Загварчилж өөрчлөн, эх дэлхийгээ амраацгаая

Монгол орны баруун хязгаар Ховд аймагт “Энтрепренершипт суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” (ESEL) хөтөлбөрийн төгсөгчдөөс 343 нь  сум орон нутаг, сургуулийнхаа нийгмийн асуудлыг шийдсэн 226.7 сая төгрөгийн санхүүжилт бүхий 86 бичил төсөл амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Энэ удаад хуучин хувцсыг хог хаягдал болгохгүйгээр өөрчлөн шинэлэг өнгө төрх бүхий хувцас бүтээж, хямд үнээр зах зээлд нийлүүлснээр хэрэглэгчдэд хувцасны зохистой хэрэглээний соёл бий болгох зорилготой “Загварчилж өөрчлөе” төслийг онцолж байна. Тус төслийг Ховд аймгийн Хөгжил политехник коллежийн оёдолчин мэргэжлийн ангийн 3-р курсийн оюутнууд болох Г.Цолмон, Г.Наранцэцэг, Ө.Оюундэлгэр, Б.Одонтуяа нар хэрэгжүүлдэг. Тэд 2024 оны 2-р сард “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд зохиогдсон Питч-7 бичил төслийн уралдаанд “Загварчилж өөрчлөе” төслөөр оролцож, 3 сая төгрөгийн санхүүжилт авсан юм. Санхүүжилтээрээ оёдол болон хэрээсний машин, эсгүүрийн ширээ, утас, индүү гэх мэт хэрэгцээтэй тоног төхөөрөмж, хэрэгслүүдээ авч үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

 

Хувцас үйлдвэрлэл бол дэлхий дээр хог хаягдал бий болгодог хоёрдогч том салбар учраас байгалиа хамгаалахад өөрсдийн хувь нэмрээ оруулахын тулд энэхүү төслөө санаачилжээ. Тэд хувцас засах, хасах үйлчилгээ үзүүлэхээс гадна хуучин хувцсыг бүтэн болон хагас задаргаатайгаар загвар дизайныг нь өөрчилж, зүүмэл урлалаар чимэглэдэг.  Хагас задаргаагаар ханзалж оёсон бүтээлүүд нь 2000-10000 төгрөгийн үнэтэй зарагддаг бол бүтэн оёдлыг нь ханзалж шинээр загварчилсан хувцаснууд арай өндөр үнэтэй байдаг.  Мөн хаягдал материал, өөдөс ашиглаж зүүмэл урлалаар дэрний уут, сандлын зөөлөвч, ханын чимэглэл зэрэг жижиг эдлэлүүд урлаж, борлуулдаг. Ажлын хормогч, малгай, ажлын өмд, цамц, бээлий, улавч, хувцасны уутны захиалга их орж ирдэг байна. Тэдний багийн уламжлал болгон зохион байгуулдаг нэг үйл ажиллагаа бол хувцас хэрэглэлээ солилцох зорилготой “Холио-Солио” өдөрлөг юм. Өдөрлөгөөр сургуулийн хэмжээнд үйл ажиллагаагаа танилцуулах, загварчилж шинэчилсэн хувцсаа зарж борлуулах, хуучин хувцсыг хандиваар авах, бартер хийж материалаа цуглуулах ажлууд хийгддэг.

 

Багийн гишүүн Б.Одонтуяа “Бид манай сургууль дээр мэргэжлийн ангийн оюутнуудын дунд зохиогддог “Охидын жавхаа” хувцас загварын уралдаанд авангард загварын төрөлд хуучин хувцсыг загварчилж өөрчилсөн хоёр бүтээлээрээ оролцож, 1, 2-р байр эзэлсэн. Энэ бүхэн бидэнд маш их урам өгсөн. Бид оюутнуудад хуучин хувцасаа хаяхгүйгээр өөрчилж өмсөх боломжтой гэсэн хандлага бий болгоход нөлөөлсөн гэж өөрсдөөрөө бахархаж байгаа” гэв.

Төслийн багийн охид тус бүртээ хариуцсан үүргээ чамбай гүйцэтгэж байна. Ө.Оюундэлгэр эсгүүр, Г.Наранцэцэг хуучин хувцас ханзлах, материал бэлдэх, Г.Цолмон оёдлын өмнөх болон дараах индүүдлэг, Б.Одонтуяа хэрээсийг хариуцдаг бөгөөд бүгдээрээ хамтран загвараа гарган оёж, борлуулалт маркетингаа хийдэг.

Анх бичил төслөө хэрэгжүүлэхэд техник ур чадвар, туршлага дутагдаж байсан тул эхлээд өөрсдийн хувцас хэрэглэлээ өөрчилж туршиж үзэж, мэргэжлийн оёдлын Ш.Цэнгэл багшаасаа зөвлөгөө, дэмжлэг авснаар чанартай бүтээлүүд хийж эхэлсэн байна. Бүтээлүүдээ борлуулахад маркетинг, сурталчилгаа чухал гэдгийг ойлгож хоёр дахь удаа “Холио солио” өдөрлөг зохиохдоо www.newkhovd.mn цахим хаягаар дамжуулан төслөө олон нийтэд сурталчилжээ.

Багийн гишүүн Ө.Оюундэлгэр “Манай багийнхан өөрсдийн бүтээлүүдээ “Эвийн хүч” худалдааны төв дээр танидаг эгчийнхээ лангуугаар борлуулахаар тохиролцсон. Тиймээс захиалгат бүтээлүүдээсээ гадна борлуулах зүйлсээ нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Бид энэ өвөл сургуулиа төгсөж оёдолчин мэргэжлийн гэрчилгээгээ авна. Цаашдаа энэ багаараа төслийнхөө үйл ажиллагааг үргэлжлүүлж, орлого олдог бизнес болгох төлөвлөгөөтэй байна” хэмээн цаашдын төлөвлөгөөгөө хуваалцлаа.

“Загварчилж өөрчлөе” төслийн багийнхан өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлж, байгаль дэлхийгээ түр ч гэсэн амраацгаая хэмээн уриалж байна.