Хүүхдийг Ивээх Сан, Налайх дүүрэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

(Улаанбаатар, Монгол Улс, 2024 оны 9 дүгээр сарын 13) Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” (My Forest Child) төслийг 2024-2027 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт хэрэгжүүлэхээр өнгөрсөн 8 дугаар сард нээлтээ хийсэн билээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлэх болон цаашид хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр хамтран ажиллах гурван жилийн хугацаатай харилцан ойлголцлын санамж бичигт Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Нийслэлийн Налайх дүүргийн Засаг Дарга Х.Анхбаяр нар гарын үсэг зурлаа. Төслийн онцлогийн талаар Л.Баян-Алтай “Орон нутгийн иргэд, залуус, хүүхдүүдийн оролцоотой төслөө хэрэгжүүлж, ойжуулах газар дээрээ сургалтын төв байгуулна. Ингэснээр хүүхдүүд танхимд сонссон, сурсан зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх, турших боломжтой болох юм. Налайхын ЕБС-иудад сурагчдын клуб байгуулахаас гадна их сургууль, Политехникийн коллежтэй хамтран ажиллана. Мөн 30 сургагч багш бэлтгэж, эдгээр хүмүүс Налайх дүүрэгт энэ чиглэлийн боловсрол, мэдлэг мэдээллийг иргэдэд тогтвортой хүргэх боломж бүрдэнэ” хэмээн ярилаа.

Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэх ёслол 2024 оны 9 дүгээр сарын 13-нд Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд болж, төслийн хамтрагч талууд Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, сургалтын менежер, Сурагчдын өөрөө удирдах байгууллагыг төлөөлсөн сурагчид, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль(GMIT)-н оюутны холбоо, Хүрээлэн буй орчны инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын төлөөлөл, Налайх дүүргийн Политехникийн Коллеж, Газар зохион байгуулалтын алба, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ зэрэг байгууллагууд оролцож, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд талууд хэрхэн оролцох талаар саналаа солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Налайх дүүргийн хувьд өвөлдөө агаарын бохирдол хамгийн газруудын нэг төдийгүй, ногоон байгууламжийн хүрэлцээ хомс, хөрсний бохирдол өндөртэй байдаг аж. Тиймээс “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд төсөл”  Налайх дүүрэгт 5 га талбайд ойн төгөл байгуулан, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, Налайх дүүргийн иргэд, хүүхэд залуусын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо өргөх, идэвх оролцоог нэмэгдүүлэх, мөн дүүргийн иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, мод тариалах, жимс жимсгэнэ ургуулахад туслалцаа үзүүлэх зорилготой юм.

Энэ үеэр Налайх дүүргийн Засаг дарга Х.Анхбаяр “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, бууруулахад та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо Налайх дүүргийнхэн баяртай байна. Уг төсөл ЕБС-ийн сурагчдын экологийн боловсролыг нэмэгдүүлэх, эко кабинет байгуулж сургууль сурагчдыг дэмжих чиглэлээр ажиллахад сургуулийн удирдлагууд, сурагчдыг идэвх, оролцоотой оролцох шаардлагатай” гэдгийг онцоллоо. Мөн Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Энхсаруул Налайх дүүргийн ЕБС-ийн экологийн клубийн үйл ажиллагааг нэгтгэн танилцуулж, сурагчид байгаль, экологи, хүрээлэн буй орчныхоо төлөө олон санаачилга өрнүүлж, төсөл хөтөлбөр бичиж санхүүжилт авсан тухай сайн туршлагаа хуваалцсан нь төсөл хэрэгжүүлэгчдэд ихээхэн урам зориг өгсөн юм.

Төслийн зохицуулагч Ц.Батзаяа “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” (My Forest Child) төсөл нь 2024 оноос эхлэн гурван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд ХИС-гийн уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй анхны төсөл болохыг онцоллоо.Төсөл нь Налайх дүүргийн хүүхэд, залуучууд, иргэдийн оролцоотойгоор 5 га талбайд ойн төгөл байгуулах, иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, дасан зохицох чадварыг сайжруулах үндсэн 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулах талаар мэдээлэв.

Төслийн талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл Төслийн Зохицуулагч Ц.Батзаяатай Batzaya.Tsegmid@savethechildren.org хаягаар холбогдоорой.