Мэргэжлийн боловсролын 130 багш ESEL хөтөлбөрийн багшаар бэлтгэгдлээ
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А-278 тоот тушаалаар “Энтрепренершипт суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” (ESEL) сургалтын хөтөлбөр бүх Мэргэжлийн боловсролын сургуулийн (МБС) үндсэн хөтөлбөрийн нэг болсонтой холбогдуулан ESEL хөтөлбөрийн багшийг мэргэшүүлэх гурван үе шаттай сургалтыг цахим, танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулж, Мэргэжлийн боловсролын 130 багш ESEL хөтөлбөрийн багшаар бэлтгэгдлээ.
Боловсролын ерөнхий газар (БЕГ), Хүүхдийг Ивээх Сан (ХИС) хамтран ESEL хөтөлбөрийн багш бэлтгэх сургалтын 3-р шатны сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд танхимаар зохион байгууллаа. Уг сургалтад 21 аймаг, 8 дүүргийн 49 Политехник коллеж, Мэргэжлийн боловсролын сургуулийн 130 багш, сургалтын менежер, арга зүйчид хамрагдлаа.
Сургалтын эхний өдөр бүх оролцогч багш нар нэгдсэн байдлаар сургалтад хамрагдсан бөгөөд багш нарт “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх“ хөтөлбөрийг 6 Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид хэрэгжүүлсэн үр дүнгийн талаар танилцуулж, сургалтын зохион байгуулалттай холбоотой асуултад тодруулга өглөө. Мөн, ESEL хөтөлбөрийн багшлах арга зүйн хөгжил, суралцагчийн хувь хүний ур чадвар, сэтгэлгээнд үзүүлж буй нөлөөлөл, цаашдын хэрэгжилтэд анхаарах асуудлын талаар илтгэж, харилцан туршлагаа солилцов.
Сургалтын хоёр дахь өдөр, бүх оролцогч багш нар 4 бүлэгт хуваагдан, өөр өөрийн хуваарилагдсан танхимд сургалтын үйл ажиллагаанд оролцов. Үүний дагуу ESEL сургалтын хөтөлбөр, багшийн болон суралцагчийн гарын авлагыг нэг бүрчлэн уншиж судлан, чадамжийн элемент бүрийн агуулга, уялдаа холбоо, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрээр суралцагчийн эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, сэтгэлгээний талаар ойлголттой болов. Мөн багш нар гарын авлага тус бүрийг бие даан уншиж, судласны дараа сургалтын арга зүй, төлөвлөлт, зохион байгуулалттай холбоотой 2 төрлийн бүлгийн ажлыг хийж гүйцэтгэн, ESEL хөтөлбөрийн онол, арга зүйн онцлогийн талаарх ойлголтоо бататгав.
Сургалтын гурав дахь өдөр, бүх оролцогч багш хоёр, хоёроороо баг болон “Би ESEL-ийн багш” дадлага ажлыг хийж гүйцэтгэв. Ингэснээр багшийн болон суралцагчийн байр сууринаас сургалтын хөтөлбөрийг ойлгох, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйд суралцаж, харилцан туршлагаа хуваалцав.
Сургалтад хамрагдсанаар “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх” хөтөлбөрийн зорилго, зохион байгуулалт, арга зүй, нөөц хэрэглэгдэхүүний ашиглалт, суралцагчдыг сургалтын явцад удирдан чиглүүлэх арга зам, тэдний мэдлэг, чадвар, сэтгэлгээний хөгжлийг үнэлэх арга зүйн талаар ойлголт, чадвартай болсон 130 багш “Сургагч багш”-ийн гэрчилгээгээ гардан авав. Ингэснээр, ESEL хөтөлбөрийг 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн мэргэжлийн боловсролын 3 жилийн сургалттай ангид хэрэгжүүлэх боломж бүрдлээ.