суурилсан, багш нарт шаардлагатай мэдээлэл өгсөн, цаашид үр дүнтэй амжилттай үргэлжлэх болно гэж зохион байгуулагчид дүгнэж байна.