Боловсролын ерөнхий газрын мэргэжилтнүүд Говьсүмбэр аймагт ажиллаж ESEL сургалтын хөтөлбөртэй танилцан санал солилцов

Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох”  төслийг Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилт, Дэлхийн банкны менежменттэйгээр 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байгаа билээ.

Боловсролын ерөнхий газрын багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газрын (БАБХГ) мэргэжилтнүүд Говьсүмбэр аймаг дахь тус төслийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй 2024 оны 10 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд танилцлаа.

 

Энэхүү үйл ажиллагаан хүрээнд Говьсүмбэр аймгийн зорилтот сургуулиудад хэрэгжиж буй “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийн /ESEL/ үйл ажиллагаа, Сургуульд суурилсан энтерпрайз /ССЭ/, бичил төслийн хэрэгжилтийн явцтай танилцаж, төслийн үр шим хүртэгсэд болон бусад оролцогч талуудтай уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Уулзалтын эхэнд Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын дарга А. Зургаанжин төслийн хэрэгжилтийн үр дүнг танилцуулж, тус аймагт зохион байгуулагдаж буй үйл ажиллагааны ач холбогдлыг онцлов.

Үйл ажиллагааны үеэр БАБХГ-ын мэргэжилтнүүд ХИС-гийн төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл авч, орон нутгийн талуудтай төслийн үйл ажиллагааны хүрээнд санал солилцлоо. Түүнчлэн мэргэжилтнүүд нь төсөлд хамрагдаж буй сургуулиудын удирдлага, багш нарт болон аймгийн Боловсролын газрын ажилтнуудад зөвлөн туслах дэмжлэг үзүүлэв.

 

Говьсүмбэр аймагт зохион байгуулсан энэхүү арга хэмжээний төгсөлд БАБХГ-ын мэргэжилтнүүд үйл ажиллагааг дүгнэж, төслийн тогтвортой байдлын стратегид санал өгсөн юм. Уг дүгнэлт хэсгийг БЕГ-ын БАБХГ-ын дарга Д. Энхтулга Гиббсийн эргэцүүллийн загварыг ашиглан чиглүүлэн явууллаа. Мэргэжилтнүүд ESEL сургалтын үр дүн, багш нарын ур чадварт гарсан ахиц болон сурагчдад гарсан өөрчлөлт, ССЭ санаачлагын ач холбогдол болон хүүхэд залуусын хэрэгжүүлж буй бичил төслөөс бий болж буй үр нөлөөг онцлон тэмдэглэв. Төслийн үр дүнг тогтворжуулахтай холбогдуулан мэргэжилтнүүд ESEL сургалтын хөтөлбөр нь боловсролын бодлого, багшийн хөгжил, хамтын ажиллагааны түншлэлийн зорилготой нийцэж буйг тодотгож, тус хөтөлбөрийг сургалтын үндсэн үйл ажиллагаатай уялдуулах, сургалтын арга зүйг хичээлийн арга зүйд ашиглах, хөтөлбөрийг сургууль тус бүрийн онцлогтой тохируулах зэрэг саналуудыг дэвшүүллээ.