Б.Хонгорзул:Төсөл хэрэгжүүлэхэд цагийн менежмент, багийн гишүүдийн тэгш оролцоо хамгийн чухал

Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд Ховд аймгийн Алтай суманд хэрэгжсэн “Бяцхан үйлдвэрлэгчид” төслийн багийн ахлагч Б.Хонгорзултай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

– Багийнхаа гишүүд болон хэрэгжүүлсэн төслийнхөө талаар товч танилцуулна уу?

– Намайг Б.Хонгорзул гэдэг. Ховд аймгийн Алтай суманд Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд одоо Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн ангийн 1-р курсад суралцаж байна. Би 9-р ангид байхдаа буюу 2021 оны намар “Энтрепренершипт суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” (ESEL) хөтөлбөрт сонгогдож суралцсан. ESEL ангийнхан дундаас манай ангийн М.Батхүлэг, Г.Цэнд-Аюуш, 10-р ангийн Д.Ану эгч бид дөрөв өөрсдийн сонирхлоор нэгдэн “Азын дөрвөн бэрх” нэртэй төслийн баг байгуулсан. Намайг ковидын үеэр лаа, саван хийх цахим сургалтад суусныг багийнхан маань мэдээд бид суралцангаа хамтдаа энэ санааг хөгжүүлье гэж ярилцснаар төслөө бичиж эхэлсэн юм.

МУИС-ийн Эдийн засгийн ангийн 1-р курсын оюутан, “Азын дөрвөн бэрх” багийн ахлагч Б.Хонгорзул

-Питч уралдааны үеэр яагаад туршилт хийж үзүүлсэн бэ? 

Сургалтаа төгссөний дараа Питч уралдаан зарлагдахад бид нар оролцох эсэхдээ эргэлзэж байхад манай чиглүүлэгч Г.Шинэбаяр багш биднийг өөрсдийгөө сориод төсөл бичээд үзээч гэж зөвлөсөн. Үүний дагуу уралдаанд оролцож, сумаас оролцсон багууд дундаас хамгийн өндөр оноотой шалгарч төслөөс 2,5 сая төгрөгийн санхүүжилт авч чадсан. Хүмүүс өөхөн тосны саванг сайн хөөсөрдөггүй гэдэг буруу ойлголттой байдаг болохоор Питч уралдаанд өөрсдийн хийсэн савангаараа юм угааж, толбыг нь арилгаж харуулж байсан.  Анх бид хоёр төрлийн саван, дөрвөн төрлийн лаа үйлдвэрлэж эхэлсэн. Манай сургуулийн захирал биднийг дэмжиж сар бүр 100 ширхэг саван, 10 ширхэг лааг сургуулийн хэрэгцээнд тогтмол авах захиалга өгсөн нь бидний хувьд хамгийн анхны бөгөөд хамгийн том хариуцлагатай захиалга байлаа.

– Бичил төсөл хэрэгжүүлэхийн хамгийн сайхан нь бас хамгийн  эрхшээлтэй зүйл нь юу байв. Хэрхэн даван туулсан бэ?

-Санхүүжилт аваад төслөө хэрэгжүүлэх боллоо гэдэг мэдээг сонсох маш гоё байсан. Анх төслөө хэрэгжүүлж эхлэхэд чадах болов уу, хүмүүс бидний бүтээгдэхүүнийг авах болов уу гэсэн айдас бас зэрэгцэж байсан. Тийм болохоор маш их хариуцлага мэдрэгдсэн. 10 жилдээ байхдаа том хүмүүс шиг л гарааны бизнесээ эхлэнэ гэхээр маш гайхалтай. Зарим түүхий эдээ хотоос авахад хүргэлт, унаа, автобус, авто машинд дайгаад өгөх хүн хотод байхгүй гэх мэт асуудлаас болоод бүтээгдэхүүний гарц муудаж байсан болохоор багаараа ярилцаад түүхий эд, лааны шилээ хотоос авахгүй байх шийдлийг олсон. Бид нар бүгдээрээ малчин айлын хүүхдүүд болохоор өөхөн тосоо өөрсдөө гэртээ цуглуулж, лааны шилээ манай суманд хэрэгжиж байсан “Хоёр дахь түүхий эд, шил болон хуванцар саваар бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь” бичил төслийн багийнхнаар захиалгаар хийлгэдэг болсон.

-Төслийн үр дүнгээсээ танилцуулбал?

