Э.Сарнай: Цэцэг урлан ээждээ бэлэглэх санаагаа бизнес болгосон

Тэрээр бизнесийн санаагаа хэрхэн олсон талаараа “Анх би ээждээ олон улсын эмэгтэйчүүдийн баяраар амьд цэцэг авч өгөхөөр сумынхаа дэлгүүрүүдээр хайсан боловч амархан үхдэг болохоор авчирч худалддаггүй тухай мэдсэн. Хиймэл цэцэг авч өгөхөөр нэг л сэтгэлд хүрэхгүй болохоор мөнхийн цэцэг өөрийн гараар урлан ээждээ бэлэглэвэл их баярлана даа гэж бодсон юм. Харин хэрхэн хийх талаар олон хоног бодсоны эцэст ээжийнхээ нэхмэл бугуйвч хийж байхыг хараад нэхэх санаа анх төрсөн” хэмээн ярьж байна. Ийнхүү хайр дүүрэн сэтгэл нь хобби болж, үүнийгээ бизнес болгож, ганцаараа биш олуулаа урлахаар яваа охиныг Э.Сарнай гэдэг. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч. Сумынхан нь түүнийг “Нэхмэлчин охин” гэж мэднэ. Харин ESEL хөтөлбөрийн багш нар нь тууштай, хамтын сэтгэлгээтэй энтрепренер сурагч гэдгээр нь андахгүй. Учир нь Э.Сарнай санаагаа гаргаснаас хойш нэг жилийн хугацаанд өргөжүүлэн малгай, ороолт, хичээлийн багц, тор, цүнх, бугуйвч, түлхүүрний оосор зэрэг хориод нэр төрлийн бүтээгдэхүүн урлаж, Alex hand made гар урлалын фэйсбүүк хуудсаар дамжуулан худалдаалж эхэлжээ. Түүний хувьд ихэвчлэн youtube-ээс шинэ санаа хайдаг бөгөөд хамгийн ойрын зөвлөгчид нь технологийн багш Баттуул, Ариунгэрэл юм. Тэрээр багш нарынхаа тухай “Эргэлзэх үед хүч өгдөг хүмүүс миний тууштай байх үндэс болдог. Технологийн багш нар маань надад анх “Судар эгшиглэн” төслийн тэмцээнд нэхмэлийн хичээлийн багцаараа оролцохыг зөвлөсөн. Энэ тэмцээнд амжилттай оролцсон маань надад урам зориг өгч, үргэлжүүлэх хүсэл төрүүлсэн” гэж ярьж байна.

Э.Сарнай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хичээлийн бус цагаараа явуулдаг тул цаг зав хомс. Гэхдээ дуртай зүйлээ хийж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Түүний сургууль дээр хэрэгжиж байгаа Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершип боловсрол олгох” төслийн ESEL хөтөлбөрийн багш нар нь түүний тэмүүллийг дэмжиж, хөтөлбөрт хамрагдахыг санал болгожээ. Тэрээр ESEL хөтөлбөрт хамрагдсанаар хувь хүний хөгжил, өөрийгөө олж нээх бусдыг болон өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ойлгох, бүтээмжтэй байх, багаар ажиллах, харилцааны ур чадваруудад суралцжээ. Хамгийн чухал нь шинэлэг санаа гадаад ертөнцөд байдаггүй, өөрийн дотоодод байгаа чадвараа хүрээлэн байгаа орчныхоо хэрэгцээнд тулгуурлан тууштай хэрэгжүүлэх явдал гэдгийг ойлгосон байна.

Тиймээс Э.Сарнай хэрэглэгчдийн эрэлтэд тулгуурлаж багаараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, миний биш бидний бизнесийг бүтээхийн тулд хөтөлбөрөөс олсон мэдлэг, чадвараа төсөл болгохоор шийджээ. Ингээд “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершип боловсрол олгох” төслийн бичил төслийн шалгаруулалтад оролцож, гурван шатанд тэнцэн багаараа 3,5 сая төгрөгийн санхүүжилт авчээ.

Шалгаруулалтын үеэр “Танай төслийн онцлог юу вэ?” гэсэн шүүгчдийн асуултад багийн гишүүд “Бид багаараа хөгжинө. Бүтээгдэхүүн борлуулах бидний зорилго ч сурсан мэдсэнээ нэг нэгэндээ зааж сурган бүтээгдэхүүн гаргах нь бидний зорилго” хэмээн хариулж байв. Тиймээс ч Э.Сарнай өөрийн сурсан нэхмэлийн арга техникээс зааж, багийн гишүүд нь худалдан авалт, сошиал маркетингийн мэдлэгээ харилцан хуваалцан, төслөө амжилттай хэрэгжүүлж байна. Тэд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн орлогоосоо тодорхой хувийг нэхмэл урлал сонирхсон найз нөхөд, дүү нартаа заах үйлсэд зориулахаа ч мартаагүй юм.

Түүний хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тулгардаг асуудлын нэг бол шинэ бүтээгдэхүүний эхний хувилбар гаргах. Учир нь аргаа гартаа оруулахын тулд цаг их зарцуулна. Харин багаар ажиллаж эхэлснээс хойш шинэ бүтээгдэхүүн гаргах, гарсан загварыг дахин үйлдвэрлэхэд зарцуулах цагаа хэмнэж чаджээ. Тэд үргэлж өөрсдийгөө хөгжүүлэн, шинэ бүтээгдэхүүний эрэл хайгуул хийдэг бөгөөд ойрын хугацаанд зуны гоёлын даашинз, цүнх урлахаар төлөвлөөд байна.

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершип боловсрол олгох” төслийн хэмжээнд Сүхбаатар аймгийн зорилтот Мөнххаан, Баяндэлгэр, Онгон, Эрдэнэцагаан сумын 1079 хүүхэд, залуус ESEL хөтөлбөрт хамрагдан төгсөж 435 хүүхэд залуус бичил төслийн шалгаруулалтад оролцсоноос шалгарсан 194 хүүхэд, залуус нийт 44 бичил төсөл сум, орон нутагтаа хэрэгжүүлж байна.