БНСУ-ын сэтгүүлчид Монгол дахь уур амьсгалын өөрчлөлтийг сурвалжилж байна

Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн урилгаар БНСУ-ын MBC телевиз болон БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн мэдээллийн багийнхан 2024 оны 10 дугаар сарын 20-26-нд манай улсад ирж, мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэж байна. Тус багийнхан Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот, Сүхбаатар, Халзан суманд ажиллаж, уур амьсгалын өөрчлөлт малчид, нүүдэлчдийн аж амьдралд хэрхэн нөлөөлж байгааг сурвалжилж, Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагаа болон Улаанбаатар хотын Налайх дүүрэгт хэрэгжүүлж буй төсөлтэй танилцах юм.

Хүүхдийг Ивээх Сангийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Бид БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр ойн төгөл байгуулах, иргэд, хүүхдүүдэд экологи болон уур амьсгалын өөрчлөлтийн талаарх боловсрол, мэдлэг олгох зорилготой төслийг нийслэлийн Налайх дүүрэгт хэрэгжүүлж байна. Энэ удаа бид MBC телевизийн сэтгүүлчдэд өөрсдийн үйл ажиллагааг газар дээр нь танилцуулахаас гадна тэдэнд уур амьсгалын өөрчлөлт нь Монголын малчид, хүүхдүүдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаа, ямар хариу арга хэмжээ авч байгаа талаар ойлголт өгөх зөрилгоор тус аялалыг зохион байгуулж байна” хэмээн ярилаа.

Солонгосын сэтгүүлчид өнгөрсөн онд өвөлжилт хамгийн ихээр хүндэрсэн Сүхбаатар аймгийг сонгосон бөгөөд Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангаас тус аймагт хэрэгжүүлсэн зудын болон малжуулах төсөлдд хамрагдсан малчид, өрхүүдээр орж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцана. Түүнчлэн, малчдын хүүхдүүд, багш нар, орон нутгийн удирдлагатай уулзаж ярилцлага авахаар төлөвлөж байна. Эдгээр сэтгүүлчдийн бэлдэж гаргах контент, нэвтрүүлэг нь Хүүхдийг Ивээх Сангийн Монгол улс дахь үйл ажиллагааг таниулахаас гадна уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшигт үзэгдлүүд нь Монголын нүүдэлчдийн амьдралд хэрхэн нөлөөлж, эрсдэл учруулж байгаа болон малчид үүнийг хэрхэн даван туулж байгаа талаар олон улсад мэдээлэл түгээх зорилготой юм. Сэтгүүлчдийн энэ удаагийн аяллыг БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийнхан хамтран зохион байгуулж байна.

Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдэд зориулсан хөгжлийн болон хүмүүнлэгийн төслүүд хэрэгжүүлж ирсэн билээ. 1999 оноос Монгол оронд тохиолдсон зудын болон үерийн нөхцөлд хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх зорилгоор санхүүжилт босгон, эдгээр гамшигт нэрвэгдсэн иргэд, малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн болно. Байгалийн болон хүний аливаа үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшиг, хямралын сөрөг нөлөө насанд хүрэгчидтэй харьцуулахад хүүхдэд илүү хүндээр тусдаг. Иймээс манай байгууллагын хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөр нь гамшиг, хямралд өртсөн эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүлд чанартай хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх, болзошгүй гамшигт бэлэн байхад нь туслах зорилготой юм.