Чиглүүлэгч, зөвлөгч бас сэтгэл зүйн дасгалжуулагч

-Бусдын амжилтын чиглүүлэгч байх түүний хүсэл мөрөөдөл бага наснаас нь эхэлжээ-

Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн хүрээнд 5 аймагт бизнес көүч ажиллаж байна. Тэдний нэг бол Ч.Нарантуяа. Тэрээр Говьсүмбэр аймгийн зорилтот сум болох Сүмбэр болон Шивээговь сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Насан туршийн суралцахуйн төвийн суралцагчид мөн аймгийн Политехник коллежийн оюутнууд, Энтрепренер клубийн хүүхэд, залуустай хамтран ажиллахаас гадна төслийн аймаг, сумын зөвлөл, ESEL багш нар болон “Сургуульд суурилсан энтрепрайз” төслийн багтай хамтран ажилладаг.

Бусдын амжилтын чиглүүлэгч байх түүний хүсэл мөрөөдөл бага наснаас нь эхэлжээ. Зах зээлийн хүнд үед төрж, өссөн тэрээр Сүмбэр өртөөнийхөө галт тэргийг дамжин бохь ширхэгээр зарж, ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч, тэр цагаас хүүхэд бүр мөрөөдлөөр дүүрэн, түүндээ хүрэхийн тулд хичээж тэмүүлэх ёстойг ухаарсан аж. Тийм ч учраас  хүүхдүүдийн амжилтыг чиглүүлэх көүчээр ажиллах боломжийг алдсангүй. Түүний хувьд 3 дээд сургууль төгсөж, бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалж, ажлаа Монголд хэрэгжиж байсан олон улсын анхны томоохон төслүүдийн нэг “Тогтвортой амьжиргаа-II” төслөөс эхэлжээ. Мөн Мерси кор Монгол ОУБ-ын орон нутгийн төлөөлөгчөөр ажилласан байна. Эдгээр төсөлд чадварлаг хүмүүстэй хамтран ажиллаж, олон зүйлийг сурч, туршлага хуримтлуулжээ.

Тэрээр “Намайг бага байхад хүүхдүүд суудлын галт тэрэгнээс зүүгдэн хоол зарж, эрсдэлд орж, хөл гаргүй болох цаашлаад амь насаа алдах ч тохиолдолд их гардаг байсан. Хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүд хулгай, дээрэм хийх зэргээр гэмт хэрэгт орж, буруу замаар орж байлаа. Тэдний эрхийг нь хамгаалдаг газар, дэмжлэг үзүүлдэг хүн байсангүй. Гэхдээ тэр үеийг бид ардаа орхиж чадсан. Одоо Монголд хүүхдийн эрхийг хамгаалдаг  тогтолцоо бүрдэж, хууль эрх зүйн актуудаар баталгаажих болсон. Өнөөдөр хүүхдүүдийг сурч хөгжих бүх нөхцөлөөр хангаж, маш олон боломжууд санал болгож байна. Бид одоо хүүхдийг бэлэнчлэх сэтгэлгээнээс холдуулж бие даах чадамжийг нь нэмэгдүүлэх, практик ур чадварыг олгоход түлхүү анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл” түүний энэхүү зорилготой огтлолцсон тул бизнес көүч болох сонирхлыг нь татжээ. Энэ төсөл хэдийгээр өсвөр үеийн хүүхэд, залуусын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн боловч, оролцогч талууд зэрэг хөгжиж, бие биеэсээ суралцаж, бие биеэ хүндэтгэн, бусдыг ойлгож, сонсох, ажлын ачааллаа зөв хуваарилан, багаар ажиллах ур чадварыг олгодгоороо онцлогтой гэж тэрээр дүгнэж байгаа аж.

Төсөл анх бизнес көүчгүй хэрэгжиж эхлэхэд хөдөөгийн алслагдсан сумдад төсөл бичих хандлага бага, аймгийн хэмжээнд ердөө 1-2 төсөл дэмжигдэж байлаа. Харин 2022 оноос зорилтот 5 аймагт бизнес көүч ажиллаж эхэлснээс хойш энэ тоо эрс нэмэгдсэн нь бизнес көүчийн оролцоо чухал гэдгийг харуулсан юм.

