Уйгагүй оролдлого, чин сэтгэл, хамтын зүтгэл амжилтад хүргэв
Т.Цолмон 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Говьсүмбэр аймагт хэрэгжиж байгаа “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх (ESEL) сургалтын зөвлөх багшаар ажиллаж байна. Тэрээр, Ховд аймгийн Үенч сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байхдаа хоёр удаагийн ESEL ангийг чиглүүлэн төгсгөжээ. Т.Цолмон монгол хэл бичиг, уран зохиолын багш мэргэжилтэй. Эдүгээ төслийн зорилтот сургуулийн нэг болох аймгийн Политехник коллежид мэргэжлээрээ ажиллаж байна. “Мянга нэгээс эхэлдэг” гэдэг шиг ESEL анги чиглүүлэх багшаар бэлтгэгдэх шийдвэр миний болон шавь нарын минь одоо ирээдүйн амьдралд эерэг үр нөлөө үзүүлж байгаа гэдэгт би итгэлтэй байдаг” гэж тэр яригаа эхэллээ.
Хамтдаа суралцаж, сорилт бэрхшээлийг давсан
Анх бэрхшээл их байлаа. 80 минутыг хэтрүүлэх, хичээлийн агуулгыг бүрэн заахын тулд 2 цаг 30 минут үргэлжлүүлэх тохиолдол ч байлаа. Үндсэн хичээлийн дараа залгуулаад ESEL сургалт заахад ядарч шантармаар үе ч олон байсан. Хэдий тийм ч зогсолтгүй урагшилж чадсан. ESEL хөтөлбөрийн агуулгыг өөрийн болгож, сум, орон нутгийнхаа хүүхдүүдийн онцлог хэрэгцээ, ахуй амьдралтай уялдуулж заах гэх мэтээр төлөвлөлт, арга зүйгээ сайжруулсан. Ингэснээр хичээлийн агуулгын цагтаа амжиж, бүрэн хүргэж чаддаг болсон юм. Хүүхдүүдийн маань оролцоо ч нэмэгдэж, сургалтын үйл ажиллагаанд илүү бүтээлч, санаачилгатай оролцож эхэлсэн. Багшид маш их урам зориг өгөлгүй яах вэ. Тиймээс эхний ангиа төгсгөөд дахиад анги чиглүүлэх шийдвэр гаргасан гэж ESEL-ийн хоёр ангийг чиглүүлж, 48 сурагчийг амжилттай төгсгөсөн гэж зөвлөх багш Т.Цолмон ярилаа.
Тэрээр, зөвхөн төслийн сургалт, үйл ажиллагаанаас гадна үндсэн хичээлээ бэлтгэхдээ ч хүүхдийн оролцоог аль болох дэмжихийг хичээдэг. Хүүхдүүдээр санааг нь гаргуулж, хичээлийн үйл ажиллагааны алхам бүрт идэвхтэй оролцоог нь хангаж, сурагч төвтэй заах арга зүйтэй байхыг зорьж байна. Энэ чадвар нь хүүхдүүд хичээлдээ илүү дур сонирхолтой болох, тэгш оролцох боломжийг нэмэгдүүлдэг. Багшийн хувьд зөвлөх, чиглүүлэх үүрэг түлхүү гүйцэтгэснээр заах арга зүй, ур чадварын хувьд ихэд хөгжжээ. Зөвлөх багш Т.Цолмон хэлэхдээ “ESEL сургалт хүүхдийн оролцоо, идэвх, санаачилгад суурилдаг учир хүүхдэд цагийг зөв зохицуулах, төлөвлөх, шинэ санаа гаргах болон түүнийгээ турших боломж олгодог. Сурагчид өөрийгөө олж нээх, давуу, сул талаа таньж мэдэх, бусадтай хамтран ажиллах ур чадваруудтай болсон. Тэдэнд гарсан хувь хүний хөгжлийн өөрчлөлтүүд нь сурлагын амжилтад ч эергээр нөлөөлж байна” гэж онцлов.
