Багш нар тусгай хэрэгцээт боловсролын хөрвүүлэх сургалтаар шинэ мэргэжилтэй болно
“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийг “Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) байгууллагын буцалтгүй тусламжаар Боловсрол, шинжлэх ухааны яам 2022 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл нь боловсролын салбарын тэргүүлэх гурван чиглэл болох “Тэгш хамруулан сургах боловсрол”, “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” болон “Хосолсон сургалт”-ыг хөгжүүлэхэд чиглэдэг. Эдгээр гурван чиглэлийн “Тэгш хамруулан сургах боловсрол” ажлын хүрээнд “Багш, тусгай хэрэгцээт боловсрол” мэргэжлийн хөрвүүлэх сургалтад хамрагдах ерөнхий боловсролын сургуулийн багш нарт тэтгэлэгт хөтөлбөрийн батламж гардуулах ёслол 2024 оны 10 дугаар сарын 9-нд Боловсролын яамны хурлын танхимд боллоо.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал ёслолыг нээж, үг хэллээ. Тэрээр “Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд хичээл заах, тусгай арга зүйгээр бэлтгэгдсэн багш нар хангалттай биш байгаа. Төлөвлөгөөний дагуу багш бэлтгэж байгаа ч энэ хомсдолыг бууруулах зорилгоор төслийн хүрээнд 18 багшийг тусгай хэрэгцээт боловсролоор хөрвүүлэн суралцуулах тэтгэлэг олгож байна” хэмээн онцлов. Мөн Япон улсын Элчин сайдын яамны Зөвлөх Кондо Казүмаса оролцож үг хэлсэн юм. Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон хэлсэн үгэндээ “Эрдэм боловсролоо ахиулсан, сурсан мэдсэнээ бусдад түгээдэг, сэтгэл оюунаа хүнд зориулдаг иргэд нэмэгдэх тусам бид эх орноо хамтдаа хөгжүүлж чадна гэж Хүүхдийг Ивээх Сан итгэдэг. Тэтгэлэг гардсан оюутнуудадаа сурлагын амжилт хүсэж, баклаврын дипломоо өвөртлөн, бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө ажиллана гэж гүнээ итгэж байна” хэмээн дурдав.
Төслийн “Тэгш хамруулан сургах боловсрол” бүрэлдэхүүн хэсэг Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймаг, нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нийт 18 зорилтот сургуульд хэрэгжиж байна. Эдгээр сургуулиудын багш нар “Багш, тусгай хэрэгцээт боловсрол” мэргэжлийн хөрвүүлэх сургалтад хамрагдаж, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллах онол, арга зүйн цогц мэдлэг эзэмшиж, шинэ мэргэжилтэй болох юм. Ингэснээр тусгай хэрэгцээт боловсролын мэргэжлийн багшлах хүний нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэднийг мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллуулах зорилготой юм.
Батламжаа авсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р сургуулийн багш н.Алтанцэцэг “Бид багш хүний зайлшгүй эзэмших ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллах шинэ арга зүйн мэдлэгтэй болно. Бидний нийгмийн баталгааг алдагдуулахгүй суралцуулж байгаад баяртай байна. Нэг жил суралцаж, тусгай хэрэгцээт боловсролыг багш мэргэжил эзэмшээд өөрийн сургууль, орон нутагтаа идэвх чармайлтаа гарган ажиллаж, ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажилладаг багш, эцэг эхчүүдэд зөвлөн тусална” хэмээн хэлэв.
Энэхүү ёслолд Боловсролын яам, Япон улсын Элчин сайдын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага, Хүүхдийг Ивээх Сан, МУБИС, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, сургалтад хамрагдаж буй оюутнууд, төслийн зорилтот сургуулиуд зэрэг газруудын төлөөллүүд оролцлоо.
Дашрамд өгүүлэхэд, Хүүхдийг Ивээх Сан Боловсролын дэлхийн түншлэлийн Монгол Улс дахь төлөөлөл болж, төслийн санхүүжилтийн зохицуулагчаар ажиллаж байгаа бөгөөд төслийн хэрэгжилтэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, санхүүжилтийг зохицуулах үндсэн чиг үүрэгтэй оролцож байгаа юм.