Ч.Нарантуяа “Говьсүмбэр аймгийн зорилтот сумдын ерөнхий боловсролын сургуулиудын 8-12 ангийн бүх сурагчид, Политехник коллежийн оюутнууд, Насан туршийн суралцахуйн төвийн залуусыг хөгжих, бизнес санаа гаргах, санхүүгээ төлөвлөх, багаар хамтран төсөл бичих, хэрэгжүүлэхэд чиглүүлэн, төсөлд оролцох боломж бүрдүүлж, чиглүүлж, зөвлөж байгаа маань хариуцлагатай ажил” хэмээн ярьж байв.

 Үүний тулд төслийн оролцогч талууд, зөвлөх багш нартай илүү уялдаатай ажиллаж, ESEL хөтөлбөрт хамрагдаж буй хүүхэд залууст илүү өөрийгөө таньж мэдэх, цагаа зөв зохистой хуваарилах, бизнес сэтгэлгээг бий болгох, төсөв санхүүгээ тооцоолж, багаар хамтран ажиллах, төсөл бичих, түүнийгээ хамгаалж, үр дүнг үзэн хэрэгжүүлэхэд нь чиглүүлж ажилладаг. Түүнийг 2022 онд Говьсүмбэр аймгийн бизнес көүчээр ажиллаж эхлэхэд анхны төслийн уралдаанд аймгийн хэмжээнд 4 төсөл орсноос нэг нь л тэтгэлэг авч байлаа. Тэгвэл өнөөдөр нийт 7 удаагийн тэтгэлэгт хөтөлбөрөөр 58 төсөл дэмжигдэн  санхүүжилтээ авч, амжилттай хэрэгжиж байна. Үүнээс хүүхдүүд урам авч, дараа дараагийн  төслийн уралдаанд олон баг оролцох болов. Баг бүрийн бизнес санааг шууд хэрэгжүүлэх боломжгүй ч оролцогчдынхоо хүсэл тэмүүллийг унтраалгүй, тэдэнд тохирсон, хэрэгжүүлэх боломжтой арга барилаар өөрчлөх замаар чиглүүлж, дасгалжуулж ажилласан  байна. Түүнчлэн төслийн шалгаруулалтад оролцоход ямар сорилт давж, юу сурах ёстойг ойлгуулж, дэмжлэг аваагүй ч гэсэн урам нь хугарахгүй байхаар сэтгэл зүйг нь бэлтгэж байсан аж. Ингэснээр хүүхдүүд уралдаандаа өрсөлдөөнтэй оролцож, санал шүүмжийг оновчтой хүлээн авч, ухарч шантралгүй, өөрсдийн төслөө дахин сайжруулахаар тэмүүлдэг болсон юм.

Өнөөдрийн байдлаар бизнес көүч Ч.Нарантуяа ESEL сургалтын 1000 гаруй хүүхдэд мэдээлэл, сургалт хийж, төслийн шинэ санаа гаргасан хүүхэд, залуучуудын 115 багтай ажиллаж, түүнээс 58 баг нь тэтгэлэгт хамрагдсан байна. Эдгээр 58 төсөл орон нутагтаа 170 гаруй сая төгрөгийг хөрөнгө оруулалт татаж, амжилттай хэрэгжиж байгаа юм. Мөн “Сургуульд суурилсан энтерпрайз” хэрэгжүүлж буй Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн бизнес төлөвлөгөө боловсруулах, улирал, жилийн төлөвлөгөө, тайлан гаргахад нь дэмжлэг үзүүлж байна.

Хүүхэд насандаа туулсан амьдралын бартаа нь өсвөр үеийнхнийг амжилтад чиглүүлэх көүч болгосон гэж хэлж болмоор. Түүний хувьд орон нутагт энтрепренешип, бизнес көүч, менторийн сэтгэлгээг түгээж, ач холбогдлыг нь ойлгуулж чадсан томоохон төслүүдийн анхдагч байж чадсан гэж үнэлж байна. Ч.Нарантуяа цаашид орон нутагтаа төдийгүй улсын хэмжээнд чадваржсан бизнес зөвлөх, көүчээр ажиллах зорилго тавин ажиллаж байна.

Төслийн ажилтан Б.Шүрэнчимэг