ESEL хөтөлбөрийн мастер багш нар бэлтгэгдлээ
Хүүхдийг Ивээх Сан (ХИС)-гаас Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт (ESEL)-ын багшийг сургах эрхтэй Мастер багш бэлтгэх вакуумжуулсан сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 11-13-нд Улаанбаатар хотод ойролцоох Хишиг монгол амралтын газрын сургалтын танхимд зохион байгууллаа.
ХИС-гийн хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай сургалтыг нээж үг хэлэхдээ, “ESEL хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангах, боловсролын системд нутагшуулахад Мастер багш нарын оролцоо, манлайлал маш чухал. ESEL хөтөлбөр Мэргэжлийн боловсролын сургууль (МБС)-ийн үндсэн хөтөлбөр болсонтой холбогдуулан цаашид ESEL-ийн багш бэлтгэх шаардлага гарахад та бүхнийг идэвхи санаачилгатай оролцоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн дурдлаа.
Мөн, сургалтын үйл ажиллагаанд Боловсролын ерөнхий газрын Багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газрын дарга Д.Энхтулга оролцож, “Багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжиж, бусад багш нартайгаа хамтран ажиллаж, бие биеэсээ суралцдаг байх хэрэгтэй. Тиймээс, ESEL-ийн багш нар маань Мэргэжлийн хөгжлийн бүлэг байгуулж ажиллах нь багшийн хөгжлийг дэмжих чухал арга зам юм” хэмээн онцлов.
Гурван өдрийн сургалтаар ESEL хөтөлбөрийн онол, арга зүйн үндэс, ач холбогдлыг илүү ахисан түвшинд багш нарт танилцуулж, хувь хүний ур чадварын талаарх үндсэн ойлголт, үнэлгээний үндсэн аргуудын талаарх мэдлэг, ойлголтыг бататгаж, цаашдаа сургууль, орон нутгийн болон үндэсний түвшинд ESEL-ийн багшийг сургах чадавхийг бэхжүүлэв. Мөн Энтрепренершип боловсрол, түүний онцлог, яагаад хувь хүний ур чадварыг хөгжүүлэхэд Энтрепренершипийн арга хэрэгслүүд чухал болохыг хэлэлцэв.
Түүнчлэн, сургалтын үеэр ESEL сургалтын хөтөлбөр, гарын авлагын сайжруулалтад Мастер багш нарын саналыг авах зорилготой бүлгийн ажлыг зохион байгуулав. Энэ үеэр Сүхбаатар аймаг дахь МБС-ийн арга зүйч багш Д.Нямсүрэн “ESEL хөтөлбөр МБС-ийн үндсэн хөтөлбөр болсон нь суралцагчдад орчин үеийн шинэлэг агуулгаар хувь хүний ур чадвараа сайжруулах боломжийг олгож байгаа. Цаашдаа ЕБС-ийн үндсэн судлагдахууны нэг болох талаас анхаарч үзэх хэрэгтэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Мөн, Завхан аймгийн Их-Уул сумын багш Х.Уламбаяр ESEL сургалтын үр дүнгийн талаар “ESEL сургалтын арга зүйг өөрийн заадаг хичээлдээ маш их ашигладаг. Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн төлөвлөх, үнэлгээ хийх, суралцагчдыг идэвхжүүлэх олон арга хэрэгслийг сурч байгаадаа багш хүнийхээ хувьд үргэлж талархалтай байдаг” хэмээн дурдав.
Сургалтын төгсгөлд оролцогч багш нар ESEL хөтөлбөрийн онцлог, багшийг бэлтгэх удирдамжийн хувилбарыг хэлэлцэж, цаашид Мэргэжлийн хөгжлийн бүлгийг байгуулж, ажиллах боломж, санал, шийдлээ ярилцав. Ингэснээр Мастер багш нар өөрийн мэдлэг, ур чадвар, чадавхаа сайжруулахаас гадна ESEL хөтөлбөрийн бусад багш нартаа арга зүйн дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм.
Сургалтыг Боловсрол судалгааны үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, төслийн зөвлөх С.Санжаабадам, төслийн Психометрик зөвлөх Х.Сайнсанаа, төслийн Энтрепренершип зөвлөх Б.Бат-Орших, төслийн зөвлөх А.Энхтогтох болон төслийн ажилтнууд удирдан явууллаа.
Сургалтад зорилтот 5 аймгийн Ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн суралцахуйн төв, Политехник коллеж, МБС-ийн ESEL хөтөлбөрийн 30 багш, Боловсролын ерөнхий газрын 5 мэргэжилтэн, МБС-ийн Зөвлөх багийн 3 гишүүн, төслийн 12 ажилтан зэрэг 50 хүн хамрагдаж, ESEL Мастер багшийн гэрчилгээгээ гардан авав.