Бидний байнгын үйлчлүүлэгчид, сумын нялх хүүхдүүдтэй ээжүүд сүүлний тосоо авч ирээд бид нараар саван хийлгэдэг байсан. Хэн, ямар орцтой, хэрхэн хийсэн гэдгийг мэдэж байгаа болохоор хүүхдийнхээ хувцсыг угаахдаа харшлах вий, хордох вий гэсэн айдасгүй байдаг гэж ээжүүд хэлдэг. Энэ нь ч бидэнд урам өгсөн. Тиймээс үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тулгуурлаж өөхөн тос, сүүлний тос, шар буурцгийн тосны гэх зэргээр бүтээгдэхүүний төрлөө нэмэгдүүлж, 6 төрлийн саван, 12 төрлийн лаа, ванны бөмбөлөг, ванны давс, нүүрний тос, маск хийдэг болж өргөжсөн. Фэйсбүүк хуудас нээж ажиллуулснаар зэргэлдээ сумын хэрэглэгчид нэмэгдэж захиалга өгдөг болсон. Биднээс нэг удаа бүтээгдэхүүн авсан хүн дахиж авдаг нь “Бид нар хийж чадаж байгаа юм байна” гэсэн итгэл өгнө. Багаараа аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шалгаруулдаг “Оны шилдэг хүүхдүүд” номинацийн эзнээр 2022 онд шалгарсан нь том амжилт байлаа.  Бид сургуулиа төгсөхдөө ESEL төгсөгч дүү нартаа төслөө өвлүүлж үлдээсэн. Тэд одоогийн байдлаар захиалга авч бүтээгдэхүүнээ хийж байгаа.

– Хичээлийнхээ хажуугаар бичил төсөл хэрэгжүүлэхдээ цагаа хэрхэн зохицуулдаг байв?

Хичээлийн хажуугаар бичил төсөл хэрэгжүүлэхэд цагийн менежмент, багийн гишүүдийн тэгш оролцоо хамгийн чухал. Тэгж байж л даалгавраа ч хийж, дуртай зүйлдээ ч цаг гаргана. Жишээлбэл, манай багийн хувьд Д.Ану эгч бид хоёр лаа, саван зэрэг бүтээгдэхүүнээ хийж, Г.Цэнд-Аюуш үйлчлүүлэгчдээс захиалга авч, М.Батхүлэг бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт,  санхүүгийн бүртгэлийг хариуцдаг байсан.

-Төсөл хэрэгжүүлснээр хувь хүний хөгжилд нь хэрхэн нөлөөлсөн бэ?

ESEL сургалтад хамрагдахаас өмнө би өөрийгөө юуг сайн чадах вэ гэдгээ ч сайн мэддэггүй байж. Хэрвээ ESEL сургалт байдаггүй, төсөл хэрэгжүүлээгүй байсан бол би өөрийгөө сайн нээгээгүй байх байсан, магадгүй одоо МУИС-т суралцаж байх эсэхээ ч мэдэхгүй. Хүмүүс намайг хөдөөгийн сумын 18 настай хүүхэд байж төсөл хэрэгжүүлээд орлого олж байсан гэхэд маш өндрөөр үнэлдэг. Энэ туршлага нь миний хувийн намтарт маш том орон зай эзлээд зогсохгүй надад тохиосон хамгийн том аз байсан гэж бодож байна. Миний мэргэжил сонголтод ч эерэгээр нөлөөлсөн. Манай багийн бүх гишүүдэд төсөл хэрэгжүүлснээр өөрчлөлтүүд гарсан байх. Бид нар бүгдээрээ гадаад, дотоодын их сургуулиудад амжилттай суралцаж байна.

-Танд нэмж хуваалцах сэтгэгдэл байна уу?

Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлсэн төсөлд манай сум сонгогдож, тэр олон хүүхэд байхад ESEL-ийн анхны сургалтад би сонгогдсондоо маш азтай гэж боддог. Манай аав “Миний охин ямар мундаг юм бэ, миний охин бүтээгдэхүүн хийгээд, тэрийг нь би өөрөө хэрэглээд, охиныхоо амжилтын талаар ярилцлага өгөөд, ийм олон хүнд хүрнэ гэж бодож байгаагүй” гэж бахархан хэлж байсан. Хүүхдийг Ивээх Сангийн дэмжлэгээр ангийн найзуудтайгаа нийлэн бичил төсөл хэрэгжүүлж, сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулсандаа маш баяртай байдаг. Төслийн хамт олонд баярлаж талархаж буйгаа илэрхийлэе.

Бидэнтэй ярилцсанд баярлалаа.