Хөгжилд тэмүүлэх урам зориг өгсөн “Хөгжлийн хөтөч” төв
Завхан аймгийн Тэлмэн сум аймгийн төвөөсөө 120, Улаанбаатар хотоос 880 гаруй км алслагдсан, нийт 2879 хүн амтай, 859 өрхтэй, аймагтаа томоохонд тооцогдоно. Тэлмэн суманд ерөнхий боловсролын нэг сургууль 529 суралцагч, 59 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл хэрэгжүүлж буй таван аймгийн зорилтот сумдын сургуулиудын дунд “Сургуульд суурилсан энтерпрайз” хэрэгжүүлэх төслийн уралдаан зарлахад Завхан аймгийн зургаан сумын сургууль төслөө ирүүлжээ. Эдгээрээс Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн “Хөгжлийн хөтөч” хүүхэд залуучуудын цахим сургалтын төв байгуулах төсөл шалгарч 103.9 сая төгрөгийн санхүүжилт авсан байна.
Энэхүү цахим төв нь 2022 оны 11 дүгээр сарын дундуур тоног төхөөрөмжөө хүлээн авч, суурилуулан, 2023 оны 3 дугаар сард нээлтээ хийн, үйл ажиллагаагаа эхэлжээ. Дунд, ахлах ангийн сурагчид, багш, ажилтнууд энэ төвөөр дамжуулан компьютерийн мэдлэгээ сайжруулж, шинэ тутам программууд дээр ажиллаж сурах, сургалтын үйл ажиллагаандаа цахим технологи ашиглах бүрэн боломжтой болжээ.
“Сургуульд суурилсан энтерпрайз”-ийн энхүү үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөртэй болон гадаад хэл, мэдээллийн технологи, монгол хэл, бичиг зэрэг судлагдахуун бүрийн хичээлтэй холбогдох ажээ. Багш, сурагчид интернэт орчинд компьютер ашиглан бие даалт, дасгал даалгавраа хийх болсон нь алслагдсан сумын сургуульд давуу тал болсон юм. Сургуулиас Б корпусын нэг ангийг уг төсөлд зориулж иж бүрэн тохижуулсан байна. Энэ онд шинэ сургууль ашиглалтад орсон тул тус корпуст зөвхөн “Хөгжлийн хөтөч” төв үргэжлүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Эдүгээ тус корпусыг “Сургуульд суурилсан энтерпрайз” буюу “ССЭ корпус” гэж товчлон нэрлэж хэвшжээ.
“Хөгжлийн хөтөч” төв өнгөрсөн хугацаанд цээж зураг авах, угаах, өргөмжлөл хийх, компьютерийн анхан шатны сургалт явуулах, бичлэг шторк хийх үндсэн үйл ажиллагааны хүрээнд 2.5 сая гаруй төгрөгийн ашиг олж, давхардсан тоогоор 375 сурагч, 56 багшийг хамруулж, сумын 250 гаруй иргэнд үйлчилсэн байна. “Өсвөрийн сурвалжлагч”, “Чөлөөт индэр” мэтгэлцээний клуб, “Art Studio” гэрэл зургийн клубт суралцагчид өөрийн хүсэл сонирхлоороо нэгдэж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мэдээ бэлтгэх, видео шторк хийх, постер зөвлөмжүүд бэлтгэх зэрэг олон төрлийн чадварт суралцаж байна. Ганц ашгийн төлөө бус, төслийн үндсэн зорилтуудын нэг болох суралцагч болон багш нарын технологийн мэдлэгийг сайжруулах зорилгоор 6-12 дугаар ангийн 13 бүлгийн 259 суралцагчид мэдээллийн технологийн албан ёсны хичээлийг хуваарийн дагуу энэ төвд явуулж байна. Хурд сайтай сүүлийн үеийн компьютер, ухаалаг дэлгэц ашиглаж хичээллэх нь сурагчдад урам зоригтой, амжилттай суралцах, багш нарт мэргэжлээрээ хөгжих боломж олгожээ.
Боловсролын салбарт хэрэгжүүлж буй “Eduten” математикийн хөтөлбөрт 3-4 дүгээр ангийн 98 сурагчид болон “Pearson” англи хэлний хөтөлбөрөөр 147 суралцагч “Хөгжлийн хөтөч” төвд суралцаж байна. ССЭ танхимд жил гаруйн хугацаанд нийт 120 хүүхэд, залуус амжилттай суралцаж, 175 цагийн үндсэн сургалт хичээллэж, орон нутгийн хүүхэд залуусын сурч боловсрох, хөгжихөд тус нэмэр болсон ажээ.
“Бидэнд хамгийн сүүлийн үеийн дрон, ухаалаг самбар гэх мэт орчин үеийн техник хэрэгсэл өгсөн Хүүхдийг Ивээх Санд маш их баярладаг. Тэрхүү тоног төхөөрөмжүүдийг ашигтай, бүтээмжтэй ашиглахыг хичээдэг. Мэдээж гамтай хэрэглэвэл, олон жил, олон сурагч, багш нар үр шимийг нь хүртэж, хөгжих болно” гэж эндхийн сурагч, багш нар нэгэн дуугаар хэлж байлаа. Ухаалаг дэлгэц болон өндөр хурдны интернэт, компьютер ашиглан физик, хими, газарзүйн хичээлийн зарим агуулгыг тус танхимд үздэг байхаар төлөвлөж, багш нар ээлжит хичээлийн агуулгаа боловсруулж туршсан байна. 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн тухайлсан сэдвүүдийг тус ангид зааж сургахаар бэлтгэж байна. Бүх анги ийм ухаалаг самбартай болж, ашиглаж чадвал ямар ч хичээлийн агуулгыг хөгжүүлж, суралцагчдад сонирхолтой бүтээлч байдлаар хичээллэх бүрэн боломжтой гэдгийг багш нар хэлж байлаа.
Хөгжлийн суурь бол системтэй мэдлэг. Сиситемтэй мэдлэгийг ашиглан үр дүнд хүрэх гүүр нь хувь хүний ур чадвар хийгээд хандлага юм. “Хөдөө суманд боловсрол эзэмшсэн ч дэлхийн томоохон их, дээд сургуульд тэнцэж суралцахад “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх” ESEL сургалтад сурсан, бичил төслийн санхүүжилт авч, бизнесээ туршиж хэрэгжүүлэх явцад сурч мэдсэн бүхэн маань надад үнэхээр их хэрэг болсон” гэж Хүүхдийг Ивээх Санд талархлаа дамжуулахыг хүссэн Унгар улсын Будапешт хотын Технологи, эдийн засгийн их сургуулийн оюутан Г.Энххүслэн ч бас Тэлмэн сумын сургуулийн төгсөгч юм. Боловсролд оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж их бөгөөд үр дүнд нь эх орон маань цэцэглэн хөгжих нь лавтай билээ.
Завхан салбарын зохицуулагч П. Дөлгөөн