Шинийг эрэлхийлж, зорилгодоо тэмүүлэгч
“Ер нь залуу хүн оролдож үзэх зоригтой л байвал хийх зүйл олон бий. Би ямагт шинийг эрэлхийлж, тэмцэж ялах хүсэл тэмүүлэлтэй болсон” гэж ярих энэ бүсгүйг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Насан туршийн боловсролын төв (НТБТ)-ийн багш, “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн үр шимийг хүртэгч, “Sumber golden beetle” төслийн багийн гишүүн Г.Энхжин гэдэг.
Тэрээр, нөхөр С.Анххүслэнгийн хамт ESEL сургалтад хамрагдаж, хувь хүн болон амьдралд нь ямар эерэг өөрчлөлт гарсан тухайгаа ярьсан юм. “Сүмбэр сумын НТБТ-ийн сургалтын менежер Х.Амаржаргал бидэнд сургалтын талаар анх хэлсэн юм. Нөхөр бид хоёр 2021 оны хаврын элсэлтээр суралцаж төгссөн. Сургалт сонирхолтой, мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй олон зүйлсийг амьдралд ойрхон жишээгээр баяжуулан зааж байлаа. Бид хоёр сургалтаа таслалгүй, идэвхтэй суралцаж, ингэснээр бидний амьдралын эерэг өөрчлөлтүүд эхэлсэн” хэмээн гэр бүлийн хоёр ярилаа.
Г.Энхжин ESEL сургалтад хамрагдахаас өмнө Говьсүмбэр аймагт шилжин ирээд удаагүй байв. Анхны хүүхдээ төрүүлж, сургуулиасаа чөлөө авч, гэртээ сууж байсан цаг тул найз нөхдийн хүрээлэл бага, өөртөө итгэх итгэл сул, бусдад өөрийгөө илэрхийлэх, тэр дундаа шинийг эрэлхийлж, оролдож үзэх оролдлого нь буурсан байв. Харин ESEL сургалтын үеэр шинэ хүмүүстэй танилцаж, найз нөхөдтэй болсон байна. Үе тэнгийн олон залуусаас суралцаж, өөрийгөө олж таних, илэрхийлэх, багаар ажиллах зэрэг маш олон чадварт суралцжээ. Түүний хувьд сургалтаа төгсөх үед нялх хүүхэдтэй байсан тул төсөл бичих, судалгаа хийхэд цаг гарсангүй. Харин ESEL анги төгсөн “Sumber Golden beetle” төслийн багийн охидоос ажиллах хүч дутагдаж байгаа тул хамтран ажиллах санал тавьснаар энэ багт нэгдэж, мэдлэг, ур чадвараа зориулах болжээ. Дараагийн боломж түүнд 2023 оны өвөл ирэв. НТБТ-ийн захирал Г.Баасансүрэн Г.Энхжинг аймгийн НТБТ-д амьдрах ухааны багшаар ажиллах санал тавьсныг хүлээн авчээ. Энэ нь түүнд болон төслийн багийн гишүүдэд томоохон дэмжлэг болсон байна.

Зүүн гар талаас: Г.Энхжин төслөө тайлбарлаж байгаа нь
Төсөл нь амжилттай хэрэгжих тусам багийн гишүүд илүү урамшин, гэр бүлийн гишүүдээ үйл ажиллагаандаа татан оролцуулж, төрөл бүрийн самбар, тоглоом, эсгий урлал хийж, захиалгаа хугацаанд нь амжуулахын тулд гэрээрээ хүртэл ажиллах болжээ. Ингэснээр “Sumber Golden beetle” багийн төсөл орон нутагтаа танигдаж, олон ч захиалагчтай болсон байна.
Г.Энхжин “Энэ төсөл бидний ажил амьдралд ихээхэн тус болсон. Бид цагаа төлөвлөж, ажлаа зохион байгуулж сурсан. Гүйцэтгэлийнхээ чанарт анхаарч, захиалагч нартай хамтран ажиллаж байна” хэмээн ярилаа.
Тэрээр, ESEL сургалтад сууж, багаараа төсөл хэрэгжүүлж, өөрийгөө таньж мэдсэнээр амьдралд нь олон боломж нээгджээ. Үүний нэг баталгаа нь тэрээр аймгийнхаа НТБТ-ийн багш болсон явдал юм.
Төслийн ажилтан Б.Шүрэнчимэг