Хүүхдийг Ивээх Сангийн хамтрагч талуудын уулзалт боллоо
Хүүхдийг Ивээх Сан нь өнөөдөр дэлхийн 120 гаруй улсад үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг дэмжих, шашны бус, олон улсын бие даасан байгууллага юм. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн хамтрагч талуудын уулзалт 2024 оны 9 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод боллоо. Энэхүү уулзалт Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн 2025-2027 оны стратеги төлөвлөгөө боловсруулахад хамтрагч талуудыг оролцуулах, санал бодлыг нь сонсох зорилготой байв. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай арга хэмжээг нээж, “Хүүхдийг Ивээх Сан гурван жил тутам стратегиа шинэчилдэг. Бид 2022-2024 онд хэрэгжүүлсэн стратегиа дуусгаж байна. Дараагийн гурван жил буюу 2025-2027 оны стратеги төлөвлөгөө боловсруулахад хамтрагч талуудыг оролцуулах, санал бодлыг сонсохоор урьсан юм. Улаанбаатар хотоос яам, төрийн байгууллагууд, орон нутгийн хамтрагч байгууллагуудын төлөөллүүд ирсэн байна. Стратегийн хуралд хүрэлцэн ирсэн эдгээр оролцогч талууддаа баярлалаа” хэмээн хэллээ.
Хүүхдийг Ивээх Сан нь хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал, боловсрол, хүүхдийн ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, хүмүүнлэгийн яаралтай тусламж гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг. Уулзалтын үеэр Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангаас 2025-2027 оны стратегийн санал болон төсөл, хөтөлбөрүүдээ танилцууллаа. Мөн оролцогч талуудаас хүүхэд хамгааллын шинэ хууль болон төрөөс хүүхэд хамгааллын талаарх тэргүүлэх бодлого, боловсрол, эрүүл мэндийн талаарх тэргүүлэх бодлого, хөдөө орон нутгийн хүүхдүүдэд тулгарч буй асуудлуудын талаар танилцуулсан юм. Эдгээрийн нэг нь Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаагийн “Хүүхдэд тулгарч буй боловсролын тулгамдсан асуудлууд” танилцуулга байлаа. Боловсролын яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар “Малчдын хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 52-53 хувьтай байгаа. Нэмэгдүүлэх талаар ажиллах хэрэгцээ бий. Боловсролын яамнаас гаргасан бодлогууд байна. Хэрэгжүүлэлт дээр дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Охидыг жирэмслэлтээс сэргийлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг хэрэгтэй байна” хэмээн саналдаа дурдлаа.
Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал “Бид судалгаанууд дээрээ тулгуурлаад дараах таван тулгамдсан асуудлыг гаргаж байна. Нэгдүгээрт, охидын бэлгийн халдашгүй байдал, хоёрдугаарт, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг ойлголт хэрэгтэй байна. Түүнийг даван туулах, дасан зохицох чадвар шаардлагатай байна. Гуравдугаарт, хөгжих, боловсрох, оролцох, төлөвших орчин дутагдалтай байна. Дөрөвдүгээрт, хот зуршил, электрон тамхины хэрэглээ өндөр байна. Тавдугаарт, жендэрт суурилсан хүчирхийллийг ойлгуулах, түүний эсрэг арга хамжээнүүд авах шаардлагатай байна гэж эрэмбэлсэн. Энэ талаар товч танилцуулга хийгээд дөрвөн зүйл дээр хамтарч ажиллах санал дэвшүүллээ. Жишээ нь, охидын хүчирхийлэл, хорт зуршил бууруулах, нөхөн үржихүйн боловсрол олгох, мөн хүүхдийн хөгжил, оролцоо, төлөвших орчинг шийдэх, энтрепренершип боловсрол олгох төсөлтэй ижил төстэй төсөл шаардлагатай байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх төсөл жендэрийн тухай ойлголтыг хүүхэд, өсвөр үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх, тэднийг оролцуулах замаар хэвшмэл, уламжлалт ойлголтын нөлөөг бууруулах гэсэн агуулгаар хамтарч ажиллах хүсэлтэй байгаа” гэж ярилаа.
Харин нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Х.Анхбаяр “Бид Хүүхдийг Ивээх Сантай уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид боловсрол, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин зэрэг олон чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаа. Тухайлбал, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, үүн дотор хүүхдүүдэд олгох эрүүл мэндийн боловсрол, шүдний өвчлөл, гамшигийн талаарх мэдлэг мэдээллийг олгох, өөрийгөө болон бусдыг хамгаалах дадлага чадвар суулгах зэрэг хэрэгцээ шаардлагатай чиглэлүүд бий” гэлээ.
Энэ удаагийн уулзалтад Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Нийслэлийн Налайх дүүрэг, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөллүүд оролцсон юм.