О.Халиун: Шинэ зүйлсийг туршиж үзэх, өөрийгөө сорих дуртай болсон
-Хурдлан давхих хүсэл төрүүлэгч “Галт шувуу” баг-
Ховд аймгийн Мөст сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангид О.Халиун охин суралцдаг. Охины аав, ээж малчин тул тэрээр сурагчдын дотуур байранд 2 дүүтэйгээ хамт амьдарч хичээл, сургуульдаа явдаг. Мөст сумын Ерөнхий боловсролын сургууль бол Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл хэрэгжиж буй зорилтот сургуулиудын нэг юм.
Аав, ээжээсээ хол, бас дүү нараа хариуцан завгүй сурч, амьдардаг хэдий ч О.Халиун охин амжилтаар арвин. 2021 онд 9-р ангид суралцаж байхдаа 8-12-р ангийн сурагчдад нээлттэй явагддаг “Энтрепренершипт суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” (ESEL) хөтөлбөрт хамрагдан амжилттай төгсөж, ангийнхаа дөрвөн хүүхэдтэй “Галт шувуу” нэртэй баг байгуулж, ролик, скүүтэр түрээслэх үйлчилгээтэй “Rolly Polly” төслөөр “Питч2” бичил төслийн тэтгэлэгт уралдаанд оролцож, тэнцсэн юм. Энэ бол Мөст сумаас бичил төслийн тэтгэлэг авсан анхны хоёр төслийн нэг байлаа. “Rolly Polly” төсөл тус суманд хэрэгжсэнээр хүүхдүүдэд чөлөөт цагаа найз нөхөдтэйгээ шинэ зүйл суралцан үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэх боломж бий болгожээ.
О.Халиун “ESEL сургалт намайг өөрчилсөн гэж боддог. Сургалтад хамрагдаагүй байсан би, сургалтаа төгсөж төсөл хэрэгжүүлсэн би хоорондын хооронд асар их ялгаа бий. Өмнө нь би хийх зүйлсээ сайн төлөвлөдөггүй, бусадтай харилцахдаа өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй, зөвхөн хичээлээ л хийдэг охин байлаа. ESEL хөтөлбөрт хамрагдаж багаар ажиллах, цагийн менежмэнт, бусадтай харилцах, илтгэх чадвар нэмэгдэж шинэ зүйлсийг туршиж үзэх, өөрийгөө сорих дуртай болсон” хэмээн өгүүлж байна.
Түүний хувьд 2023 оны 5 дугаар сард Ховд аймгийн “Баянбулаг” зусланд зохиогдсон “Entrepreneur leaders” манлайллын хөтөлбөрт өөрийн бичсэн эссэгээрээ шалгаран оролцсон бөгөөд тус оны 8 дугаар сард “Найрамдал” зусланд зохион байгуулагдсан “Бичил төсөл хэрэгжүүлэгч суралцагчдын туршлага солилцох уулзалт”-д Мөст сумын ESEL хөтөлбөрийн суралцагчдын олонхийн саналаар сонгогдон, сумаа төлөөлж оролцсон байна. Тэрээр “Сумандаа хамгийн мундаг нь гэж хүмүүсээр магтуулдаг байлаа. Харин бусад аймаг, сумын хүүхдүүдтэй уулзаад, өөрийгөө улам илүү хөгжүүлэх хэрэгтэй, суралцах зүйл ч их байгаа гэдгээ ойлгож, гадаад хэл сурахгүй бол болохгүй, хэрвээ би чадаж л байвал бүх зүйлийг оролдож үзэх хэрэгтэй гэсэн бодолтой болсон” гэлээ. Мөн “Хүүхдийн оролцооны үндэсний чуулган”-д Ховд аймгийн нийт ESEL төгсөгчдийг төлөөлөн оролцож, сургалтын үр дүнгийнхээ талаар илтгэл тавьсан нь түүний хувьд маш том хариуцлага, шинэ сорилт байв. Учир нь тус чуулганд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн зөвлөл, скаутын гишүүд, Улаан загалмайн гишүүд оролцсон үндэсний хэмжээний томоохон үйл ажиллагаа байсан ажээ.
О.Халиун охин төсөл хэрэгжүүлэхээс гадна ESEL сургалт төгссөн сурагчдын нэгдэл “Энтрепренер клуб”-ийн анхны гишүүдийн нэг болсон бөгөөд клубийн ахлагчийн үүргийг нэг жил хариуцан ажилласан байна. Тухайн хугацаанд клубийн 64 гишүүн болон Мөст сумын хүүхдийн зөвлөлтэй хамтран сумын иргэдэд сурагчдын хэрэгжүүлж буй бичил төслүүд, хүүхдийн оролцоотой клубийн үйл ажиллагааг танилцуулах, охидын эрхийг хамгаалах өдөрлөг зохиох, сумын Онцгой комисстой хамтран What3Words 10 долоо хоногийн аян хэрэгжүүлэх зэрэг олон ажлуудыг амжилттай гүйцэтгэжээ. Энтрепренер клубийнхаа талаар “Бусад клубуудтай харьцуулахад гишүүд нэг нэгнээсээ суралцах боломжтой учраас гишүүн бүр чадавхжиж байдаг. Доод ангийн сурагчид дээд ангийн төсөл хэрэгжүүлсэн ах, эгч нараасаа тусламж авах, хамтарч төслийг нь хэрэгжүүлэх, төгсөөд явахад төслийг нь үргэлжлүүлэх гэх мэтийн олон онцлогтой” гэж тодорхойлсон юм. Тус сургуулийн “Гэрэлт ирээдүй” энтрепренер клуб нь сургуулийнхаа хэмжээнд хамгийн олон гишүүнтэй клуб бөгөөд 2023 онд зохион байгуулсан үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн ажлын тоогоороо сумын хүүхдийн оролцоот клубуудаасаа 2-р байрт орсон амжилттай байгаа юм.
Тэрээр ESEL хөтөлбөрт хамрагдаж, бичил төсөл хэрэгжүүлж, энтрепренер клубийн идэвхтэй гишүүн байснаар өөртөө олж авсан мэдлэг, туршлагаа ашиглан урам зоригтойгоор өөрийгөө олон зүйлд сорьж байна. Тухайлбал, 2023 оны хавар “Rolly Polly” төслийг хамт хэрэгжүүлсэн ангийн найз Т.Баярцэцэгтэй хамтран НҮБ-ийн Хүүхдийн сангаас зохиосон төслийн уралдаанд “Зөв хооллолт-амьдарлын үндэс” төслөөр оролцож, 4 сая төгрөгийн санхүүжилт авч сумандаа амжилттай хэрэгжүүлжээ.
Монгол орны алс баруун хязгаар Ховд аймгийн Мөст сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч О.Халиуны амжилтын түүхийг хуваалцахад ийм байна.