Хүсэл тэмүүллээ нэгтгэсэн “Мөрөөдлийн хөтөч”-ийнхэн

Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд таван аймгийн зорилтот сумдад 41 энтрепренер клуб ажиллаж байгаагийн нэг нь Ховд аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн “Мөрөөдлийн хөтөч” энтрепренер клуб юм.

Тус клубийн гишүүд бол “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх” сургалт төгсөж, хүсэл тэмүүллээрээ нэгдсэн олон арван сурагчдын төлөөлөл билээ. “Мөрөөдлийн хөтөч” клуб 8-12 дугаар ангийн 15 гишүүнтэй, ахлагч нь Х.Билэгдэмбэрэл, менежментийн багийн ахлагч нь Г.Гантогтох нар юм. Эдгээр сурагчид найз нөхдөдөө тусалж, тэднийг хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь хөтлөх замчлана гэж энэ нэрээ өгчээ. Тэд сар тутам хоёр удаа уулзаж, гишүүн бүр шинэ санаа хэлж, хамтдаа хэлэлцэн, хамгийн их санал авсан ажлуудаа төлөвлөдөг байна.

 

2023 оны 10 дугаар сард өөрсдийн суралцдаг нэгдүгээр сургууль болон “Минжит булган” цогцолбор сургуулийн “ZET”энтрепренер клубтэй хамтран суманд хэрэгжиж байгаа бичил төслүүдийг олон нийтэд танилцуулах “Туршлага солилцох уулзалт” зохион байгуулжээ. Булган  суманд хэрэгжиж буй бичил төслийн багийнхан туршлага солилцохоос гадна, багш нар, эцэг эхчүүд төслүүдийн үйл ажиллагаатай танилцаж, шинээр төсөл бичиж байгаа сурагчид үлгэр дууриал авсан байна.

Клубийн ахлагч Х.Билэгдэмбэрэл “Хүүхэд бүхэнд мөрөөдөл бий. Би чадахгүй байх гэсэн бодлоо хаяж, мөрөөдлөө бүү орхиорой. Бүтэлгүйтэх вий гэж эмээлгүй өөртөө итгээд мөрөөдлийнхөө төлөө тууштай байгаасай гэж хүсмээр байна. ESEL сургалт төгссөн, шинээр төсөл бичих гэж байгаа, төслөө бичсэн ч яаж танилцуулах вэ гэж эргэлзэж байгаа сурагчдад туслах, зөвлөгөө, итгэл өгөх нь бидний гол зорилго юм” гэлээ. Клубийн гишүүд төсөл бичиж байгаа сурагчдад зөвлөгөө өгч, олон багт төслөө амжилттай танилцуулж, санхүүжилт авахад нь тусалжээ. Булган суманд 104.1 сая төгрөгийн санхүүжилт бүхий 36 багийн бичил төсөл амжилттай хэрэгжихэд “Мөрөөдлийн хөтөч” клубийн гишүүдийн оролцоо, дэмжлэг их байсан билээ.

Булган сум дахь ерөнхий боловсролын хоёр сургуулийн хооронд 2023 оны 11дүгээр сард “Сурагч солилцоо” арга хэмжээ санаачлан зохион байгуулжээ. Энэ үйл ажиллагаа сурагчдад их таалагдаж “Сурагч солилцоог дахиад заавал зохиогоорой, илүү олон хоног болгоорой” гэж хүсчээ. Бидний санаачилсан ажилд хүүхдүүд дуртай оролцож, баярлаж байгааг харах хамгийн сайхан байсан гэж тус клубийн гишүүд ярив.

Сумын ард иргэдийг хамарсан томоохон арга хэмжээ бол “What3Words”  буюу гурван үгт хаягийг түгээн дэлгэрүүлэх 10 долоо хоногийн нөлөөллийн аян байв. Энэ нь урт хугацаанд үргэлжлэх, сумын нийт иргэдийг хамарсан, сумын удирдлагуудын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй аян байсан тул клубийн гишүүд амжилттай хэрэгжүүлж чадах эсэхдээ эргэлзэж, зүрхшээж байжээ. Эхний долоон долоо хоногт тэд мэдээлэл хүргэж хугацаа их зарцуулав. Дараа нь гишүүд ажил үүргээ хуваарилан ESEL сургалтад хамрагдсан бусад сурагчид, сум, сургуулийн удирдлага, сумын Онцгой комисс, сумын Онцгой байдлын газраас дэмжлэг авснаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш ажилтнууд, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч зэрэг нийт 3417 иргэнд гурван үгт хаягийг таниулж, ашиглуулж сургажээ.

“Мөрөөдлийн хөтөч” клуб нь ийнхүү олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулснаар туршлага хуримтлуулж, багаараа нэгдэж чадвал зорилгодоо хүрнэ гэсэн урам зоригтой болсон байна.  Цаашид гишүүдийн тоог нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, шинэлэг арга хэмжээ, нөлөөллийн аянууд зохион байгуулж, үе тэнгийнхнийгээ манлайлан, нийгэмд дуу хоолойгоо хүргэхийг зорьж байна.