Үенч сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал С.Батхүрэл “Т.Цолмон бол манай сургуулийн шинийг сонирхож, тасралтгүй суралцдаг, бусад багш нар болон сурагчдад эерэг нөлөө үзүүлдэг манлайлагч залуу багш нарын нэг. ESEL сургалтын зөвлөх багш болсноор багшлах арга зүйгээ дээшлүүлж, эзэмшсэн мэдлэгээ сургуульдаа түгээж байгаад бахархаж байна” гэж ярилаа. Ховд аймгийн Үенч суманд нийт 10 багш ESEL сургалтын багш/зөвлөхөөр бэлтгэгдсэн юм. Тэд сургалтын төлөвлөлтөө хамтран бэлдэж, харилцан зөвлөлдөж, хамтдаа суралцсанаар эзэмшсэн арга зүйгээ түгээн дэлгэрүүлж байна.
Төсөл чиглүүлснээр зорилгодоо нэг алхам ойртов
Т.Цолмон багш эхний удаа гурван төслийн багийг чиглүүлэн пич уралдаанд оролцуулсан ч нэг ч төсөл тэнцсэнгүй. Хүүхдүүдийн хувьд ч, чиглүүлж байгаа багшийн хувьд ч туршлага, бэлтгэл дутав. Гэвч шантралгүй дахин гурван төслийн багийн чиглүүлэгч багшаар ажиллаж, өмнө нь шүүгчдийн зүгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн, дараагийн пич уралдаанд оролцжээ. Хөвгүүдийн санаачилсан зайрмаг үйлдвэрлэж, борлуулах зорилготой “Амтлаг өдөр” төсөл, охидын санаачилсан чин сэтгэлийн илгээмж хүргэх зорилготой “Сэтгэлийн зууч” болон хүүхдийн танин мэдэхүй, оюун ухааныг тоглоомын аргаар хөгжүүлэх зорилготой “Тархины цэнэг” төслийн багууд шалгарч санхүүжилт авч, төслөө амжилттай хэрэгжүүлсэн байна. Бичил төслүүд нь суманд анхдагч, сонирхолтой байсан хэдий ч хэрэгжүүлэх явцад худалдан авалт хийх, бараа бүтээгдэхүүнээ захиалж авчрах, санхүүгийн баримт бүрдүүлэх, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд зарим бэрхшээлтэй тулгарчээ. Ийм үед хамтдаа шийдэл олох явцад хүүхдүүдийн аливаа бэрхшээлийг даван туулах, бусадтай зөв харилцах, ойлголцох ур чадвар нь нэмэгдэж байсан ажээ.
Т.Цолмон төслийн чиглүүлэгч багш болсноор сурагчидтайгаа хамт санхүүгийн баримт бүрдүүлэх, орлого болон зарлагаа тогтмол тэмдэглэж сурах чадварт суралцав. Төсөл, сургалт чиглүүлэх явцдаа “Яагаад нэмэлт орлоготой болж болохгүй байх вэ” хэмээн бодож, Улаанбаатар хотод бийрэн бичгийн сургалтад хамрагдаж, сумандаа сургалт явуулж, мөн бялуу хийж, борлуулж эхэлжээ.
“ESEL сургалт, сурагчдынхаа бичил төслийг чиглүүлснээр мэргэжлийн төдийгүй хувь хүний олон ур чадвар маань хөгжсөн гэж боддог. Өөрийгөө дайчилж, шинэ зүйлд суралцаж, нэмэлт орлоготой ч болсон. Гэр бүлийн гишүүдэд маань ч эерэгээр нөлөөлсөн” гэж Т.Цолмон багш өгүүллээ. Ховд аймагт 2020 оноос “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх” (ESEL) сургалтын багш/зөвлөхөөр 92 багш бэлтгэгдсэн. 2024 оны байдлаар нийт зургаан удаагийн элсэлтээр 83 ангийн 1912 хүүхэд хувь хүний ур чадвар хөгжүүлэх, энтрепренершип боловсрол олгож байна.