Сургуульд суурилсан энтерпрайз хэрэгжүүлэгчид туршлагаа солилцов

Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн “Сургуульд суурилсан энтерпрайз” хэрэгжүүлж буй сургуулиудын туршлага солилцох уулзалт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2-р сургуульд 2024 оны 9 дүгээр сарын 9-12-ны өдрүүдэд боллоо.

Уулзалтыг Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн менежер Ё.Нямдаваа, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал, Өвөрхангай аймгийн Боловсролын газрын дарга Г.Пүрэвдорж нар нээж, үг хэллээ.

Энэ үеэр Б.Сайнжаргал “Энэ төслийг бид баяртай хүлээн авч, хамтран зохион байгуулж, орон нутагт бодитой, тогтвортой, цаашдаа үр шимээ өгөхөөр зохион байгуулахыг чин сэтгэлээсээ хүсэж, хамтран ажиллаж ирлээ. Хэдхэн жилийн өмнө төслийн үзэл санаатай танилцаж байсан бол өнөөдөр тус төслөө үр дүнтэй хэрэгжүүлж, үр шимээ хамтдаа ярилцаж, туршлагаа солилцож байна” хэмээн хэлсэн үгэндээ онцлов.

Нээлтэд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2-р сургуулийн багш сурагчид оролцож, “Цагаан суварга” төгөлдөр хуурын гоцлол, “Монгол ардын бүжиг”, “Хархорин” дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

Туршлага солилцох уулзалтаар “Үйлдвэрлэгч хүүхдүүд”, “Хөгжлийн хөтөч”, “Эко хүнс”, “Өглөөний цайг өөртөө”, “Технологийн хичээлээр сурагчдад болон өсвөр үеийнхэнд энтрепренершип боловсрол олгох”, “Боржигин хөгжлийн төв” гэсэн 6 “Сургуульд суурилсан энтерпрайз”-ийн үр дүн, туршлагатай танилцахын зэрэгцээ төслийг дараагийн шатад гаргах хэрэгцээ шаардлага, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, талуудын оролцоог нэмэгдүүлэх, сургуулийн менежментийн хөгжилтэй уялдуулах зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлгүүд зохион байгуулж аймгийн хэмжээнд тогтвортой байдлыг хангах стратегиа болосвруулсан юм.

Энэхүү семинар нь Сургуульд суурилсан энтерпрайзийн үйл ажиллагааг ахисан түвшинд хүргэх, тогтвортой байдлыг хангахад анхаарах зүйлс, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг тодорхойлон хэлэлцэж, шийдэл олох, тогтвортой байдлыг хангах аймгийн хэмжээний стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх, тогтвортой байдлыг хангахад талуудын оролцоог хангах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж бусад хөтөлбөр, үйл ажиллагаатай уялдуулах боломжийг эрэлхийлэх зэрэг зорилготой байсан юм.

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн менежер Ё.Нямдаваа уулзалт семинарын үр дүнгийн талаар “Сургуульд суурилсан энтерпрайз энэ зургаан сургууль дээр амжилттай хэрэгжиж байгааг харлаа. Цаашид боловсролын системдээ энэ санаачилгыг түгээн дэлгэрүүлээд явна гэж найдаж байна. Энэ удаагийн семинар өгөөжтэй боллоо. Ололт амжилт, цаашид амжилттай хэрэгжүүлэх арга зам, боломжууд, хамтын ажиллагаа, алдаагаа хэрхэн засах талаар ярилцлаа” хэмээн хэлэв.

Семинарт Боловсролын яам, Боловсролын ерөнхий газрын төлөөллүүд, зорилтот 5 аймгийн Боловсролын газрын дарга нар, Хүүхдийг Ивээх Сангийн төслийн баг, “Сургуульд суурилсан энтерпрайз” хэрэгжиж буй 6 сургуулийн захирал, төсөл хариуцсан багш нар, төслийн бизнес көүчүүд, төслийн зөвлөхүүд зэрэг нийт 40 гаруй хүн оролцов.

Туршлага солилцох уулзалтын дэлгэрэнгүй сурвалжлагыг удахгүй хүргэх болно.