Олуулаа оролцож хөгжих Лийдэр клубийнхэн
Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд таван аймгийн зорилтот сумуудад нийт 41 энтрепренер клуб ажиллаж байна. Эдгээрийн нэг бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн энтрепренер клуб юм.
Тус сургуулийн ESEL хөтөлбөр төгсөгч хүүхэд, залуус санал бодол, асуудлаа ярилцах, бие биедээ харилцан тусалж, олны хүч оломгүй далай гэдэг үгийн утгыг харуулахын тулд нэгдэж, Лийдэр клуб байгуулжээ. 9-12 дугаар ангийн 120 гаруй сурагч гишүүнтэй. Өнөөдөр тэд үе тэнгийн хүүхэд, залуучууд, орон нутгийн иргэд, нийгмийн сайн сайхны төлөө дуугарч, өөрсдийн оролцоог бий болгож, өөрийн сургууль төдийгүй амьдарч буй орчиндоо тулгарсан асуудлуудаа шийдвэрлэж эхлээд байна. Энэ бүхэн тэдний суралцсан ESEL хөтөлбөрөөс эхлэлтэй бөгөөд тэнд ирээдүйн нийгэмд чадварлаг иргэн, сайн хамтрагч, бусдыг ойлгож, танин мэдэх, өөрийгөө бусдад зөвөөр илэрхийлэх зэрэг олон олон чадваруудыг эзэмшжээ.
Клубийн ахлагч, 11-р ангийн сурагч Д.Хонгорзул “Бид анх энтрепренер клубээ байгуулахад 20 гаруй сурагч ирж байлаа. Одоо 120 гаруй гишүүнтэй. Клубийн үйл ажиллагаагаа зохион байгуулахад бэрхшээл багагүй тохиолдсон. Тэр үед багаараа хуралдаж, ажлын төлөвлөгөө гаргах, бэрхшээлүүдээ даван туулах, санал санаачилга гаргах, гишүүн бүрийн чөлөөтэй цагийг тохируулж үйл ажиллагаагаа зохион байгуулах гээд аль болох уян хатан шинэлэг аргаар ажиллахыг хичээсэн” хэмээн ярьж байна. Хүүхдийн оролцооны байгууллага тул санхүүжилт, боломжит хугацаагаа тооцож, аль болох боломжтой ажлуудыг сонгож хийдэг байна. Зайлшгүй шаардлагатай 1-2 ажил дээр санхүүжилт олох, иргэд, олон нийтийг уриалж, хийж буй ажил, санаачилга бүрээ сургуулийнхаа болон аймаг орон нутгийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ тогтмол түгээн ажиллаж байгаа аж. Клубийн удирдах зөвлөлийн гишүүн 11-р ангийн сурагч Ө.Энхбаясгалан “Бид өөр өөр өнцөгөөр харж, сэтгэн бие биеэ нөхөж, ямар нэг ажил хийхдээ нэг хүн шиг нэгддэг. Олон дурсамж бүтээн, туршлага хуримтлуулж байгаа. Клубийн сонирхолтой олон үйл ажиллагааны үр дүнд хүүхдүүдийн оролцоо нэмэгдэж байна” гэлээ. Тэдний үйл ажиллагааг эцэг эх, хүмүүс ойлгож, дэмжих болжээ. Үүний нэг жишээ бол клубийнхний 2023 онд анх санаачилсан “Гэрэл түгээе” аян юм. Сурагчид аймгийнхаа “Найрамдал” хотхоны орц бүрийг мэдрэгчтэй гэрэлтэй болгох, түүгээр гарч орж, хичээлдээ явж буй сурагч бүрийн аюулгүй байдлыг хангах санаачилга гаргаж, сургууль болон аймгийнхаа хэмжээнд хандивын аян зохион байгуулжээ.
Учир нь нэг орцонд таван гэрэл хэрэгтэй бол нэг мэдрэгчтэй гэрэл 150,000 төгрөг байсан тул сурагч дангаараа шийдэх боломжгүй байв. Ингээд сурагчид болон эцэг эхийн санаачилгаар таван орцыг гэрэлтэй болгосон бол 2024 онд Сүмбэр сумын Засаг дарга болон Төслийн сумын зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, санаачилгаа санхүүжүүлж, дэмжин хамтран ажиллах санал гаргаж, хоёр удаа уулзалт зохион байгуулжээ. Сумын удирдлагууд энэхүү аяныг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Энэ бол хүүхдүүдийн оролцоо, санаачилга чухал гэдгийг харуулсан нэг ажил болж чадсан хэмээн клубийн гишүүд үзэж байгаа юм.
Сурагчид оролцоонд тулгуурлан энтрепренер клуб байгуулах, үйл ажиллагаа явуулах, нэгдэх, хамтарч ажиллах нь амжилт, сайн эхлэл юм. Дашрамд өгүүлэхэд энтрепренер буюу entrepreneur гэдэг үг нь Франц хэлний хийх, оролдох гэсэн утгатай entreprendre гэсэн үйл үгнээс гаралтай гэдэг. Тиймээс сурагчид ч өөрсдийн байгуулсан клубээрээ дамжуулан хүүхдүүд, иргэд, нийгэмд тулгарч байгаа бэрхшээлийг шийдэх, гарц хайх, эрэл хийх, түүнийгээ шийдвэрлэж, мөрөөдлийнхөө төлөө алхам алхамаар тэмүүлсээр байна.