Сургагч багш бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа
Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж байгаа юм.
Төслийн хүрээнд боловсруулсан “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эхийн мэдлэг ойлголтыг сайжруулах, үүрэг оролцоог нэмэгдүүлэх арга зүй” сургалтын модулийн сургагч багш бэлтгэх сургалт 2024 оны 8 дугаар сарын 27-нд Монгол-Япон төвд зохион байгуулагдлаа. Тус сургалтад Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Сэлэнгэ, Баянхонгор аймгийн 5 цэцэрлэгийн 15 багш, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны 5 салбарын зохицуулагч, Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн 2 багш, нийт 22 хүн оролцсон юм.
Сургалтын үеэр оролцогчид сургуулийн өмнөх боловсролд тэгш хамруулан сургахад эцэг эхийн оролцоо, 2-5 настай хүүхдийн хөгжлийн онцлог, түүнийг танин мэдэхийн ач тус, хөгжлийн ялгаатай онцлогтой хүүхдийн талаарх ойлголт, эцэг эх, багшийн хамтын үйл ажиллагаа, хүүхдийн хөгжлийн хамтарсан төлөвлөгөө, тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийг дэмжихэд Багш- Эцэг эхтэй харилцах дэвтрийг ашиглах арга зүй зэрэг сэдвийн хүрээнд бүлгийн ажил, видео танилцуулга, дадлага ажил, хэлэлцүүлэг хийж, модулийн сургагч багшаар бэлтгэгдэж, өөрсдийн цэцэрлэгийн багш, эцэг эхчүүдэд сургалтаа зохион байгуулах боломжтой боллоо.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р цэцэрлэгийн арга зүйч, бүлгийн багш Н.Учрал “Олон зүйлийг шинээр сурч, зарим зүйл дээр мэдлэгээ бататгаж авсан өгөөжтэй сургалт байлаа. Сургалт зохион байгуулсан төслийн багийнханд болон зөвлөх багш нарт баярлалаа. Цаашид туршлага судлах аялалд хамрагдах, тоглоомын аргаар хүүхдийг сургах арга зүйд суралцах хүсэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 32-р цэцэрлэгийн арга зүйч Ц.Бадампүрэв “Бид тэгш хамруулах боловсролын талаар нэгдсэн ойлголт авч цаашид хийх ажлын шинэлэг санаа олж авлаа. Хамгийн гол нь багш нар бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэдээ ямар дэмжлэг үзүүлэхээ мэддэггүй. Энэ сургалтаар хүүхдийн хөгжлийн онцлог болон ялгаатай хэрэгцээний талаар маш их зүйлийг сурч мэдэж авлаа. Мөн бид эцэг эхтэйгээ хамтран хүүхдийн хөгжлийн хамтарсан төлөвлөгөө боловсруулах болон Багш-Эцэг эхтэй харилцах дэвтрийг ашиглан хүүхдээ хөгжүүлэх аргад суралцлаа” хэмээн ярив.