Бэлчээр, танхим хослуулсан сургалт

Завхан аймгийн Баянтэс сум. Монгол орны баруун хойд хилийн ойролцоо Тэсийн голыг хөвөөлөн орших энэ нутагт жилийн жилд эрс тэс хүйтэн өвөл болдог. Цас ч их унадаг. Өдөртөө хасах 30-аас дээш хэмтэй өдрүүд цөөнгүй. Ийм хүйтэн хүнд нөхцөлд малчин залууст сургалтаа тасралтгүй хүргэж, амжилттай төгсгөсөн нэгэн багшийн түүхийг өгүүлье. Тэр бол Баянтэс сумын ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл технологийн багш, ESEL сургалтын зөвлөх Б.Анхбаяр билээ.

Б.Анхбаяр багш хосолсон сургалтын чанарыг сайжруулж, сурагч бүртээ хүрч ажиллахын тулд багийн дарга нарыг явуулын багш болгон туслуулсан нь шинэлэг бөгөөд үр дүнтэй арга болжээ. “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн ESEL буюу Энтрепренершипд суурилсан хувь хүнийг хөгжүүлэх сургалт ерөнхий боловсролын 8-12 дугаар ангийн сурагчдаас гадна Насан туршийн боловсролын хүрээнд буюу сургуулиас гадуурх 14-25 насны залуусыг сургаж, боломж олгодог онцлогтой. Танхимын болон танхимын бус хосолсон сургалтаар ESEL хөтөлбөрт хамрагдаж, бичил төслийн уралдаанд оролцон төслийн санаагаа бодит болгон хэрэгжүүлсэн олон жишээ бий. Төслөөс хосолсон сургалтад хамрагдсан залуус бүрд хичээлийн агуулга суулгасан таблетыг, интернэт, утасны ярианы эрхийн хамт өгдөг. Сургагч багш нар ч ийм боломжоор хангагдаж, зайнаас болон танхимаар хослуулан сургалтаа явуулдаг. Орон зайнаас үл хамаарч, цаг хугацаа хэмнэсэн, шинэлэг хийгээд сонирхолтой хосолсон сургалт сумдад үр дүнтэй хэрэгжиж байна. Хосолсон сургалтын сурагч малчин залуус малаа маллаж, гэр ахуйгаа эмхлэнгээ хичээлээ сонсож, үзэх боломжтой. Цаг наргүй ажлынхаа завсар зайгаар даалгавраа хийж гүйцэтгээд багш руугаа илгээнэ. Утсаар асууж тодруулна.

Д.Анхбаяр 2021 онд ESEL сургалтын зөвлөх багш болжээ. ESEL сургалтыг явуулахдаа ерөнхий боловсролын 8-12 дугаар ангийн сурагчдыг танхимаар, сургуулиас гардуурх 14-25 насны залуусыг хосолсон сургалтаар чиглүүлж удирдсан туршлагатай багш юм. Тэрээр, 2023 оны 10 дугаар сард хосолсон сургалтын багш болж, сургалтаа чанартай явуулж, сурагч бүрийг идэвхтэй оролцуулдаг. Танхимын бус, зайнаас хичээллэх үед дээр хэлсэнчлэн сумынхаа багийн дарга нарыг туслуулах талаар боджээ. Ингээд Баянтэс сумынхаа удирдлагууд, сумын Төслийн зөвлөл, нийт багийн дарга нарт ESEL хосолсон сургалт явуулах ийм боломжийг танилцуулж, хамтарч ажиллахаар тохирсон байна. Түүний саналыг Баянтэс сумын дөрвөн багийн дарга дэмжиж, сумынхаа залуусын боловсрол, мэдлэгийг сайжруулахад хамтран ажиллахаар төлөвлөгөө гаргав. Багийн дарга нарын ойлголтыг нэг түвшинд хүргэхийн тулд ESEL хосолсон сургалтын талаар мэдлэг ойлголт өгөх нэг өдрийн сургалтыг Д.Анхбаяр багш, Баянтэс сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Д.Гэрэлжаргал, захирал Ч.Дашхүү нарын хамт зохион байгуулав. Сургалтад суусан багийн дарга нарт “Явуулын багш” гэсэн батламж өгч, урам зориг, хариуцлагыг нь баталгаажуулсан ажээ.

Баянтэс сумын 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл хичээллэсэн хосолсон сургалтын ангийн 20 сурагч ямар нэгэн завсардалгүй амжилттай хичээллэж, тус ангиас гурван сурагч баг болж, “Мебель тавилгын үйлдвэрлэл” төсөл бичиж, 2024 оны 3 дугаар сард зохион байгуулагдсан “Пич-7” уралдаанд шалгарч санхүүжилт авах эрхтэй болжээ. ESEL сургалтын зөвлөх багш Д.Анхбаяр “Төслийн сумын зөвлөл болон багийн дарга нарын үүрэг оролцоо их байлаа. Багшаас нь гадна багийн дарга нар, орон нутгийн удирдлагууд анхаарал тавьж, гэрт нь очиж сургалт явуулахаар сурагчид урам зоригтой болж байна. Олон хүн анхаарал тавьж дэмжихээр хичээлээ сайн сурахгүй бол болохгүй нь гэсэн мэдрэмжтэй болж, хичээнгүйлэн суралцдаг” хэмээн ярилаа.

Сургалтын үеэр гарсан бэрхшээл ч цөөнгүй. Ангийн 20 суралцагчийн долоо нь сүлжээ огт барьдаггүй газар өвөлждөг ч сүлжээ барих газарт зорин очиж, багштайгаа долоо хоногт 1-2 удаа заавал утсаар ярьдаг байв. Багшид  нь ажил гарсан үед асуух зүйлээ багийн даргатайгаа холбогдож хэлдэг. Бужир багийн дарга, явуулын багш Д. Бадамгарав багийн сурагчийнхаа Google classroom-д байршуулсан гэрийн даалгаврыг илгээхийн тулд сүлжээ ордог газар руу талдаа 40 км явж байв.   Багийн дарга нарыг явуулын багш болгосон нь багшийн ажлыг хөнгөвчилж, хамгийн гол нь сумын төвөөс 30-90 км зайтай амьдардаг сурагчид даалгавраа нэг ч таслалгүйгээр илгээж байлаа. “Орон нутгийн өсвөр үеийнхэд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох” төсөл сурах хүсэл эрмэлзэл дүүрэн ч аймаг, хотоос алслагдсан, сум дотроо алс хол амьдардаг залууст сурч хөгжих, ур чадвараа сайжруулах боломж өгсөн юм. Малын бэлчээрийг танхимтай хослуулсан, орон зай үл хамаарах энэ сургалт үүнээс ч олон залууст боломж олгох биз ээ.

                         Түүх бичсэн Завхан салбарын зохицуулагч П.Дөлгөөн