Эрүүл хүнс тариалдаг Эко сургуулийнхан

-Экологи болон амьдрах ухааны ур чадвар олгодог төрөлжсөн сургууль болох зорилготой-

Ховд аймгийн Зэрэг сум нь эрс тэс уур амьсгалтай, газар тариалан эрхлэхэд бэрх, гөлтгөнөтэй, давсархаг хөрс бүхий газар нутагтай. Гэвч бэрхшээлийг даван туулж, эрүүл чанартай хүнсний ногоог тариалж ургуулан, сургуулийн сурагчид болон сумын иргэддээ үйлчилж буй хамт олны амжилтын түүхийг хуваалцъя.

Ховд аймгийн Зэрэг сум аймгийн төвөөсөө 160, нийслэлээс 1284 км алслагдсан, эрс тэс уур амьсгалтай, салхины хурд 14-55 м/сек хүрч шуурдаг, хөрс нь гөлтгөнөтэй, давсархаг учраас газар тариалан эрхлэхэд зохимжтой биш хэмээн судлагдсан байдаг. (Сургуульд суурилсан энтерпрайзийг хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох судалгааны тайлан О.Бүрэнжаргал 2021 он)

Зэрэг сумын ерөнхий боловсролын сургууль нь Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн хүрээнд төсөл хэрэгжүүлж буй таван аймгийн зорилтот сумдын сургуулиудын дунд зохион байгуулсан “Сургуульд суурилсан энтерпрайз” (ССЭ) хэрэгжүүлэх төслийн уралдаанд “Эко хүнс” төслөөр оролцон шалгарч 107.5 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Энэ мөнгөөр хүлэмжийн болон гадна талбайн тариалалтад шаардлагатай багаж төхөөрөмж, үр, үрсэлгээ худалдан авч, хоёр ч хүлэмж, хашаа хамгаалалт барьсан байна. Орон нутгаас гадна талбайн тариалалт эрхлэх дөрвөн га газар олгожээ.

“Эко хүнс” ССЭ нь удирдлагын, сургалт судлагдахууны, маркетинг борлуулалтын, тариалалтын, гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын баг, сурагчдын клуб гэсэн бүтэцтэй. Үйл ажиллагаанд нь энтрепренер клуб, эко клубийн сурагчид бусдыгаа манлайлан оролцохоос гадна сургуулийн нийт багш, ажилчид гар бие оролцон тариалалт, арчилгаа, хураалтыг хамтдаа хийж, бодит үр дүнд хүрч байна. Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн 8а ангийн сурагч Б.Анар “Манай сургууль хүлэмж, ногооны талбайтай. Бид ангиараа очиж ажилладаг. Ногооны талбайн чулуу түүж, хүлэмжинд үрсэлгээ бэлдэж ургуулдаг.  Харин ээлжээр усалдаг юм. Цэг шиг жижигхэн байсан үр яаж ургаж, хичнээн өндөр болж, үр жимсээ өгч байгааг ажиглах үнэхээр гоё. Дотуур байрандаа тарьж ургуулсан ногоотой хоол идэх бүр ч сайхан. Би ногоо тарьж ургуулах мэдлэгтэй болсондоо баяртай байна” хэмээн ярилаа.

Багш бүр “Эко хүнс” ССЭ-ийн үйл ажиллагааг судлагдахуунтай уялдуулах боломжийг эрэлхийлж, хичээл төлөвлөлтөө хийж, сурагчид сургуульд суурилсан энтерпрайзийг олон нийтэд таниулах, нөлөөлөх ажлуудыг санаачлан гүйцэтгэдэг юм. Зуны амралтаар нярав, сантехникч нар талбай, хүлэмжийн усалгаа, арчилгааг голлон хариуцдаг байна.

Сургуулийн хамт олонд анх туршлага дутмаг байв. “Эко хүнс” ССЭ-ийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Ховд аймгийн “Хөгжил” политехник коллежийн газар тариалангийн зөвлөх багш нараас Хүүхдийг Ивээх Сангийн дэмжлэгээр гурван удаа сургалт авсан юм. Ингэж тэд тариалалт эрхлэх мэдлэг, арга зүй, ур чадвараа нэмэгдүүлсэн байна. Дээр дурдсанчлан, Зэрэг сумын сургуулийнхан ССЭ-аа хэрэгжүүлэхэд зарим саад бэрхшээл тулгарч байсны нэг нь эрс тэс цаг агаар байлаа.  2023 оны хаврын 28 м/c хурдтай шуурганд нэг хүлэмж нь хийссэн ч, үлдсэн нэг хүлэмж болон нэг га гадна талбайн тариалалтаас 3,1 тонн хүнсний ногоо хурааж, сургуулийнхаа үдийн цай, дотуур байрын хүнсэнд нийлүүлснээс гадна сумын иргэдэд борлуулж 5,7 сая төгрөгийн орлого олжээ.

Тэд хавар бүр сурагчдынхаа тусламжтайгаар үр, үрсэлгээ бэлтгэж, хүлэмжиндээ чинжүү, улаан лооль, хоёр төрлийн өргөст хэмх, юуцай зэрэг нарийн ногоо, гадна талбайдаа тарвас, төмс, байцаа, чацаргана тариалдаг. Намар 9-10 дугаар сард ургацаа хурааж, сургуулийнхаа гаднах борлуулалтын цэгт болон захиалга авч, хүргэлтээр зардаг аж. Жил бүрийн намар зохион байгуулдаг “Манай сургууль-Малчны хотонд” аяны хүрээнд ургацын дээжээ багуудын төвд хүргэж, малчдад үйл ажиллагаагаа танилцуулж, ногоогоо борлуулдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдийнх нь гар бие оролцож, тарьж ургуулсан эрүүл хүнсний ногоог худалдан авахдаа баяртай байдаг байна. Цаашид тарих ногооны төрлөө нэмэгдүүлж, багц бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж, “Eco food” гэсэн логотой болжээ.

Сургуулийн захирал Ч.Төмөрмөнх “Монгол Улсын хэмжээнд сургуульд суурилсан энтерпрайз  хэрэгжүүлж буй анхдагч зургаан сургуулийн нэг болж, шинэ туршлага бий болгон, боловсролын салбараа түүчээлж байгаадаа баяртай байна. Энэ бол өндөр үүрэг хариуцлага юм. Цаашдаа баруун бүсийн жишиг сургуульд суурилсан энтерпрайз болж, үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.

“Эко хүнс” ССЭ нь эрүүл хүнс тариалахаас гадна Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг эрүүл хооллолт болон хүнсний ногооны ашиг шимийн талаар мэдлэгтэй, байгалийн ухааны туршилт, судалгаанууд хийх чадамжтай, экологийн хийгээд амьдрах ухааны ур чадвартай болгох зорилгоор хүлэмж, гадна талбайг дадлага туршилтын бааз болон ашиглаж, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох төрөлжсөн сургууль болохоор зорьж байгаа юм.