С.Баттогтох: Хүүхдүүдийн бичсэн төслүүдийг насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад илүү бүтээлч, шинэлэг байдаг

– Банкны эрхлэгч төслийн санхүү хариуцсан дурын гишүүн болсон нь-

Түүнийг С.Баттогтох гэдэг. Өвөрхангай аймгийн Богд сум ХААН банкинд 2003 оноос хойш ажиллаж байгаа. Харин “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох” төсөлд санхүү хариуцсан гишүүнээр 2020 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Банкны салбарын хүн төсөлд хамрагдсан хүүхдүүдтэй хэрхэн хамтран ажилладаг тухай түүхтэй танилцья.

Энэ төслийн сумын зөвлөлийн санхүү хариуцсан гишүүнээр голдуу тамгын газрын нярав, нягтлангууд ажилладаг бол Богд сумын хувьд ХААН банкны эрхлэгч нь тус албыг хашдаг. Энэ бол төслийн багийн хувьд ч олзуурхууштай зүйл. Учир нь төслийн бичил тэтгэлэг нь насанд хүрэгчдийн бизнес зээлтэй төстэй, хялбаршуулсан хувилбар нь гэж хэлж болно.

 

Богд суманд нийт 12 төсөл амжилттай хэрэгжиж, үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр төслүүд хэрэгжиж эхэлсэн цагаасаа цэгцтэй, тооцоолол нь бодитой ирдэг нь ч С.Баттогтох гишүүнтэй салшгүй холбоотой. Аргагүй байх. Өдөрт л хэд хэд хүний бизнесийн зээлийг шалгаж, тооцоолж олгодог хүнд хүүхдүүдийн бичсэн бичил төслийг хянах нь хялбархан мэт санагдана. Санхүүгийн сайн зөвлөх төсөл амжилттай хэрэгжих олон шалтгааны нэг нь юм.

Богд сумын ESEL хөтөлбөрийн багш Г.Доржнамжим анх түүнд санхүү хариуцсан гишүүнээр ажиллахыг санал болгож.

С.Баттогтох “Насанд хүрэгчдийн бизнесийн зээлийн төслийг шалгаж, зээл олгодог хүний хувьд өсвөр үеийнхэн, хүүхэд залуучуудын бичсэн бичил бизнес төслийг хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгч, санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь сонирхолтой санагдсан. Төслийн зүгээс санхүүгийн ажилтны сургалтад хамрагдаж төслийн хэрэгжилт, санхүүгийн үйл явцад тавигдах шаардлагуудтай бүрэн танилцахад ер нь л их нарийн тооцоо, төлөвлөгөөтэй ажил байлаа. Тиймээс тэдгээр шаардлагуудыг хүүхдүүд биелүүлэх нь эхэндээ төсөөлөгдөхгүй байсан ч үр дүн миний төсөөлж байснаас илүү байлаа” хэмээн ярилаа. Түүний хувьд бэрхшээлүүд тулгарч байсан ч төсөл, ESEL сургалт хүүхдүүд, залуучуудад төсөл бичих, бизнесийн талаар үнэхээр цэгцтэй мэдлэг олгож байгаа нь талархууштай санагддаг байна. “Онолын мэдлэг олгохоос гадна практик дадлага болгож, бичил төслийн санал бичүүлж, түүнийгээ хэрэгжүүлж байгаа нь үнэхээр үр дүнтэй. Өсвөр үедээ ийм туршлага, мэдлэгтэй болсон хүн ирээдүйд санхүүгийн харилцаанд оролцохдоо алдахгүй” хэмээн ярьж байв.

С.Баттогтох хүүхдүүдийн бичсэн төслүүдийг насанд хүрэгчидтэй харьцуулахад илүү бүтээлч, шинэлэг байдаг болохоор төслийн үр дүнг харах нь хамгийн сайхан байдаг хэмээн онцолж байсан юм. Богд сумын хүүхдүүдийн хувьд Ухаан заяа, Nature craft, Шагайн наадгай, Бүтээлчээр сэтгэж оюунаар амьдаръя, Уран шаглаа, Уран биелгээ, Говь, Уран бичлэг гэх мэтийн бүтээлч шинэлэг, гар урлалын төслүүд зонхилдог бол залуучууд нь Уран гогцоо, Малын хишиг, Электрон жаал, Тансаг урлал гэх мэт баялаг бүтээсэн, үйлдвэрлэл, үйлчилгээ хосолсон төслүүдийг хэрэгжүүлдэг.