“Тоорхон” багийн тогооч хүүхдүүд

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн “Тогоочийн анги”-ийн суралцагчид уралдаант пич шалгаруулалтын үеэр “Бид сургуулийн орчиндоо эрүүл, шинэ бүтээгдэхүүнээр сурагчид болон багш нарт үйлчилмээр байна. Сургууль маань одоог хүртэл цайны газаргүй байгаа. Бид энэ хоосон орон зайг нөхөх болно. Та бүхэн бидний бэлтгэсэн бүтээгдэхүүнийг амтлаарай” гэж тайзан дээрээс итгэл төгс танилцуулж, үзэгчдэд амталгаа явуулж байсан хүүхдүүд өнөөдөр санасандаа хүрчээ.

Сургуулийн захиргаа тэднийг дэмжин буфет ажиллуулах өрөө гаргаж,  тохижуулж өгсөн байна. Сайн дурын багш Стин Миллер америк технологи, жор заасан ажээ.

“Өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренер боловсрол олгох” төсөл Сүхбаатар аймгийн зорилтот Онгон, Мөнххаан, Баяндэлгэр, Эрдэнэцагаан суманд амжилттай  хэрэгжиж, зорилтот бүлгээ тэллээ. Уг төслийг Мэргэжлийн боловсролын сургуульд хэрэгжүүлж туршихын зэрэгцээ хичээлийн албан ёсны хөтөлбөрт орж байгаа юм. Туршилтын хугацаанд хүүхдүүд ESEL хөтөлбөрт хамрагдаж, төсөл бичих чадварт суралцаж, бичил төслийн шалгаруулалтад оролцсон юм. Төлөөлөл болгож “Тоорхон” багийн гишүүн  Р.Азжаргал, Б.Хулан, А.Мөнхцэцэг, Б.Сүнжидмаа нарыг танилцуулъя. Тэд мэргэжилдээ дуртай. Үргэлж өсөн дэвшихийг хичээдэг нэг ангийн найзууд. Мэргэжлийн боловсролын сургуулийн сурагчид ерөнхий эрдмийн болон мэргэжлийн хичээлээр зэрэг суралцдаг тул сургууль дээр олон цагийг өнгөрөөдөг онцлогтой. Хүүхдүүд үдийн цайны цагаар сургуулиас зайтай байрлах дэлгүүрээр үйлчлүүлж, түргэн хоол, бэлэн бүтээгдэхүүн худалдаж авдаг байжээ. “Тоорхон” багийн гишүүд суралцаж буй мэргэжилдээ тулгуурлан сургуульдаа эрүүл, шинэ хүнс үйлдвэрлэхээр зориг шулууджээ. Энэ нь ч тэдний мөрөөдөл байв. Багийн гишүүд ESEL хөтөлбөрт хамрагдаж, хувь хүний чадварт суралцсан төдийгүй бизнес санаагаа төсөл болгон бичиж, төслийн санхүүжилт авсан юм. Сургуулийн захиргаа тэдний төслийг дэмжин тогоочийн ангийн тоног төхөөрөмжийг ашиглуулахын зэрэгцээ буфет ажиллуулах талбай гаргаж өгсөн нь том дэмжлэг болжээ.

“Тоорхон” багийн гишүүд ийнхүү үе тэнгийнхнийхээ эрүүл мэндэд санаа тавин сэтгэл гарган хөдөлмөрлөж, цаг хугацаа нь хэмнэж байна. Тэд хичээлээ давтаж, амжилттай суралцахын зэрэгцээ түүхий эдээ татан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ бол хувийн зохион байгуулалт шаардсан ажил билээ. Багийн гишүүн Р.Азжаргал “Бид ESEL хөтөлбөрөөс цагийн менежмент, хувийн зохион байгуулалтын талаар ихийг суралцсан. Багийн гишүүн бүр үүрэгтэй. Бүгд үүрэгт ажлаа хариуцан биелүүлэхэд хүндрэл гардаггүй. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд маань өдөртөө л зарагдаж дуусдаг. Сүүлийн үед харин ч эрэлт ихсэж байна. Тиймээс бид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмж байгаа. Зөвхөн бизнес хийж, орлого олох нь бидний чин зорилго биш. Ирээдүйд сайн тогооч болохын тулд туршлага хуримтлуулж, танхимд сурснаа амьдрал дээр туршин нутагшуулах нь чухал гэж боддог” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. “Тоорхон” төсөл анх америк жороор таван нэр төрлийн амттан үйлдвэрлэхээр төлөвлөж байжээ. Гэвч үйл ажиллагааны явцад дадлагажиж,  үйлчлүүлэгчдийнхээ саналыг харгалзан 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болов. Тэд өдөрт 90-110 мянган төгрөгийн орлоготой ажиллаж байна. Багийн гишүүн Б.Хулан “Хэдийгээр эрэлт байгаа ч нэг төрлийн бус шинэ, олон нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчлэх зорилготой. Бид  санхүүгийн болон үйлдвэрлэлийн сахилга батыг илүү сахиж, энэ чиглэлээр суралцахыг хичээдэг.  Шинэ бүтээгдэхүүнийг стандартын дагуу үйлдвэрлэхээс гадна шинээр жор гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэж ярилаа.

“Өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд ментор, көүчүүд амжилттай ажиллаж байна. Бизнес көүч бичил төслийг зах зээлтэй холбож, бизнесийн зөвлөгөө өгдөг бол менторууд туршлагаа хуваалцаж зөвлөн тусалдаг. “Тоорхон” багийн хамгийн ойрын ментор нь Стин Миллер багш юм. Тэрээр, амттан, хоол хийх америк жорыг “Тоорхон” багийнханд заасан ажээ.

Эдүгээ төслийн багийнхан багш, сурагчдадаа танигдсан үйлчилгээтэй, эргэлтийн хөрөнгөтэй, үйлдвэрлэлийн болон бизнесийн туршлагатай, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтын тоног төхөөрөмжтэй, холын зорилгоо харж ойлгосон, урам зоригтой энтрепренер  хамт олон болж, нийгмийн сүлжээнд бүтээгдэхүүнээ танилцуулж байна.