Хүүхэд төвтэй хоол тэжээл, эрүүл мэндийн хөтөлбөрийн сургагч багш нарыг бэлтгэлээ

-Энэхүү хөтөлбөрийг орон нутгийн болон алслагдсан бүс нутгийн дотуур байрны сурагчдад зориулсан байна-

“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийг “Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) байгууллагын буцалтгүй тусламжаар Боловсрол, шинжлэх ухааны яам 2022 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл нь боловсролын салбарын тэргүүлэх гурван чиглэл болох “Тэгш хамруулан сургах боловсрол”, “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” болон “Хосолсон сургалт”-ыг хөгжүүлэхэд чиглэдэг. Эдгээр гурван чиглэлийн “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ”-г хөгжүүлэх ажлын хүрээнд “Орон нутгийн болон алслагдсан бүс нутгийн дотуур байрны сурагчдад зориулсан хүүхэд төвтэй хоол тэжээл, эрүүл мэндийн хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх, чадавхжуулах” сургалт 2024 оны 8 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод боллоо.

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс зохион байгуулсан энэхүү сургалт нь “Орон нутгийн болон алслагдсан бүсийн дотуур байрны сурагчдад зориулсан хүүхэд төвтэй хоол тэжээл, эрүүл мэндийн хөтөлбөр”-ийн сургагч багш бэлтгэх, чадавхжуулах зорилготой байв.

Энэхүү хөтөлбөрийн онцлогийн талаар ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, доктор Ц.Зуунаст “Энэ хөтөлбөр нэгдүгээрт, насны онцлогийг гаргасан. Үүнээс өмнө хүүхдийн насны онцлогт тохирсон хоол тэжээлийн боловсрол олгох хөтөлбөр гараагүй байсан, хоёрдугаарт, насны онцлог нь танин мэдэхүйн онцлогоосоо хамаараад ямар мэдлэг, ямар дадал олж авах талаар нарийвчлан алхамчилж зааж өгсөн, гуравдугаарт, багш юу хийх, сурагч юу хийх талаар тусгайлан зааж, алхамчилж өгсөн” хэмээн ярилаа.

Онол, дадлага хосолсон хэлбэрээр явагдсан уг сургалтын агуулгад хүнсээ шинжихүй, хүнсний эрүүл ахуй, шимт бодисын үүрэг, зохистой хэрэглээ, солонгон хүнс зэрэг чухал сэдвүүд багтсан байна. Сургалтыг АШУҮИС-ийн НЭМ-ийн сургууль, шим тэжээл судлалын тэнхим, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, докторууд удирдан явуулсан юм. Хөтөлбөрийн хүрээнд “Орон нутгийн болон алслагдсан бүсийн дотуур байрны сурагчдад зориулсан хүүхэд төвтэй хоол тэжээл, эрүүл мэндийн гарын авлага”-ыг сурагч болон багш нарт зориулсан 2 хэлбэрээр гаргасан байна. Сурагчдад зориулсан гарын авлага нь өөрсдөө уншиж, ойлгоод багштайгаа хамт дасгалаа ажиллах боломжтой аж. Харин багш нарт зориулсан гарын авлагад онолын мэдлэг болон дадлага ажил гүйцэтгэх заавруудыг багтаажээ.

Булган аймгийн Тэшиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн хоолны ахлах тогооч Ч.Уяхан “Их хэрэгтэй сургалт боллоо. Цаашид сумынхаа сургуулийн сурагчдад зөв, зохистой хооллолт гэх мэтийн мэдлэг, ойлголт өгөх сургалт явуулна. Манай сургууль үдийн хоол бэлтгэдэг гурав, дотуур байрны хүүхдийн хоол бэлтгэдэг гурван тогоочтой. Сургуулийн гал тогооны хувьд тоног төхөөрөмөө шинэчлэх, сайжруулах хэрэгцээ шаардлага байгаа” хэмээн сургалтын талаарх сэтгэгдлээ хуваалцав.

Сургалтад Боловсрол,шинжлэх ухааны яам, “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн төлөөлөл, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн, дотуур байр хариуцсан багш нар, ажлын хэсгийн гишүүд зэрэг 50 орчим хүн оролцлоо.

Нэмж өгүүлэхэд, Хүүхдийг Ивээх Сан “Боловсролын Дэлхийн Түншлэл”-ийн Монгол дахь төлөөлөл болж, төслийн санхүүжилтийн зохицуулагчаар ажиллаж байгаа юм.