Зорилгоо тодорхойлсон ментор

Г.Энхцоож “Менторын ажил зөв гаргалгааг олоход тусалж, дэмжих, ойлголцох юм. Тиймээс би хүүхэд бүртэй биечлэн уулзаж, шинэ санааг нь анхааралтай сонсож, санаагаа төсөл болгон хөгжүүлэхэд туслаж, урам өгч, итгэл төрүүлэхийг зорилго болгодог” хэмээн ярьж байна.

Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд орон нутагт менторын соёлыг түгээж, зорилтот таван аймагт сайн дурын үндсэн дээр менторуудыг бэлтгэсний нэг нь Г.Энхцоож юм. Тэрээр, Ховд аймгийн Зэрэг, Манхан, Мөст, Үенч, Алтай, Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Насан туршийн боловсролын нэгжийн залуус болон Жаргалант сумын Политехник коллежийн оюутнуудад зөвлөн тусалж, хамтран ажиллаж байна. Мөн “Энтрепренер Лийдс” манлайллын хөтөлбөрт “Манлайлал ба илтгэх ур чадварын өртөө”-г хариуцсан сургагч багшаар ажиллаж, пич арга хэмжээнд шүүгчээр оролцон төслийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулдаг юм.

Г.Энхцоож ESEL хөтөлбөрт хамрагдсан сурагчид, бичил төслийн уралдаанд оролцогч багууд болон санхүүжилт авч төслөө хэрэгжүүлж буй багийн хүүхэд, залуус, багш, эцэг эхчүүд гээд өнгөрсөн гурван жилийн хугацаанд 1800 гаруй хүнд зөвлөн тусалжээ. Бизнес санаагаа хөгжүүлж төсөл бичсэн багуудад пич уралдаанд орохдоо төсөл хэрэгжүүлэх аргаа оновчтой тодорхойлж, багийн гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, ашиг орлогын тооцоолол зэрэг гол мэдээллээ товч бөгөөд бүрэн дүүрэн өгөөрэй гэж зөвлөдөг. “Пич уралдаанд тэнцээгүй хүүхдүүд шантрахгүй, дараагийн удаа яавал тэнцэх бол, юун дээр анхаарах вэ гэж асуудаг. Хүүхдүүд бэрхшээлийг даван туулахыг хичээж байгаа чанар. Түүнийг харах сайхан байдаг. Хүүхдүүд ярилцаж өөрсдөө шийдлээ гаргаж ирж байхдаа нүдэнд нь гэрэл асаад урам ороод л ирдэг” гэж Г.Энхцоож ярьж байна. Түүний өгүүлснээр ментор хүн хүүхдийн дээрээс биш дэргэдээс нь харилцаж, нээлттэй харилцаа, итгэлцлийг бий болгох хэрэгтэй аж. Хүүхдүүд түүнийг ах эсвэл багш гэж харахгүйгээр үе тэнгийн юм шиг нээлттэй байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бэрхшээл, боломжоо хамтран ярилцаж чадаж байгаа нь түүнд урам өгдөг байна.

Г.Энхцоож “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн талаар “Хүүхдүүд насанд хүрэхэд бүх зүйлс сайхан байгаад тооцоолоогүй жижигхэн бэрхшээл тулгарахад гэнэт өөрийгөө чадваргүй гэдгээ мэдэрч, бэрхшээлд бууж өгдөг. Харин энэ төсөлтэй холбогдсон хүүхдүүд их сургууль эсвэл ажлын байранд гарахад, магадгүй бизнес хийхэд гарч ирдэг боломжууд, бэрхшээлүүдийг ESEL сургалтад хамрагдаж, сургуульд суралцаж байхдаа мэдэж, бэрхшээлээ даван туулах, боломжуудыг өөртөө ашиглах чадварууд бий болгож байна. Энэ мэдлэг, ур чадварыг энэ төсөл хүүхдийн сурлагын түвшин, хөгжлийн онцлогийг үл харгалзан хүртээмжтэй олгож байгаа нь миний ментороор ажиллах гол шалтгаан байсан” гэлээ.

Хүүхэд, залуус “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх” ESEL сургалтад сууж эхэлмэгц хамтдаа ярилцдаг, санаагаа хөгжүүлдэг, хэрэгжүүлдэг, хамтдаа боломжуудаа атгаж бэрхшээлээ давдаг болдог.  Энэ нь багаар ажиллах чадвар, үнэнч нөхөрлөлийг бий болгож, хүүхэд насны гэгээн, жаргалтай дурсамжуудынх нь нэгийг бүтээж байгаа гэсэн.

Би ментор болсноор өсвөр үеийнхэн, хүүхэд залуучуудтай ажиллах ур чадвартай болсон. ESEL сургалтын төгсөгч хүүхэд, залуучуудад ментор гэж дуудуулж байгаагийн хувьд би зөв хүн байх ёстой, хүүхдэд үлгэрлэх ёстой гэж боддог. Тэгэж ч хичээдэг юм. Энэ ажил маань намайг хувь хүний болон мэдлэг, мэргэжлийн хувьд тасралтгүй хөгжүүлж, тэмүүлэх хүсэл зорилготой болгосон гэж нэмж хэлсэн.

Г.Энхцоож “Хашаандаа сайхан амьдарцгаая” төслийн ерөнхий зохицуулагч бөгөөд Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, хөгжлийн газраас Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран явуулсан “Хувь хүний хөгжлийн цогц сургалт”-ын сургагч багш юм. Тэрээр, өмнө нь хүүхэд, залуустай ажиллаж байсан туршлагагүй байсан бол төслийн ментор болсноор өсвөр үеийн сурагчид, залуустай хамтран ажиллаж арвин туршлага хуримтлуулжээ.

2024 оны 8 дугаар сарын байдлаар Ховд аймгийн зорилтот сумдад 1912 хүүхэд, залуус ESEL сургалтад хамрагдаж, тэднээс 343 хүүхэд, залуус 229.5 сая төгрөгийн санхүүжилт бүхий 86 бичил төслийг амжилттай хэрэгжүүлж байна.