ESEL хөтөлбөрийн чиглүүлэгч, энтрепренер клубийн зөвлөх
-Хосолсон хөтөлбөрийн багш хүүхэд, залуусыг хамтад нь чиглүүлж, сургадаг-
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийнхөө сурлагын амжилтаар аймагтаа тэргүүлдэг. Ш.Болор-Эрдэнэ ур чадварыг зах зээлтэй холбох ирмүүн хүсэлтэй багш юм. Тэрээр, ESEL хөтөлбөрийн танхимын болон хосолсон хөтөлбөрийн хүүхэд, залуусын чиглүүлэгч нь. Ш.Болор-Эрдэнэ Баяндэлгэр сумынхаа сургуульд 23 дахь жилдээ технологийн багшаар ажиллаж байна. Түүний хувьд алслагдсан хөдөө, орон нутгийн хүүхэд, залуус боломжоо ашиглаж, хил хязгаар үл харгалзан хөгжих ёстой гэж итгэдэг. Орон нутаг дахь өсвөр үеийнхэн аливаа боломжийг туршиж, чадах зүйлсээ олж мэдэхэд багшийн ухаалаг чиглүүлэлт, дэмжлэг чухал ч хөдөөд материаллаг нөөц хомс, харилцаа, сэтгэл зүй, санхүүгийн мэдлэг, мэдээлэл тааруугаас шалтгаалж бэрхшээл их байв.
Харин Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл 2020 онд Баяндэлгэр суманд хэрэгжих болсон нь алдагдсан боломжийг нөхөх ач холбогдолтой байлаа.
Ш.Болор-Эрдэнэ багш төслийн зорилго хүсэл тэмүүлэлтэй нь нийцэж байгаад олзуурхаж, чиглүүлэгч багш сонгон ажиллуулах шалгаруулалтад орж тэнцжээ. Ийнхүү тэрээр, хөтөлбөрийн чиглүүлэх багш болж, сурагчдад зөвлөн тусалж, ур чадвар, төсөл бичих арга зүйд сургах болов. Үүний зэрэгцээ ур чадвараа ахиулан Хүүхдийг Ивээх Сангаас Улаанбаатар хотод зохион байгуулсан танхим болон цахим хосолсон хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдсан байна. Ингээд малчин залуус болон гэртээ хүүхдээ харж суугаа залуу эцэг, эхчүүдийг хөтөлбөрт чиглүүлэн ажиллах болжээ. Хосолсон хөтөлбөрийн багш болсноор зөвхөн сургуультай бус сумын Тамгын газар, сумын ажил хөдөлмөр эрхлээгүй 14-25 насны залуус, орон нутгийн нийт иргэд рүү чиглэж, багийн Засаг дарга нартай хамтран зорилтот бүлгийнхний судалгаа гаргах, тэдэнд хөтөлбөрийн талаарх мэдээлэл хүргэх болж, үйл ажиллагааны хүрээ нь тэлсэн юм.
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслөөс сургалтын шинэлэг хөтөлбөр боловсруулж, ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төвтэй хамтран ажилладаг. Орон нутгийн хүүхэд, залуус ESEL сургалтаас олж авсан мэдлэг, чадвараа бодитоор турших явдлыг дэмжиж, хүүхэд, залуучуудын боловсруулсан бичил төслийг санхүүжүүлж байна. “Шинэ хандлага, шинэ соёлыг дэлгэрүүлж, хүүхэд, залуус, ард иргэдэд хүргэнэ гэдэг амаргүй. Тиймээс би оролцоо, хандлагаараа суралцагчдад үлгэрлэж, хүүхдүүдээр дамжуулан олон нийтэд нөлөөлөхийг зорьдог” хэмээн Ш.Болор-Эрдэнэ ярьж байна. Тэрээр, 2023 оны 10 дугаар сард хосолсон сургалтын сургагч багш болсон. Мөн оныхоо 11 дүгээр сард сумандаа нэг анги нээж, 20 залуу элсүүлжээ. Энэ сургалтын агуулга, цаг адил боловч танхим бусаар хичээллэх зориулалтаар багш болон залууст таблет өгч, датагаар хангаж, сүлжээгүй байсан ч таблетаасаа хичээлээ үзэж боломж бүрдүүлжээ. Насанд хүрэгчид сурагчдаас ялгаатай нь, үзэж судалснаа таблет дээрээ давтаж, даалгавраа хийж илгээхээс гадна багаараа хамтарч ажиллахад хурд сэтгэхүй нь илүү, хурдан шаламгай байсан нь багш, залууст хичээлээ үзэж дуусах, төслөө бичих, хэрэгжүүлэхэд дөхөм байсан ажээ.
Түүний хувьд сургалт явуулна, бичил төслийг чиглүүлнэ, хамтрагч талуудтай мэдээлэл солилцож, дараагийн ажлын төлөвлөгөө боловсруулна, зорилтот бүлгийнхэнд мэдээлэл өгнө, Хүүхдийг Ивээх Сангаас заавар, дэмжлэг авч хөтөлбөрөө нутагшуулна гээд завгүй ажилладаг ч үндсэн ажлаа ч мартахгүй амжуулна. Сумандаа анхны ESEL хөтөлбөрийн багшаар ажиллаж эхэлснээс хойш 48 хүүхэд, залуусыг хөтөлбөрт амжилттай суралцуулж, төслийн хаалтын жил 24 суралцагчийг чиглүүлэн ажиллажээ. Түүний суралцагчдаас 15 нь дөрвөн баг болон “Бяцхан туслагч”, “Суран эдлэл”, “Урлахуй”, “Эко саван” гэсэн бичил төслүүд бичсэн нь шалгарчээ. Ш.Болор-Эрдэнэ сургуульд байгуулагдсан хүүхдийн оролцооны энтрепренер клубийн зөвлөх багшаар ажиллаж, энтрепренер үзэл санааг орон нутагтаа түгээхэд хувь нэмэр оруулж байна.
ESEL хөтөлбөрийн чиглүүлэгч багшаар ажиллахдаа суралцагчдын харилцаа хандлага, ялгаатай байдлыг нь ажиглан, хүн бүхэнд тохируулан сургах арга зүйг эрхэмлэдэг. Сурагч бүрийг нээлттэй, аливаад санаачилгатай болгоход анхаарч ажилласан нь үр дүнгээ өгсөн. Технологийн хичээлдээ ч ESEL сургалтын арга зүй ашиглаж байгаа нь ач холбогдолтой байна. Сурагчид багшдаа итгэж, сурах эрмэлзэл нэмэгдэж байгаа нь ажиглагдсан. Төсөл хэрэгжихээс өмнө зөвхөн хичээлээ цагт нь заагаад явж байлаа. Төслийн нэг хэсэг болсноор хувь хүний талаасаа илүү олон зүйлийг амжуулж сурлаа. Төгсөгчид маань бусадтай нээлттэй харилцдаг болж, харилцааны ур чадварт суралцсан. Аливаад санаачилгатай байж, төслийн давуу талыг олж харж, үр шимийг нь хүртэж байгаад баяртай байна. Өмнө нь өөр төсөл хөтөлбөрт хамрагдаж байсан ч одоогийнх шиг нас насны хүүхэд, залуустай ажиллаж байгаагүй. “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөлд хамрагдсанаар суралцагчид төдийгүй би өөрөө ч шинэ санааг үргэлж эрэлхийлдэг болсон. Төслийн үр шим, соёл манай сургуульд нутагшсан гэж Ш.Болор-Эрдэнэ эцэст нь өгүүллээ.